Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Хог хаягдлаас үнэ цэн болсон бөглөөний түүх

Хог хаягдлаас үнэ цэн болсон бөглөөний түүх
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 23
Бид өдөр тутамдаа хэрэглэдэг ус, ундааны савны бөглөөг зүгээр хог хаягдал гэж хардаг. Үнэндээ тэдгээрийг дахин боловсруулж түлхүүрийн оосор, номын хавчуургаас эхлээд утасны тавиур, сандал ширээ хийж болдог гэдгийг та мэдэх үү. Манай сайт энэ удаагийн “Бүтээгч” буландаа хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж бодит үнэ цэн бүхий бүтээгдэхүүн болгон хувиргаж буй  INMO буюу “Innovation Mongolia” компанийг онцолж байна. 
Хөрсөнд шингэдэг биш эдийн засгийн эргэлтэд ордог хуванцар 
Хуванцар хог хаягдал нь байгальд хамгийн удаан буюу 100-1000 гаруй жилийн турш задралгүй хадгалагддаг. Энэ нь хөрс усны бохирдол үүсгэгч гол хүчин зүйл болж байна. Дэлхий нийтэд ч энэ асуудал хурцаар тавигдаж буй бөгөөд Монгол Улсад ч хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Манайд жилд дунджаар 200-230 мянган тонн хуванцар хог хаягдал үүсдэг бөгөөд 91 хувийг нь хөрсөнд булж, шатааж устгадаг. Харин ердөө есөн хувийг нь л дахин боловсруулж байна. Одоогоос гурван жилийн өмнө үе тэнгийн хэдэн залуус хог хаягдлын эсрэг юу хийж болох талаар шийдэл хайжээ. Ингээд байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хог хаягдлыг багасгах, хүнд хэрэггүй болсон зүйлийг ч эдийн засгийн эргэлтэд оруулж болдог гэдгийг харуулах зорилгоор INMO буюу “Innovation Mongolia” компанийг байгуулсан юм. 
“Хөрсөнд шингэж буй олон тонны хог хаягдлыг багасгаж, дахин боловсруулж буй хэмжээг бага ч гэсэн нэмэгдүүлэх нь бидний зорилго. Анх 3D принтерийн түүхий эд буюу утсыг дахин боловсруулж туршилт хийсэн. Энэ нь нэг килограммын хэмжээтэй маш бага байсан учраас илүү нөлөөтэй зүйл хийе гээд хавтан үйлдвэрлэж байлаа. Олон удаа туршиж тэр хэрээр бүтэлгүйтэж байсан ч эцэст нь бүтээгдэхүүн гарч ирэхэд багийнхнаараа бахархсан” хэмээн INMO-г үүсгэн байгуулагчдын нэг Д.Нандин хэллээ. 
Долоон ширхэг бөглөөгөөр нэг түлхүүрийн оосор бүтээнэ 
Тус компани нь хатуу хуванцар тэр дундаа HDPE буюу ундааны савны бөглөө, шампунь, угаалгын нунтагын савны хаягдлыг дахин боловсруулж интерьер дизайн болон маркетингийн бүтээгдэхүүн гаргаж байна. Тэдний ашиглаж буй хуванцар нь хүнсний зориулалттай түүхий эд учраас хор нөлөө бага. Дизайн талдаа ширээ, сандал, номын тавиур хийдэг бол маркетингийн зорилгоор түлхүүрийн оосор, цүнхний чимэглэл, хөргөгчийн соронзон наалт хийж байна. Долоон ширхэг бөглөөгөөр нэг түлхүүрийн оосор хийдэг бол ширээний хавтанг ойролцоогоор 20 килограмм хаягдал хуванцраар үйлдвэрлэдэг аж. Хүмүүсийн тэр бүр анхаарал хандуулаад байдаггүй хог хаягдлаар хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсийг урлаж буй тус компанийнхан одоогоор дөрвөөс таван мянган бүтээгдэхүүн зах зээлд гаргаад байна. Цаашид бүтээгдэхүүн үйлчилгээ улам сайжруулж гадна тохижилтод зориулсан вандан, сандал хийхээр зорьж байна. Одоогоор тестийн хоёр сандлыг гаргаж туршаад буй аж.  
