Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Монголын улс төр Хятадын Элчин сайдыг мэдэгдэл гаргахад хүргэв

Монголын улс төр Хятадын Элчин сайдыг мэдэгдэл гаргахад хүргэв
Нийтэлсэн 9 минутын өмнө
Харбины гэрээ буюу Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын гэрээг манай улс БНХАУ-тай өнгөрсөн оны хоёрдугаар сард байгуулсан.
16 жил гацсан төмөр замыг холбохдоо хоёр улс 16 жил нүүрс нийлүүлэх, олборлох гэрээг хамт хийж, "Гурвыг цогцоор" гэсэн БНХАУ-ын саналыг хүлээн авч гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа тус гэрээгээр 16 жил нүүрсээ хямд үнээр өгч 34 их наядын алдагдал хүлээхээр байгааг Г.Занданшатарын Засгийн газраас мэдэгдэж эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар тус гэрээгээр УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, УИХ-д оруулсан ч дэмжэгдээгүй.
Тэгвэл Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн даваа гарагт тус асуудалтай холбоотойгоор байр суурь илэрхийлсэн. Ингэхдээ БНХАУ-ын тал "энэ гэрээг ил болговол манай улсаас нүүрс авахгүй" гэсэн хэмээн ярьсан. Тэгвэл Зам тээврийн сайдын өгсөн ярилцлагатай холбоотойгоор БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн цахим хуудастаа тайлбар мэдэгдэл гаргажээ.
Тэрээр "Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ.Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно.Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой.Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе" гэжээ.16 жил гацсан төмөр замын хилийг холбохоор хийсэн гэрээ нь Монгол Улсад алдагдалтай байсан гэх дотоодын улс төржилтөөс болж БНХАУ-ын Элчин сайд ийнхүү мэдэгдэл гаргажээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн