Open iToim app
Ярилцлага | 4 мин уншина

З.Мэндсайхан: Урсгал зардлаас танах орон зай байхгүй. Татварын хуулийг энэ 7 хоногт хэлэлцээд, өргөн барина

З.Мэндсайхан: Урсгал зардлаас танах орон зай байхгүй. Татварын хуулийг энэ 7 хоногт хэлэлцээд, өргөн барина
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 28
Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн оны төгсгөлд төсвийн орлого тасарсан. Энэ жилийн эхний улирлын байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт ямар байна вэ?
-2026 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэл гарсан. Төсвийн гүйцэтгэлийн орлого 1.4 их наядын алдагдалтай явж байна. 1-3 сард бүтээн байгуулалтын улирал эхлээгүй байгаа учраас орлого төвлөрүүлэлт бага байдаг. Дөрөвдүгээр сарын 1-ээс улирлын шинж чанартай бүтээн байгуулалт эхлээд, эдийн засгийн идэвхжил сайжирдаг. Ингээд оны эцэст одоо байгаа төсвийн тасалдлаа нөхөөд явах боломж байна гэж харж байгаа.
Харин экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алтны үнэ тооцоолсноос өндөр явж байгаа. Үүнээс орж ирдэг валютын орлого боломжийн түвшиндээ явж байна. Нүүрсний экспорт нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 37 хувьтай байна. Энэ жил 90 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгаснаас 37 хувийг нь гаргасан байна гэсэн үг. Гэхдээ үнийг 70 ам.доллароор төсөвлөсөн байсан бол дунджаар 65 орчим ам.доллар байна. Тэгэхээр биет хэмжээг нэмэгдүүлэхээс илүү үнээ хэрхэн өсгөх вэ гэдэг дээр мэргэжлийн яамтай санал солилцоод ярилцаж байна. Гэхдээ Засгийн газар биржийн арилжааг түлхүү гаргана ч гэдэг юм уу шууд шийдвэр гаргах боломжгүй. Зах зээлийн зарчмаар явна. Гэхдээ ямар зохицуулалт байж болох вэ гэдгийг ярилцаж байна.
-Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг нээсэн. Нэг сарын хугацаанд аж ахуйн нэгжүүд өрөө төлж чадах уу. Энэ хангалттай хугацаа юу?
-12500 аж ахуйн нэгж дансаа хаалгасан байсан. Дөрөвдүгээр сараас манай бизнесийн идэвхжилийн улирал эхэлж байна. Энэ хугацаатай уялдуулаад аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор дансыг нь нээсэн. Энэ бол татвар төлөхгүй гэсэн үг биш. Нэг сарын хугацаанд аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг төлөвлөөд татвараа төл гэдэг зарчим тавьж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн дансыг нээснээр 48 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөн байна. Үүнийг богино хугацаа гэж хэлж болохгүй. Учир нь бид Татварын хуульд зааснаар үе шаттай арга хэмжээ авч дансыг нь хаадаг. Түүнээс хууль зөрчсөн зүйл байхгүй.
2024 оноос хойш урсгал зардлыг нийт 4 их наяд төгрөгөөр таначихаад байна. Одоо эдийн засаг хүндэрвэл төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, урсгал зардлаа танах асуудал үүснэ.
З.Мэндсайхан
-Танай Засгийн газар байгуулагдахад энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай байгааг  хэлсэн. Мөн эмч, багш нарын цалинг нэмэхээр боллоо. Төсөвт хэзээ тодотгол хийх вэ?
-Эрүүл, мэнд боловсролын салбарын хоёр салаа явж байсан цалингийн тогтолцоог шийдвэрлэхээр шийдлүүд гаргаад явж байна. Гэхдээ тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөв дотор зохицуулалт хийж шийднэ. Өнөөдрийн байгаа макро эдийн засгийн үзүүлэлт болон Төсвийн хуульд заасан тодотгол хийх таван үндэслэл үүсээгүй байна. Тэгэхээр төсөвт тодотгол хийх биш төсвийн орлого бүрдүүлэлт талдаа анхаарч ажиллаж байна.
-"Төсөвт тодотгол хийгээд танах урсгал зардал байхгүй. Боломжит хэмжээнд нь танасан. Дахиж танавал төрийн байгууллагын үйл ажиллагаа доголдоно" гэдгийг өмнөх Сангийн сайд хэлж байсан. Тэгэхээр төсөвт тодотгол хийвэл хөрөнгө оруулалтын зардлаасаа танах юм уу?
-Урсгал зардлыг танана гэж бид их ярьдаг. Гэхдээ 2024 онд алдагдалгүй төсөв батална гээд урсгал зардлаа 2 наядаар танасан. Түүнээс хойш дахиад төсвөө хэлэлцэх үеэрээ хоёр их наядаар танасан. Үндсэндээ 2024 оноос хойш урсгал зардлыг нийт 4 их наяд төгрөгөөр таначихаад байна. Одоо эдийн засаг хүндэрвэл төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, урсгал зардлаа танах асуудал үүснэ. Гэтэл одоо бидэнд урсгал зардлаас танах зүйл байхгүй. Таналаа гэхэд төрийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүснэ. Ийм байдал руу оруулахгүйн тулд Засгийн газар ажиллаж, татварын орлогоо бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар тавдугаар сард тендерээ зарлаагүй төслүүдийн төсвийг татна. Одоогийн байдлаар энэ оны бүтээн байгуулалтын хэдэн хувийнх нь тендерийг зарлаад байна вэ?
-Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар тавдугаар сарын 31 гэхэд тендерүүдээ зарлаагүй бол санхүүжилтийг нь буцааж татах зохицуулалттай. Энэ онд тавигдсан хөрөнгө оруулалтын тендер 80 хувьтай зарлагдаад эхнээсээ гэрээгээ хийгээд явж байна.
-Татварын хууль аж ахуйн нэгжүүдэд маш их хүлээлттэй байсан ч өмнөх Засгийн газар төслөө буцааж татсан. Хэзээ дахин өргөн барьж хэлэлцүүлэх вэ?
-Энэ 7 хоногийн Засгийн газрын хурлаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Яамдаас санал аваад дуусаж байна. Засгийн газраар хэлэлцэн дэмжвэл УИХ-д яаралтай өргөн барина.
-Тэгвэл өмнө өргөн бариад татсан төслөөс юугаараа өөр байгаа вэ. Та тодорхой заалтуудаас дурдаж болох уу?
-Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцсэний дараа тодорхой мэдээлэл өгье. Одоо хэлэлцээгүй байгаа хуулийн төслийг дэлгэрүүлж ярих нь зохимжгүй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн