Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

АНУ Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ сунгалаа

АНУ Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ сунгалаа
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хугацаа нь дуусахаас хэдхэн цагийн өмнө тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа мэдэгдлээ.
Трамп өдрийн эхэнд шинэ хүчирхийлэл үйлдэхээр сүрдүүлж байсан ч Пакистан улсын гаргасан хүсэлтийг хүлээн авч, долоон долоо хоног үргэлжилж буй дайныг зогсоох яриа хэлэлцээг зуучилж буй тус улсын саналын дагуу “Ираны эсрэг хийх дайралтаа тухайн улсын удирдагчид болон төлөөлөгчид нэгдсэн санал боловсруулж гаргах хүртэл хойшлуулна” гэжээ.
Трампын энэхүү мэдэгдэл нь нэг талын шийдвэр мэт харагдаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийг сунгахыг Иран болон АНУ-ын холбоотон Израил зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Мөн тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнээс Ираны боомт, эрэг орчмыг бүслэн хаах ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд Ираны удирдлагууд үүнийг дайны үйлдэл гэж үзэж байгаа юм.
Ираны дээд удирдлагуудаас шууд хариу тайлбар хийгээгүй ч Хувьсгалт гвардтай холбоотой “Тасним” мэдээллийн агентлаг Иран гал зогсоох хугацааг сунгах хүсэлт гаргаагүй гэж мэдэгдээд, АНУ-ын бүслэлтийг хүч хэрэглэн сөрөх боломжтойг дахин анхааруулжээ. Парламентын дарга Мохаммад Багер Галибафын зөвлөх Махди Мохаммади Трампын мэдэгдлийг ач холбогдол багатай гэж үзсэн байна.
Тэрбээр “Трампын гал зогсоох хэлэлцээрийг сунгасан нь гэнэтийн довтолгоонд бэлтгэх цаг хожих арга заль” хэмээн мэдэгдэж, АНУ-ын бүслэлтийг үргэлжилж буй цэргийн түрэмгийлэл гэж тодорхойлжээ. “Одоо Иран санаачилга гаргах цаг болсон” гэж тэр онцолсон байна.
Трамп гал зогсоох хэлэлцээрийг “Ираны санал ирж, хэлэлцээ ямар нэг байдлаар дуусах хүртэл” сунгана гэжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн