Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ОУВС өргөн хүрээтэй шатахууны татаас олгохоос зайлсхийхийг зөвлөв

ОУВС өргөн хүрээтэй шатахууны татаас олгохоос зайлсхийхийг зөвлөв
Нийтэлсэн 14 минутын өмнө
Ойрх Дорнод дахь дайнтай холбоотой эрчим хүчний цочролыг даван туулахын тулд өргөн хүрээтэй түлшний татаас олгохоос зайлсхийхийг Олон улсын валютын сан улс орнуудад анхаарууллаа.
Ойрх Дорнод дахь дайн дэлхийн төсвийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өндөр хүү, өсөж буй эрчим хүчний үнэ нь хөгжиж буй болон зах зээл нь бүрэлдэж буй орнуудаас төрийн дэмжлэг хүсэх шаардлагыг нэмэгдүүлж байна гэж ОУВС лхагва гарагт гаргасан “Fiscal Monitor” тайландаа дурджээ.
ОУВС-ийн төсвийн бодлогын газрын шинэ дарга Родриго Вальдесын хэлснээр нефтийн хомсдол болон эрчим хүчний үнийн огцом өсөлттэй тэмцэхийн тулд улс орнууд түлшний татаас олгохоос зайлсхийж, үүний оронд зорилтот, түр хугацааны мөнгөн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Ингэснээр бодит үнийн дохиог алдагдуулахгүй, эрэлт хэт өндөр хэвээр үлдэхээс сэргийлнэ гэж тэр үзжээ.
“Бидэнд нефть алга, эрчим хүч хүрэлцэхгүй байна. Тиймээс эрчим хүч хүн бүрт илүү үнэтэй байх ёстой. Ингэснээр зохицуулалт явагдаж, хэрэглээ буурна” хэмээн Вальдес Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
ОУВС мягмар гарагт эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулж, дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, нийлүүлэлтийн доголдол үргэлжилбэл дэлхийн эдийн засаг хямралын ирмэгт хүрч болзошгүйг анхааруулсан. Ялангуяа дайн өргөжиж, нефтийн үнэ 2027 он хүртэл баррель нь 100 ам.доллараас дээш хэвээр байвал энэ эрсдэл нэмэгдэх аж.
ОУВС-ийн дэд захирал Эра Дабла-Норрис одоогийн хариу арга хэмжээ нь 2022 онд Орос Украинд халдсаны дараах эрчим хүчний үнийн цочролтой харьцуулахад илүү хязгаарлагдмал байна гэв. Тэрээр "Улс орнууд асар том дэмжлэгийн багц гаргахгүй байна. Төсвийн боломж хязгаарлагдмал, богино болон дунд хугацаанд олон сонголтын зөрчилтэй тулгарч байгаа энэ нөхцөлд илүү сахилга баттай, зорилтот дэмжлэг үзүүлэх нь зөв гэж бид үзэж байна” гэжээ.
Түүнчлэн өнөөгийн дарамт намжсаны дараа улс орнууд дунд хугацааны сорилтуудад анхаарлаа хандуулах нь чухал гэж тэр онцолжээ. Учир нь нийгмийн халамжийн зардал нэмэгдэх, орлого буурах зэргээс шалтгаалан олон улсын хэмжээнд төрийн өр өссөөр байна.
ОУВС-ийн зөвлөмж: Нөхцөл байдал тогтворжсоны дараа төсвийн нөөцийг яаралгүйгээр, гэхдээ шуурхай сэргээ.
IMF шинээр үүсч буй эрсдлүүдийг ч дурдсан байна. Үүнд өрийн зах зээлд хедж сан зэрэг хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж, урт хугацаанд өрийг тогтвортой барих чадвар сулрах эрсдэл багтжээ. Мөн өрийн хугацаа богиносож, богино хугацааны хүүгийн өөрчлөлт өрийн динамикт илүү хурдан нөлөөлөх болсон байна.
Үүнээс гадна аюулгүй байдлын зардал, эрчим хүч болон уур амьсгалын шилжилтийн зардал нэмэгдэж, орлогын өсөлт хангалтгүй байгаа нь төсвийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Худалдаа, санхүүгийн хуваагдал гүнзгийрвэл эдийн засгийн өсөлт саарч, зээлийн өртөг өсөх эрсдэлтэй. Мөн улс төрийн тогтворгүй байдал нь шинэчлэл, орлогын бүрдүүлэлтийг саатуулж болзошгүй гэж ОУВС анхаарууллаа.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн