Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал өнгөрсөн онд 1.2 их наяд хүрч байсан бол оны эхний улиралд 1.4 их наядад хүрчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ оны эхний улиралд 7.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 764.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Уг өсөлтийг орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын орлого зэрэг бүрдүүлсэн байна. Татварын нийт орлого гэхэд өмнөх оныхоос 75 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 5.9 их наяд болжээ. Гэхдээ Орлогын албан татварын орлого 343 тэрбум, Онцгой албан татаварын орлого 93 тэрбум төгрөгөөр буурсан нь анхаарал татаж байна.
Хэдийгээр орлого өссөн боловч зарлагын өсөлт үүнээс давжээ. Тухайлбал, төсвийн зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос 1.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, хөрөнгийн зардал 84 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Төсвийн алдагдал энгийн тооцоолоор 0.5 их наяд төгрөг байгаа ч тэнцвэржүүлсэн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь төсвийн бодит дарамт илүү өндөр байгааг илтгэж буй үзүүлэлт юм. Хэрэв төсвийн алдагдал цаашид тэлсээр байвал төгрөгийн ханш сулрах, инфляц өсөх эрсдэлтэй. Цаашилбал, улсын өрийн тогтвортой байдал алдагдаж, олон улсын зээлжих үнэлгээ буурах аюултай. Иймээс төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, орлого олох өөр эх үүсвэрийг бий болгох, нэн яаралтай төсвийг тодотгон эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах шаардлага үүсэж буйг эдийн засагчид сануулж байна.