УИХ-ын гишүүн С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Тэгвэл энэ 7 хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар тус хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэн шийдэх юм.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулйг 1991 онд баталсан бөгөөд тус хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр", “Монголросцветмет” "Тавантолгой" ХК зэрэг төрийн өмчийн компаниудад Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байсан. Энэ нь эдгээр компанийн удирдлагын бүтэц, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэд шууд хяналт тогтоох замаар компанийн бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байгаа учраас тус хуулийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа аж.
Хуулийн төсөлд дараах агуулгуудыг тусгажээ.
Онцгой дэглэмийн хүрээнд эдийн засгийн хариу арга хэмжээ авах асуудлыг “Онц байдлын тухай” хуульд тусгах;
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалд удирдлагын хариуцлагыг дотоод хяналтын тогтолцоо, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус байдлаар хангах боломжийг бүрдүүлэх;
Төрийн өмчит компанид хяналт хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд ажиллах зарчмыг баталгаажуулах.
Төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засагтай байх үед баталсан энэхүү хуулийг үндэслэн төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Үндсэн хуулийн цэцэд хандаж, Цэц маргаан үүсгэхээр шийдвэрлээд удаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тус хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьж, энэ 7 хоногт хэлэлцэх эсэхийг нь шийдэх нь. Хэрвээ тус хуулийг хүчингүй болговол төрийн өмчийн компаниудад Засгийн газар онцгой дэглэм тогтоож БЭТ томилдог байдал арилах юм.