ОХУ-д төрж өссөн ч FACEIT дээр Монголын далбаатай тоглодог Б.Майдар буюу “nocriес” нь Хойд Америкийн өндөр чансаатай тоглогчдын нэг болж, ур чадвараа баталж чадсан залуу юм. Тэрээр 2022 оны нэгдүгээр сарын 29-нд FACEIT платформд бүртгүүлснээс хойш богино хугацаанд Хойд Америкийн дээд түвшний тоглогчдын эгнээнд багтсан. Анх зургаан настайдаа “Counter-Strike 2” тоглож эхэлсэн бол 11 наснаасаа аавтайгаа хамт “Counter-Strike: Global Offensive”-ийг тоглож, ур чадвараа эрчимтэй хөгжүүлжээ.
Өндөр гүйцэтгэл нь түүнийг олны анхааралд оруулсан ч эсрэгээрээ “cheater” гэх хардлагыг дагуулж эхэлсэн байна. Хойд Америкийн олон тоглогч түүнийг тоглолт бүрийн дараа буруутгаж байсан нь улмаар FACEIT-ийн зүгээс тусгай шалгалт хийхэд хүргэсэн юм. Тодруулбал, Б.Майдарыг Нью-Йорк дахь оффистоо дуудаж, тусгай хяналттай төхөөрөмж дээр тоглуулан “cheat” ашиглаж байгаа эсэхийг нягталжээ. Энэхүү шалгалтын үеэр ч түүний тоглолтын үзүүлэлт огт буураагүй бөгөөд өмнөх оны есдүгээр сарын 24-нд таван тоглолтоос дөрөвт нь ялж, бүх статистикаар багаа тэргүүлсэн үзүүлэлт үзүүлжээ. Эцэст нь FACEIT албан ёсоор түүнийг “цэвэр тоглогч” хэмээн баталснаар Б.Майдарын ур чадвар эргэлзээгүй гэдгийг нотолсон юм.