Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулдаг “4:11” хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хүргэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын өргөн барьж, хэлэлцэх эсэх нь яригдаж буй гадаадын зээлийн ашиглалт үр ашгийг сайжруулах хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт: Манай нам цаашдаа дотоод эв нэгдлээ хангаж ажиллана. 2027-2028 онд давхар дараалсан ялалтыг байгуулахын тулд боловсон хүчин болон санхүүгийн олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулан С.Цогтгэрэл даргатай нэг баг болж дээрх ажлыг хийхээр зорьж байна. Өчигдөр болсон улс төрийн зөвлөлийн хурлаар намынхаа үйл ажиллагааны гурван том журмын танилцуулгыг хэлэлцсэн. Улс төрийн зөвлөл, Бодлогын зөвлөл, Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмыг хэлэлцэж, тус бүрд дээр нь Ажлын хэсэг байгууллаа. Хяналтын ерөнхий хороо гэхэд даргаа сонгож, дотроо гурван дэд хороог байгуулсан Өнөөдөр хуралдаж тус хороодынхоо даргыг сонгоно. Энэ хороо нь нэг талаас намын маань үндсэн хуулийн цэц, дээд шүүх, дотоод зохион байгуулалтын сонгуулийн ажлыг удирддаг гурвалсан функцтэй байгууллага. Улс төрийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ сонсогдсон. Одоо үлдсэн хоёр асуудлаа шийдчихвэл дотоод зохион байгуулалтын асуудал бүгд жигдэрнэ. Аймгуудын хувьд анхны хурлаа хийсэн. Дотоод зохион байгуулалтынхаа асуудалтай холбогдуулан дараа дараагийнхаа хурлыг хийж байна. Би ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан эсэргүүцэл үзүүлээд байгаа бүх гишүүд, фракцуудын төлөөлөл, УИХ-ын гишүүн гэхчлэн бүх хүмүүстэй уулзана. Бид дотоод зөрчлөө маш богино хугацаанд шийдвэрлэх ёстой.
УИХ дах Ардчилсан намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх,намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуульд ач холбогдол өгөөд явж байхтай зэрэгцээд улсын төсөв санхүүгийн системд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй хуулийн төслийг зарим гишүүд санаачлан өргөн бариад, хэлэлцүүлэг нь эхлэх гэж байна. Энэ бол гадаад зээлийн ашиглалт үр ашгийг сайжруулах тухай хууль. Уг хуулийн гол санаа нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв гэсэн гурван төслийг улсын төсвөөр гаргая, зээлийн зардлыг төсвийн хязгаараар баталсан зардлын өсөлтөд тооцохгүй байя. Энэ гурван төсөлтэй холбоотой зардлыг нэгдсэн төсвийн алдагдалд тооцохоо болье гэсэн агуулгатай. Сүүлийн 10 жил буюу 2016-2025 оны хооронд батлагдсан 10 төсвийн найм нь алдагдалтай байсан. Энэ хугацаанд хуримтлагдсан нийт төсвийн алдагдлыг тооцож үзвэл 15.9 их наяд төгрөг болж байна. Дөрвөн жилийн өмнө монгол улсын нийт төсөв 15 орчим их наяд төгрөг хүрч байсан. Ингээд бодохоор 15.9 их наяд гэдэг маш их алдагдал. Ерөнхийдөө төсвийн тэлэлт хяналтгүй байна. Энэ том төслүүдийг хэрэгжүүлбэл төсвийн алдагдлыг илүү ихээр нэмнэ. Ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь маш том эрсдэл дагуулж болзошгүй. Энэхүү гурван төсөл дээр ярихад ирэх жил нийтдээ 3.5 тэрбум орчим ам.долларын гадаад зээл, зардлын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ 10-15 хувьтай тэнцэх хэмжээний алдагдлыг төсвийн хуулиасаа гаргая, нуучихъя гэсэн агуулгатай хуулийн төсөл орж ирж байна. Энэ нь Монгол Улсын төсөв нэгдмэл, тогтвортой байх гэсэн зарчмуудад харшилж байна гэж үзэж байна. Иймээс энэхүү асуудлын талаар бүлэг дээр гишүүдтэйгээ ярилцаж нэгдсэн байр суурьд хүрч, тодорхой болгоно.