Open iToim app
Улс төр | 2 мин уншина

СЕХ: Р.Батболд гишүүн намаасаа хөөгдсөн ч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхгүй

СЕХ: Р.Батболд гишүүн намаасаа хөөгдсөн ч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхгүй
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 29
УИХ-ын 2024 оны сонгуульд ИЗНН-аас жагсаалтаар 12 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд үүнээс ИЗНН-ын дарга Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира нарын дөрвөн хүн УИХ-ын гишүүн болсон.
Тэгвэл дөрвөн суудал авсан ИЗНН дотроо хагаралдаж УИХ-ын гишүүн Р.Батболд Онц их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг чөлөөлж, өөрөө намын дарга болсон. Ингээд УДШ-д өөрийгөө намын даргаар бүртгүүлэх саналаа хүргүүлсэн ч бүртгэж аваагүй. Тиймээс ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэвээр үлдэж, харин УИХ-ын гишүүн Р.Батболдыг намаасаа хөөсөн юм.
УИХ-ын гишүүн Р.Батболд намаасаа хөөгдөж байгаа учраас УИХ-ын гишүүнээс татагдаж, түүний дараа жагсаалтад бичигдсэн хүн УИХ-ын гишүүн болно гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болохх 5 үндэслэл бий. Эдгээр 5 үндэслэлийн аль нь ч Р.Батболд гишүүнд хамаарахгүй учраас эгүүлэн татагдаж жагсаалтын дараагийн хүн УИХ-ын гишүүн болно гэсэн хууль байхгүй. Намаасаа хөөгдлөө гээд сул гишүүн болно" гэсэн юм.
УИХ-ын тухай хуульд:
9 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
9.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
9.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
9.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
9.1.5.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
9.1.6.нас барсан.
9.2.Улсын Их Хурал энэ хуулийн 9.1.2, 9.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргана. Энэ хуулийн 9.1.1, 9.1.6-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
9.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
9.4.Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн