УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулиар Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ хотын төслийн зээлийг төсвөөс гадуур санхүүжүүлэх юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын гишүүд хууль санаачлагчид хуулийн төслөө татаж авах саналыг хэлэв. Гэхдээ хуулийн төслийг татвал газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилт хязгаартай хэвээр үлдэх учраас сайн хэлэлцэн шийдэх ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Сэлбэ дэд төвтэй холбоотой ямар ч хэлэлцүүлэг орж ирээгүй. Байнгын хорооны хуралдаан дээр энэ талаар асуусан. Сэлбэ дэд төвийн өртөг зардалтай холбоотой хариулт өгье гэсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Метр кавдратын өртөг хэд болж байна вэ. Дэд бүтэц, газар нь орвол хэд болж байгаа вэ?
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Таны асуултад хоёр хоногийн өмнө албан бичгээр хариу өгсөн юм байна. Сэлбэ төслийн хувьд нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг. Нийт борлуулалтын орлогыг энэ оны тавдугаар сарын сүүлээс эхэлж олохоор төлөвлөж байгаа. Борлуулалтын орлогыг 2 их наяд 647.74 тэрбум төгрөгөөр тооцсон. Сэлбэ 20 минутын хот төслийн хувьд нийслэлийн орон сууцжуулалтын корпорац дээр борлуулалтын төлөвлөгөө, журмыг баталж НИТХ-аас баталсны дараа 2026 оны эхний улиралд буюу тавдугаар сарын сүүлээр, чадахгүй бол зургадугаар сарын эхээр бид борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийт 8575 өрх буюу 113 блок дээр борлуулалтыг хийнэ. Дундаж м.кв 61.72 м.кв, дундаж орон сууцны үнийг 1 м.кв нь 4 сая 810 мянган төгрөгөөр борлуулахаар одоогийн бизнес төлөвлөгөөнд төлөвлөгдөөд явж байна.
Зах зээлийн үнэ болон бизнес төлөвлөлттэй уялдуулаад бид улирал болгон Сэлбэ 20 минутын хот дээр төлөвлөгөө, судалгааг хийгээд явж байгаа. Газар чөлөөлөлт дээр одоогийн байдлаар 392 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн тооцоо байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Сэлбэ 20 минутын хот төслийн гүйцэтгэгчээр нэр бүхий 4 монгол компани ажиллаж байгаа. Үүн дотроос нийслэлийн удирдлагуудтай холбоо хамааралтай компани бий юу?
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Одоогийн байдлаар нийслэлийн удирдлагуудтай холбоо хамааралтай гэсэн мэдээлэл надад байхгүй байна. Би тантай адилхан сошиал сувгуудаар мэдээлэл харж байгаа. Энэ талаар бид нягтлаад, компаниудын албан ёсны эзэмшигчийн талаар мэдээллийг танд бичгээр хүргүүлье. Нэг метр квадратын өртөг 412466 төгрөг. 481000 төгрөгөөр борлуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Хууль санаачлагч аль шатанд хуулиа татаж авч болно. Гэх Гэхдээ газрын тос, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал бас татагдана. Бид Сэлбэ дэд төвийг ажлын хэсэг дээр хассан. УИХ дээр босгосон байналээ. Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн зээлээ бид ашиглаж чадахгүй байна. Гадаад зээллэгийн тухай хуулийг батлахгүй бол энэ үйлдвэр 2023 он хүртэл сунах эрсдэл үүссэн.Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал: Газрын тосны үйлдвэрийн зээлийг Энэтхэгийн Экзим банкнаас жилийн 1.75 хувийн хүүтэй зээл авч барьж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-аас жилийн 2 хувийн хүүтэй зээл авч эхлүүлнэ. Ийм бага хүүтэй зээл дахин авах хэцүү тул энэ хуулийн төслийг дэмжсэн.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар энэ хуулийн төслийг дэмжихгүй гэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ төслийг дэмжээгүй байхад та нар яагаад хүчээр зүтгүүлээд байгаан? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд мэргэжлийн хүмүүс бий. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар би ярихгүй. Мэдээж хэрэгтэй төслүүд. Гэхдээ энэ хуулийг баталчихвал дараа нь өөр төслүүдийг та нар нэмээд оруулаад ирнэ. Би мэдэж байна.
Нийгэм, эдийн засгийн ийм ийм ач холбогдолтой гээд л яриад унана. Улсын төсвөөс тусдаа төслүүд байж болохгүй. Төсөв санхүүг Сангийн яам нэгдсэн удирдлагаар хангаж, хянах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Бид өмнө нь 5 тусдаа төсөвтэй байсныг мартаж болохгүй. Энд тэнд замбараагүй авсан баахан зээлийг Засгийн гаар төлөх гэж баахан ажилласан. Гэтэл одоо дахин төсвөөс гадуурх, гадаад зээлийг нэмж авах гэж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт бөөрөнхийдүү, хоёрдмол утгатай байна. Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг яах вэ? Түүхий тосоо үйлдвэр рүү хоолойгоор зөөх юм билээ. Тамсагийн ордын түүхий тос зуурамтгай, амархан царцдаг. Би өөрөө нүдээр харсан. Түүхий тосоо 520 км урт хоолойгоор зөөхөд маш их зардал гарна. Түүхий тосны хоолойг ямар технологиор барих вэ? Гадаад зээллэгийг ашиглалтыг сайжруулах хуулийн төсөлд 2 төсөл байтал яагаад гурав болов?
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар: Манай байнгын хорооны хуралдаанаар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хассан. Гэвч УИХ энэ төслийг хасахгүй гэж үзээд нэмсэн. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийг баталбал эдийн засагт эрсдэлтэй гэж дүгнэсэн.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төсөвтэй холбоотой суурь зарчмуудаа өнгөрсөн 36 жилийн туршид тодорхой болгосон. Гэтэл жил ирэх бүр дордоод байна. Төсвийн зарчмуудыг гажуудуулж, төсөвт тавигдах тусгай шаардлагыг зөрчиж байна. Ингэж зарим төслийг төсвийн гадна гаргаж байгаа нь хоёр төсөвтэй болно. Яагаад ингэж тусгайлсан хууль батлах гээд байгаа ч ойлгохгүй байгаа. Үүнийг дараа нь төслүүдийг хэрэгжүүлж байгаа газрууд нь УИХ энэ хуулийг баталсан гэж буруугаа хэлнэ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвөөс гадуурах төслийн санхүүжилт хэрээс хэтэрсэн. Нийслэл барилгын төсөл хэрэгжүүлээд, тендер зарлаад байгааг огтхон ч ойлгохгүй байгаа. Т.Даваадалай орлогчтой холбоотой тендерийн асуудал гарсан. Үүнийгээ тодорхой тайлбарлаж өгнө үү.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч: Миний эхнэрийн компани нийслэлийн төслийн тендерт шалгараагүй. Нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандсан. Бусад асуудлаар шалгуулааад явахад бэлэн. Нийслэл анх удаа 20 минутын хот байгуулах зорилгоор Сэлбэ хотыг байгуулж байгаа. 2000 хүхэн жорлонг арилгаж, агаарын бохирдлыг 7 хувиар бууруулна гэж тооцож байгаа. Барилга нвь 11 давуу талтай. Өнгөрсөн хугацаанд тус төслийн 1.8 их наяд дээр 7 компани шалгарч ажлаа эхлүүлсэн.
Тус хуулиар УИХ дахь МАН-ын бүлэг ирэх 7 хоногийн пүрэв гараг хүртэл завсарлага авлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.