Энэ оны гуравдугаар сард инфляц 7.4 хувьтай гарахад мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улирлын шинжтэйгээр хавар, зуны эхэн сард мах, хүнсний ногооны үнэ өсдөг нь инфляцыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. Мөн геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлын нөлөөгөөр энэ сараас АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ дунджаар 30 орчим хувиар өссөн. Дизель түлшний үнэ гэхэд 34 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна бордооны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсээд байгаа нь хүнсний ногооны ургацад сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Эдгээр хүчийн зүйлсийн улмаас энэ улиралд инфляц зорилтот түвшнээс давах эрсдэл байгааг Монголбанкнаас онцолж, жилийн инфлцыг 9.9 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж буйгаа эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг танилцуулах үеэрээ мэдээллээ.
Тэгвэл энэхүү өсөлтийг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй байх тал дээр Төв банкнаас ямар бодлого барих вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Зах зээлийг тогтвортой байлгах, стратегийн болон үйлдвэрлэлийн орцын бараа бүтээгдэхүүний импортын төлбөр тооцоог саатуулахгүй байх, мөн валютын ханшид дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна. Төв банкнаас янз бүрийн хөтөлбөрөөр дамжуулан зах зээлд нэмэлт мөнгө нийлүүлэхээс зайлсхийж, гадаад хүчин зүйлээс үүдэлтэй инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна.
Гадаад шок-ын эрсдэл өндөр байгаа энэ үед үнэ тогтворжуулах, ханшид хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг арга хэмжээ авах нь тохиромжгүй. Ер нь үнэ тогтворжуулах хөтөлбөр нь маш буруу. Харин үүнээс илүү нийлүүлэлтийнхээ бүтэн сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэж бизнесийг болон ард иргэдээ дэмжих ёстой. Бидэнд хаана дутагдал үүсэж байна вэ, төрийн оролцоог яг хаана хийх ёстой юм. Ямар дэмжлэгтэй байх вэ гэдгийг бодох л хэрэгтэй