Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

А.Амартүвшин: Сургуулийн гуанз, нийтийн хоолны бүх газарт ариутгалын стандарт тогтоож, хеликобактериас сэргийлнэ

А.Амартүвшин: Сургуулийн гуанз, нийтийн хоолны бүх газарт ариутгалын стандарт тогтоож, хеликобактериас сэргийлнэ
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 21
Нийслэлд хеликобактерийн халдвар түүнээс шалтгаалах ходоодны өвчлөл, хавдрыг бууруулах зорилгоор төсөл арга хэмжээг эхлүүлж байна. Судалгааны хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг насны ангиллаар нь шинжилж, халдварын тархалтыг тодорхойлох бөгөөд үр дүнд нь эцэг эхчүүдтэй хамтран эмчилгээ хийх юм. Үүний зэрэгцээ өрхийн түвшинд зөв дадлыг хэвшүүлэх, нийтийн хоолны газруудын ариутгалын стандартыг журамлах, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
undefined
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Бид эхлээд гарааны суурь судалгаа хийх шаардлагатай. Энэ судалгааг бодит шинжилгээнд тулгуурлан авах бөгөөд одоогоор төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Сургууль, цэцэрлэгийн түвшинд хүүхдүүдийн хэдэн хувь нь хеликобактерийн халдвартай, хэд нь халдваргүй байгааг насны ангиллаар нь тодорхой гаргаж ирнэ. Шинжилгээний хариу гарсны дараа эцэг эхчүүдтэй нь тулж ажиллаж, шаардлагатай хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх юм. Үүний дараа өрх, гэрийн орчинд авах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Жишээлбэл, гэр бүлийн гишүүд халбага, сэрээ, аяга, таваг зэргийг тус тусдаа хэрэглэх, ариун цэврийг сайтар сахих талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн гэрийн нөхцөлд аяга, таваг ариутгах хэт ягаан туяаны төхөөрөмжийг үе шаттайгаар нэвтрүүлэх санал дэвшүүлж байгаа.
Дараагийн шатанд нийтийн хоолны газрууд буюу ресторан, гуанз, цайны газруудад чиглэсэн арга хэмжээ авна. Эдгээр газруудын халбага, сэрээ, аяга таваг ариутгалын стандартыг тогтоож, ариутгалын төхөөрөмжийн шаардлагыг журамлаж мөрдүүлнэ. Стандартыг хангаж буй байгууллагуудад тэмдэглэгээ олгож, хэрэглэгчдэд ил тод болгоно.
Мөн бүх нийтийн хоолны газруудыг камержуулж, нэгдсэн удирдлагын системээр дамжуулан хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөн, сургуулиудын орчин төдийгүй үйлчилгээний байгууллагуудын гал тогооны үйл ажиллагаанд ч хяналт тавих юм. Хеликобактерийн халдварын хамгийн аюултай тал нь давтан халдварлах эрсдэл юм. Нэг хүн 3-4 удаа халдвар авбал, олон төрлийн антибиотик хэрэглэдэг учраас сүүлдээ эмэнд тэсвэртэй болж, эмчилгээ үр дүнгүй болох магадлалтай. Ингэснээр ходоод болон нарийн, шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл 98 хувьд хүрдэг. Судалгааны ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд шинжилгээ авч, судалгаандаа орж эхлэх юм.

Хүүхдүүдийн дунд хеликобактерийн өндөр эрсдэл байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа: Олон улсын тайлан, судалгаанаас харахад Монгол Улс ходоодны өвчлөл, эндэгдлээрээ дэлхийд дээгүүр, бүр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь харамсалтай байна. Судлаачид энэ өвчний суурь маш эрт бага наснаас тавигддаг гэдгийг онцолсон. Хүүхэд бор хоолонд орж эхэлснээс хойш эрсдэл бий болдог бөгөөд 20 гаруйхан насанд нь ходоодонд өөрчлөлт орж, хатангиршил, цаашлаад хавдрын урьдал өвчлөлүүд илэрч байгааг эмч нар хэлж байна. Иймээс бид энэ асуудлыг цаашид илүү гүнзгий судалж, нарийвчилсан тоо баримтыг гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Ялангуяа хүүхдүүдийн дунд өндөр эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй. Бусад улс орнуудын сайн туршлага, ДЭМБ болон олон улсын хавдрын судалгааны байгууллагуудын зөвлөмжийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, хүүхдүүд, эцэг эхчүүдээс эрсдэлийн асуумж авч, үүний үндсэн дээр өндөр эрсдэлтэй өрхүүдийг илрүүлэн шинжилгээ, эмчилгээнд хамруулж "илрүүлээд эмчлэх" стратегийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ аргыг зарим улс амжилттай хэрэгжүүлсэн. Жишээ нь Бутан улс энэ аргачлалыг нэвтрүүлснээр хеликобактерийн халдвар, улмаар ходоодны хавдрыг эрс бууруулж чадсан сайн жишээ бий.
Манай улсын хувьд Эрүүл мэндийн яам болон орон нутгийн байгууллага, НЗДТГ-тай хамтран ажиллах талаар ярилцаж байна. Хавдаргүй аймаг, дүүрэг, нийслэл, улс гэсэн санаачилгыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийслэлд энэ ондоо багтаан эхний шатны ажлуудыг эхлүүлэх боломжтой гэж харж байна. Мөн бидний мэдэж байгаагаар хеликобактер нь шүлсээр дамжин халдварладаг. Бохир аяга таваг, аманд хүрдэг, гараар дамждаг зүйлсээр халдварлах эрсдэл өндөр. Шинжлэх ухаанаар тогтоогдсоноор хеликобактер нь ходоодны хавдрын гол шалтгаан бөгөөд ходоодны өвчний ихэнх тохиолдол хеликобактертай шууд холбоотой байдаг. Тиймээс илрүүлэг, эмчилгээний асуудлыг шийдэхдээ Засгийн газар болон орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах шаардлагатай юм. Ялангуяа эмчилгээний зардал, антибиотик эмчилгээний хүртээмж чухал. Дэлхийн олон улс орнууд энэ төрлийн эмчилгээг үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй олгох замаар үр дүнд хүрсэн туршлага бий. Бид ч мөн адил ийм шийдлийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн