Байгаль орчин, уур амьсгалын яам Туулын хурдны зам төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй шалтгаанаар төслийг түр зогсоогоод байсан. Харин өнөөдөр уг төлөвлөгөөг хуулийн дагуу хүлээн авснаар бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдсэнийг салбарын сайд мэдэгдлээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр Туулын хурдны замын ажлыг шууд эхлүүлэхгүй бөгөөд эхлээд олон нийтийн хэлэлцүүлэг, бэлтгэл ажлуудыг хийсний дараа үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн юм.
Хотын дарга Х.Нямбаатар: Туулын хурдны замыг үргэлжлүүлэх шийдвэр гарсан ч ойрын хугацаанд шууд бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй. Юуны өмнө олон нийтийн хэлэлцүүлгийн ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд оролцсон эрдэмтэн судлаачид иргэдэд зөв, бодит мэдээлэл өгөх бэлтгэл ажлыг хангана. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүдтэй уулзалт хийж, хамтарсан хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар төлөвлөж байна. Дөнгөж сая НҮБ-ын Монгол Улсад суугаа суурин төлөөлөгчтэй энэ асуудлаар уулзлаа. Сүүлийн 45 хоногийн хугацаанд хийсэн судалгаагаар Туулын хурдны замтай холбоотой давхардсан тоогоор 32 сая орчим пост, сэтгэгдэл цахим орчинд нийтлэгдсэн байна. Эдгээрээс хамгийн их яригдаж буй асуудал нь уг бүтээн байгуулалт Туул голын усны нөөцөд сөргөөр нөлөөлж, ус багасах эрсдэл үүсгэж болзошгүй гэх болгоомжлол юм. Энэ асуудлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тодорхой тусгасан байгаа бөгөөд олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатай байна.
Туул гол нь Хэнтийн нурууны өврөөс эх авдаг бөгөөд нийт урсацынхаа 25 хувийг мөнх цэвдгээс, үлдсэн 75 хувийг тухайн жилийн хур тунадасны усаар бүрдүүлдэг онцлогтой. Мөн Улаанбаатар хотыг дайран өнгөрдөг 200 гаруй гүүрийн асуудал хөндөгдөж байна. Ялангуяа гүүрний тулгуур багануудыг голын ай савд байрлуулах нь газрын гүний ус болон урсацад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг дээр нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Одоогоор хэдэн ширхэг тулгуур багана байгаа, тэдгээр нь усны нөөцөд ямар нөлөө үзүүлж байгааг ч мөн шинжлэх хэрэгтэй байна. Түүнчлэн, Тойрог хурдны замын тендерийг дахин зарлана. Тухайлбал Нэгдүгээр хорооллоос хойш Баянхошуу, Баянхошуун хойд түнээл, 5 буудал, 6 буудал, Дарь-Эх чиглэлээр цаашлаад урагшаа Монел, Шархад, Жанжин клуб хүртэл үргэлжлэх чиглэлд олон тулгуур багана бүхий томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Энэ ажлуудын хүрээнд ч мөн олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Ерөнхий сайдын санаачилсан Чөлөөлье аяны хүрээнд нийслэлээс олгодог мэдэгдлийн тогтолцоотой 100 гаруй үйлчилгээг чөлөөлсөн. Энэ шийдвэрт ТҮЦ гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Скүүтер, мопедын хөдөлгөөний тухайд гуравдугаар сарын 15-нд захирамж гаргаж, явган хүний замаар зорчихыг хориглосон. Энэ захирамжийн хэрэгжилтийг цагдаагийн байгууллага хариуцна. Ер нь скүүтер, мопед явган зорчигчтой нэг зам дээр зэрэгцэн явах нь хүний эрхийн зөрчилд тооцогдох асуудал юм. Гадаадын зарим улс оронд цагдаагийн байгууллага нь хотын удирдлагад харьяалагддаг бол манайд Засгийн газрын харьяанд байдаг. Тиймээс хэрэгжилт хангалтгүй байгаа асуудлаар холбогдох цагдаагийн байгууллагаас тодруулаарай.