Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Л.Энх-Амгалан: Төрөлт буурч байгаа учраас цэцэрлэгийн ачаалал багасаж, зарим нь хаагдах эрсдэлд хүрээд байна

Л.Энх-Амгалан: Төрөлт буурч байгаа учраас цэцэрлэгийн ачаалал багасаж, зарим нь хаагдах эрсдэлд хүрээд байна
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 29
1990-2005 оны хооронд Монгол Улсад төрөлтийн түвшин мэдэгдэхүйц буурсан нь өнөөгийн хүн ам зүйн бүтэц, боловсролын салбарын ачаалалд шууд нөлөөлжээ. Тухайн үед төрсөн бага тооны хүүхдүүд өнөөдөр хөдөлмөр эрхлэх, гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх насандаа хүрч байгаа ч төрөлтийн өсөлтийг богино хугацаанд нөхөх хэмжээний үе хараахан бүрдээгүй байна. Статистик тоон үзүүлэлтээс харахад 2014 онд 80 гаруй мянган хүүхэд төрж байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 60 мянга болж буурсан нь төрөлт багасаж байгааг илтгэнэ. Үүнтэй уялдан боловсролын салбарт үе шаттай ачааллын шилжилт ажиглагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд их төрөлтийн үеийн хүүхдүүд цэцэрлэгийн насанд хүрэхэд цэцэрлэгийн хүрэлцээ хомсдож, дараа нь ерөнхий боловсролын сургуулийн суудал дутагдах асуудал үүсч байсан. Харин одоо тэр үеийн олон хүүхэд дээд боловсролын шатанд шилжиж байгаа тул ойрын жилүүдэд их, дээд сургуулийн багтаамжид дарамт үүсэх магадлалтай юм. Нөгөө талаас, төрөлтийн түвшин буурч буй нөхцөлд боловсролын байгууллагын хэрэгцээ ч мөн адил шат дараатайгаар буурах хандлагатай. Ойрын жилүүдэд цэцэрлэгийн эрэлт багасч, өмнө нь хүрэлцэхгүй байсан бол илүүдэл үүсэх нөхцөл бүрдэнэ. Үүний дараа 5-6 жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн суудлын хэрэгцээ мөн адил буурч эхлэх төлөвтэй байна. Цаашлаад 15-20 жилийн дараа их, дээд сургуулийн эрэлт ч багасах хандлага ажиглагдаж болзошгүй.
Ийм нөхцөлд боловсролын дэд бүтцийн төлөвлөлтийг хүн ам зүйн бодит мэдээлэлтэй уялдуулан хийх шаардлага үүсч байна. Мэргэжилтнүүдийн зүгээс төрөлтийн бууралтыг харгалзан үзэлгүйгээр их хэмжээний цэцэрлэг, сургууль шинээр барих нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, нөөцийн буруу хуваарилалт болох эрсдэлтэйг анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн төлөвлөлт бодит хэрэгцээнээс зөрж, ирээдүйн ачааллыг зөв тооцоолохгүй байгааг шүүмжилж байгаа юм. Хүн амын статистик мэдээлэл тогтмол шинэчлэгдэн гарч байгаа ч бодлого, төлөвлөлтөд оновчтой ашиглахгүй байгаа нь асуудал болж байна. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг урт хугацааны хүн амын статистик мэдээлэлтэй уялдуулж, үе шаттай шийдлүүдийг хэрэгжүүлэх нь илүү үр ашигтай болохыг судлаачид онцолж байна.
Сүүлийн жилүүдэд төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотойгоор цэцэрлэгийн ачаалал мэдэгдэхүйц багасаж, зарим цэцэрлэгүүдийн ашиглалт буурч, цаашлаад хаагдах эрсдэл үүсээд байна. Ийм нөхцөлд хүчин чадал дутуу ашиглагдаж байгаа цэцэрлэгүүдийг хотхоны бага сургууль болгож, зохион байгуулалтыг шинэчлэх бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрээр "Бид 5 настай хүүхдүүдийн сургуулийн хүртээмжийг 98 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Ирэх жил эдгээр хүүхдүүд сургуульд орно. Сургууль бол өдөр өнжүүлэх биш, жинхэнэ сургалтын байгууллага учраас цэцэрлэгийн насанд хүүхэд бүр ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ гэдгийг тодорхойлсон сургалтын хөтөлбөрийг сургуулийн өмнөх боловсролын түвшинд боловсруулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийслэлд 3000-аас дээш сурагчтай гурван сургууль, 40-өөс дээш хүүхэдтэй 1000 гаруй анги байна. Ийм ачааллыг бууруулахын тулд эхний ээлжинд эдгээр сургуулиудыг задлан зохион байгуулж, төрөлжсөн ахлах сургуулиуд болгон хөгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаатай холбоотойгоор цэцэрлэгийн ачаалал багасаж, зарим нь хаагдах эрсдэлд хүрээд байна. Тиймээс өмнө нь баригдсан, ашиглалт багассан цэцэрлэгүүдийг хотхоны бага сургууль болгон өөрчилж, зохион байгуулалтыг шинэчилнэ. Ингэснээр хүүхэд гэрийнхээ ойролцоо, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэнэ. Үнэндээ гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль юм.
Мөн бид сургуулийн шинэ загварыг нэвтрүүлэхээр судалж байна. Энэ нь Канад улсад хэрэгждэг туршлага бөгөөд сургууль баригдах хугацаанд түр хугацаанд ашиглах боломжтой, орчин үеийн шаардлага хангасан зөөврийн байгууламж юм. Нэг сургууль барихад 1–2 жил шаардлагатай байдаг тул энэ хугацаанд тохижуулсан анги танхимуудыг ашиглаж болно. Сургууль ашиглалтад ормогц эдгээрийг буулгаж, өөр байршилд дахин угсрах боломжтой. Жишээлбэл, Цагааннуур суманд дөрвөн жил дараалан тендер зарлагдсан ч сургууль баригдаагүй байна. Ийм нөхцөлд дээрх зөөврийн сургуулийг түр байршуулж, дараа нь барилга ашиглалтад ормогц өөр сум руу шилжүүлэх боломжтой. Мөн Хан-Уул дүүргийн зарим хороололд төрийн өмчийн сургууль хүрэлцээгүй байгаа тул ийм шийдлийг ашиглан түргэн хугацаанд хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой" гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн