Open iToim app
Нийтлэл | 3 мин уншина

ХЭҮК: ХОТУЛА-д ашигласан хүний эрхийн зөрчлийг арилгахгүй бол Х.Нямбаатарыг огцруулах, Дижитал инфосек ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно

ХЭҮК: ХОТУЛА-д ашигласан хүний эрхийн зөрчлийг арилгахгүй бол Х.Нямбаатарыг огцруулах, Дижитал инфосек ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Дижитал инфосек ХХК компани Хотула аппликэйшныг 800 сая төгрөгийн өртгөөр хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацаас шууд худалдан авалтын гэрээний нөхцөлөөр тус компанид хоёр удаагийн гүйлгээгээр санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн өвөл нийслэл хотын иргэд заавал Хотула аппликэйшныг гар утсандаа татаж, сайжруулсан шахмал түлш авдаг болсон. Энэ зайлшгүй шаталтын хүрээнд Хотула аппликэйшныг өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган иргэн татаж, Хамуга гэх танин нэвтрэлтийн системээр бүртгэлээ баталгаажуулжээ. Гэхдээ Хотула болон Хамуга гэх систем нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Тодруулбал, Хотула аппликэйшн нь Монгол Улсын иргэдийн халдашгүй байдал, чөлөөтэй байх, хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг зөрчсөн байж болзошгүй гэх иргэдийн гомдол мэдээлэлд Монгол Улсын хүний эрхийн комисс шалгалтын ажил явуулжээ. Ингээд Хотула аппликэйшны үйл ажиллагаа, зориулалт, чиг үүрэгт, нууцлалын бодлогыг хэрэглэгчийн үүднээс шинжлэхэд хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж байгаа, эмзэг мэдээлэлд суурилсан танилт, нэвтрэлтийн систем хөгжүүлсэн, хүний зан үйлийг хэмжих урамшууллын системийг бий болгосон нь хүний эрхийн “өндөр” эрсдэлтэй технологи байж болзошгүйг илтгэж байна гэж ХЭҮК үзсэн байна. Тухайлбал:
  • Хотула аппликэйшн нь нийслэлийн иргэд мэдээлэл авах, өргөдөл, гомдол гаргах, аюултай нөхцөл байдлыг мэдээлэх, Тавантолгой ХХК-ны шахмал түлш авах, эмнэлэгт үзүүлэх, хэрэглээний төлбөр төлөх, тээврийн хэрэгслээр зорчих, санхүү даатгалын үйлчилгээн хамрагдах зэрэг олон төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, эдгээр үйлчилгээг авахад шаардагдах иргэний байршил, хөдөлгөөн, орлого, хөдөлмөр эрхлэлт, албан газар, албан тушаал, хэрэглээ, зан үйл, амьдралын хэв маягийг тодорхойлох их хэмжээний хувийн мэдээллийг цуглуулж байна гэж үзжээ. Уг аппликэйшнд иргэн анх бүртгүүлэхдээ утасны дугаар, овог нэр, профайлын нэр зэрэг мэдээллийг өгч, төрийн үйлчилгээ, санал хүсэлт гаргах функцийг идэвхжүүлэхийн тулд ДАН танилт, нэвтрэлтийн системд хандан, регистрийн дугаараар баталгаажуулалт хийж байна.
  • Хотула апп гурван түвшний баталгаажуулалт хийх тохиргоотой байх бөгөөд Монгол Улсын төрийн үйлчилгээний танин баталгаажуулалтын ДАН системийг ашиглахын зэрэгцээ иргэний үнэмлэхийн зураг бодит цагийн зурагтай харьцуулж, баталгаажуулдаг Хамуга гэх нэвтрэлийн системийг үүсгэсэн байна. Дан системийг ашиглах давуу эрх, хүний царай буюу эмзэг мэдээллээр баталгаажуулалт хийж буй Хамуга гэх нэвтрэлтийн систем үүсгэх эрхийн эрх зүйн үндэслэл тодорхой бус байна. Хамуга танилт нэвтрэлтийн системд баталгаажуулалт хийж ажлын газар, албан тушаал, сарын орлого, орлогын эх үүсвэрийнхээ мэдээллийг заавал өгөх тохиргоотой байгаа зэрэг нь Хүний хувийн мэдээллийг хамгааалах тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хотула аппликэйшныг хөгжүүлсэн Дижитал инфосек ХХК-ийг тодорхой тайлбар мэдээлэл ирүүлэхийг өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шаардсан ч бүрэн дүүрэн мэдээлэл ирүүлээгүй аж. Жишээ нь, ДАН системийг ашиглах, холбох эрхтэй эсэх, хүний эмзэг мэдээллийг дамжуулах Хамуга гэх танин нэвтрэлтийн системийг яагаад, ямар үндэслэлээр ашиглаж байгаа, яагаад иргэний орлого, орлогын эх үүсвэрийн мэдээллийг шаардаж байгаа, хоёр байгууллага хооронд хийгдсэн гэрээ, гэрээ дүгнэсэн эсэх, “Ногоон оноо” урамшууллын систем нэвтрүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалны шийдвэр, холбогдох журам, иргэдийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлын аудит дүгнэлт зэргийг шаардсан ч ирүүлээгүй аж. Тиймээс хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн мэдээлээ хамгаалах хуулийг зөрчсөн байх тул эдгээр зөрчлийг арилгаж, урьдчилан сэргийлсэн болохыг ХЭҮК-т нотлох хүртэл Хотула аппликэйшныг ашиглахыг зогсоохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатараас шаардсан байна. Шаардлагыг хэрэгжүүлэх 30 хоногийн хугацаа өгөөд байгаа аж. Хуулиар төрийн ямар байгууллага, албан тушаалтан ХЭҮК-ын гишүүний өгсөн заавар, зөвлөмж шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ заавал биелүүлэх үүргээ зөрчсөн бол албан тушаалтныг огцруулах, хувийн хэвшлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад тавих үндэслэл үүснэ гэдгийг ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа илэрхийлсэн юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн