УИХ-ын дахь МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн байна. Гадаадын зээл ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн байр сууриа тодорхойлжээ. Энэ төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг хуулийн төсөл нэг удаагийн шинжтэй үйлдлээр гурван том төслийн санхүүжилт холбогдож байгаа аж. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын санхүүжилт нь гадаад зээл ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслөөр зохицуулахаар байгаа учраас хэлэлцээд батлах шийдвэрт хүрчээ. Хоёрт, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон төрийн бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна.
Сэтгүүлч шатахуун, махны үнэ өсөж байгаа дээр ямар шийдэл арга хэмжээ авч ажиллахаар байгааг асуухад "УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Шатахууны үнэ тэр дундаа дизель түлшний үнэ энэ он дуустал өсөхгүй байх яриа хэлэлцээрийг ОХУ-ын талтай тохирсныг Ерөнхий сайд болон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд мэдэгдсэн. Тэгэхээр шатахууны үнэ цаашид өсөхгүй байх нөхцөл бүрдсэн гэж ойлгож байгаа. Махны хувьд шинэ махны үнэ өсөж байгаа зохицуулахад хэцүү. Зах зээлийн жишгээрээ явж байгаа байх" гэлээ.