Ангилагдаагүй хог дахин боловсруулалтыг хязгаарлаж байна
INMO-ийн үйл ажиллагаа зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Тэдний өөр нэг зорилго нь хүүхэд залууст хог хаягдлаа ангилах нь яагаад чухал юм гэдгийг ойлгуулж мэдээлэл хүргэх юм. Энэ утгаараа олон нийтэд боловсрол олгох тал дээр түлхүү ажилладаг. Үүний үр дүнд хувь хүмүүс өөрсдийн санаачилгаар цуглуулсан бөглөө, хуванцар хаягдлаа авч ирж өгдөг бол байгууллагууд тогтмол хамтарч ажиллаж байна. Ялангуяа хуванцар түүхий эд ашигладаг компаниуд их хэмжээний хог хаягдлаа шууд хаях бус дахин боловсруулах сонирхол нь өсөн нэмэгджээ. Гэвч дөнгөж бизнесээ эхлүүлж буй старт ап компаниудад олон бэрхшээл тулгардаг. Хог хаягдлын салбарт үйл ажиллагаа явуулж буй тус хамт олны хувьд технологи, бүтээгдэхүүн гэхээс илүү бодлогын асуудал тушаа болж байна. 2023 онд батлагдсан Үйлдвэрлэгчийн хариуцлагын хууль гэж байгаа ч хэрэгжилт нь иргэд, байгууллага дээр очиж наалдахгүй байна. Нөгөөтээгүүр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэр дунджаар 40-50 хувийн хүчин чадалтай ажилладаг. Ангилагдаагүй бохирдол өндөртэй хог хаягдал үйлдвэрт их ирж буй нь дахин боловсруулах боломжийг хязгаарлаж байна. Хуулийн хэрэгжилт сайжирч иргэдийн ангилсан хогийг цуглуулах, тээвэрлэх, баталгаажуулах нэгдсэн тогтолцоо бүрдвэл энэ салбар илүү үр ашигтай ажиллана. Одоогоор есөн хувьтай байгаа дахин боловсруулалтын түвшин 20 хувьд ч хүрэх боломжтой гэдгийг тэр онцолж байв. 
undefined
Дахин боловсруулалтыг хэмжих шинэ системийг нэвтрүүлнэ 
Б.Нандин хог хаягдлын салбарт ажиллах явцдаа энд нэгдсэн цогц систем дутмаг байгааг олж харжээ. Одоогоос хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс хог хаягдлаа илүү ангилж ялгадаг болсон. Энэ утгаараа олон нийтэд хүсэл эрмэлзэл байгаа ч бодит үр дүнд хүрч чадахгүй байна. Тухайлбал, байгууллагууд хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг ч үүнийг үнэхээр дахин боловсруулсан эсэхийг баталгаажуулсан баримт дата мэдээлэл байхгүй. Компаниуд тогтвортой хөгжлийн тайландаа бодит мэдээлэл оруулъя гэхэд боломж нь хомс байна. INMO энэ орон зайг нөхөж олон улсад эрчимтэй хөгжиж буй пластик кредит системийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 
Хүмүүсийн сайн мэдэх нүүрстөрөгчийн кредит нь нэг тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсныг баталгаажуулдаг бол пластик кредит нь нэг тонн хуванцар хог хаягдлыг байгальд булж устгахаас сэргийлж, дахин боловсруулалтад оруулсныг баталгаажуулдаг систем. NMO анх нэг килограмм хуванцрыг дахин боловсруулж туршилт хийж байсан бол одоо 10-25 килограммыг дахин боловсруулж байна. Энэхүү кредитийг бүрэн хэрэгжүүлснээр жилдээ хамгийн багадаа 300-360 тонн хог хаягдлыг дахин боловсруулж ангилах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, багаас эхэлсэн туршилтын түвшний ажил бодит үйлдвэрлэл, цаашлаад зах зээлийн механизмтай холбогдсон тогтолцоо руу өргөн тэлэх аж. 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн