“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн Сүхбаатарын өнгө сонины сэтгүүлч Д.Улаанхүүхэний нийтлэлийг хүлээн авч уншина уу.
• • •

Аливаа улсын хөгжил шууд л ёс суртахуунтай иргэд, хүнд ээлтэй нийгэм, өндөр өндөр барилгуудтайгаа ирчихдэггүй. Сайхан нийгэм, сайхан амьдрал бий болох нь тодорхой цаг хугацааг туулахдаа хувь хүн, олон нийт, шийдвэр гаргагчдаас багагүй хэмжээний хичээл зүтгэл, бэрхшээл саад, оноо алдаануудын нийлбэрийн цогц байдаг.
Сүүлийн үед дундаж давхаргынхан туйлдаж буйг бид эргэн тойрноосоо тодоос тод харж байна. Тогтмол цалин авдаг иргэдийг үл тооцоод, эл давхаргынхан яагаад туйлдаж буйг бизнесийн ертөнцийн зөвхөн нэг салбар дээр жишээ авч үзье.
Бидний өдөр тутам үйлчлүүлдэг ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР. Хэрэглэгчид талх авахаас эхлээд гэртээ хэрэглэх хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг худалдан авдаг тул бид Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ дуртай байдаг. Тор дүүрэн юмтай гэртээ харих аав, ээжүүдийн сэтгэл ханамжийг чухамдаа энэ дэлгүүрүүд л хангадаг.
Харин тэдгээр Хүнсний дэлгүүр ажиллуулдаг бизнес эрхлэгчид юу туулж, ямар адармаатай шаардлагуудыг биелүүлэх гэж зүдэрдэг нь тор дүүрэн хүнс цуглуулж гэрийн зүг баяр хөөртэй харьдаг иргэд огт мэддэггүй. Тэгэх ч шаардлагагүй.