АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф болон Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар Ирантай энхийн хэлэлцээ хийхээр бямба гарагийн өглөө Пакистаныг зорин нисэх гэж байгааг Цагаан ордон мэдэгдлээ.“Иранчууд яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левитт хэлээд, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэлэлцээ амжилттай болбол очиход бэлэн байгааг дурджээ.Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаей болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар бямба гарагийн өглөө Пакистаны нийслэл Исламабад хотод хүрэлцэн ирсэн бөгөөд Арагчи Пакистаны өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзана гэжээ. Тэрбээр “Иран, АНУ-ын хооронд шууд уулзалт төлөвлөгдөөгүй. Ираны байр суурийг Пакистанаар дамжуулан хүргэнэ” гэж мэдэгдсэн байна.Каролайн Левиттийн хэлснээр Дональд Трамп Виткофф, Кушнер нарыг Исламабад руу “Ираны байр суурийг сонсохоор” илгээж байгаа бөгөөд АНУ дипломат аргаар шийдэлд хүрэх боломжийг үргэлж нээлттэй байлгаж байна. Тэрбээр мөн “сүүлийн өдрүүдэд Ираны талаас тодорхой ахиц ажиглагдсан” гэж нэмж хэлжээ. Үүний зэрэгцээ, Исламабад дахь Ираны Элчин сайдын яамнаас Аббас Арагчи хоёр талын харилцааны асуудлууд болон бүс нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн.Трамп болон Батлан хамгаалахын сайд Хегсет энэ долоо хоногт АНУ Ирантай дайныг зогсоох дарамтад ороогүй гэж мэдэгдсэн ч хэлэлцээ үргэлжилж байгаа нь Цагаан ордон бодитоор дайныг намжаах гарц эрэлхийлж байгааг харуулж байна.Одоогоор Пакистанд явагдах хэлэлцээнээс хэр хэмжээний ахиц гарах нь тодорхойгүй байна.