НИТХ даваа гарагт ээлжит бусаар хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан. Ингээд НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж НИХТ Д.Ихбаярыг НИТХ-ын даргад, Ж.Сандагсүрэнг МАН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлсэн.
Ж.Сандагсүрэн төлөөлөгчийг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон бол Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэж тодорхойгүй хугацаагаар завсарлага авсан. Тиймээс ойрын хугацаанд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг хийж НИТХ-ын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх бололтой. Гэхдээ өмнө нь орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын даргыг сонгож, томилохдоо Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нэрийг ИТХ-д танилцуулдаг байсан. Харин энэ удаад МАН-ын бүлэг нь хоёр хуваагдаж, НИТХ-ын даргаа хугацаанаас нь өмнө огцруулсан учраас процесс өөрөөр явах бололтой. Учир нь даваа гарагийн хуралдааны үеэр УЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ гэдгийг хурал удирдан зохион байгуулсан Х.Нямбаатар, Ж.Батбаясгалан нар хэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөлийн тов гараагүй байна. Д.Ихбаяр нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд мөн давхар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Түүнийг Ерөнхий сайд Н.Учралын дотны найз гэсэн мэдээлэл хөвөрдөг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдтайгаа зөвшилцөж, найзыг нь НИТХ-ын даргаар сонгуулах бололтой.