Цагаан үс гарч ирэх нь бие организм тодорхой төрлийн хорт хавдраас сэргийлэхийн тулд ажиллаж байгаагийн шинж тэмдэг байж болохыг шинэ судалгаа харуулжээ.
Үс цагаарах нь хөгшрөлтийн энгийн шинжүүдийн нэг. АНУ-ын Арьс Судлалын Академийн мэдээлснээр энэ нь ихэвчлэн 30–40 насанд ажиглагддаг ч зарим хүнд эрт илэрч болдог. Тус байгууллага “цагаан үс бол хөгшрөлтийн хэвийн хэсэг бөгөөд үүнд ямар нэгэн буруу зүйл байхгүй” гэж тайлбарласан байна.
Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард “Nature Cell Biology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд цагаан үсийг өөр өнцгөөс тайлбарласан байна. Японы Токиогийн Их Сургуулийн хөгшрөлт, арьс судлал, нөхөн сэргээх анагаах ухааны судлаачдын багийн үзэж байгаагаар үсний цагаан өнгө нь арьсны хорт хавдрын хамгийн аюултай хэлбэр болох меланомаас биеийг хамгаалсны илрэл байж болох аж. Кливлендийн клиникийн тайлбараар меланома нь хамгийн хурц хэлбэрийн арьсны хорт хавдар бөгөөд нас барах эрсдэл хамгийн өндөр төрөл юм. Энэхүү амьтны туршилтад судлаачид хулганыг ашиглан үс яагаад цагаан болдгийг болон энэ өөрчлөлт ямар биологийн процессоор явагддагийг судалжээ. Ялангуяа үсний уутанцарт байрлах өнгө үүсгэдэг тусгай үүдэл эсүүд болох меланоцит үүдэл эсүүдэд анхаарсан байна. Судалгааны зохиогчдын нэг Эми К. Нишимура хүн болон хулганад эдгээр эсийг анх нээн илрүүлснээрээ танигдсан эрдэмтэн юм.
Судалгаагаар эдгээр үүдэл эсүүд ДНХ-ийн ноцтой гэмтэл болох хоёр гинжин тасралтад өртөх үед тэд өөр төрлийн эс болох өнгө үүсгэгч эс болж хувирдаг болохыг тогтоожээ. Энэ явцыг “сено-ялгарал” гэж нэрлэдэг бөгөөд ийм үед эсүүд хуваагдан үржихээ больж, биеэс устдаг байна. Үүний үр дүнд үсний өнгө алдагдаж цагаан болдог гэжээ.
Харин хавдар үүсгэгч химийн бодисууд энэ хамгаалах механизмыг зогсоож чаддаг. Ингэснээр үүдэл эсүүд үргэлжлэн өөрийгөө нөхөн үржүүлэх горимд үлдэж, хяналтгүй өсөлт буюу хорт хавдартай холбоотой нөхцөлийг бий болгодог.
Токиогийн Их Сургуулийн хэвлэлийн мэдээнд “Эдгээр эсүүд нь үсний уутанцарт байрлах бөгөөд генийн хорт стрессийн үед маш чухал сонголт хийх шаардлагатай болдог. Эсвэл өөрчлөгдөн системээс гарах (үс цагаарах), эсвэл үргэлжлэн хуваагдах (хавдар үүсэх эрсдэлтэй)” гэж дүгнэжээ.
Гэсэн ч судалгааны баг “цагаан үс өөрөө хорт хавдраас хамгаалдаг гэсэн үг биш” гэдгийг онцолж байна. Харин цагаан үс нь биеийн эсүүд аюултай болж хувирахаас өмнө өөрийгөө устгаж, хамгаалах хариу үйлдэл хийж байж болохыг илтгэж байгаа аж.
Судлаачид нас ахих тусам гарч ирдэг цагаан үс нь зарим тохиолдолд таны биеийн хамгаалах механизм идэвхтэй ажиллаж байгаагийн нэг дохио байж болохыг онцолжээ.