Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга Ойрх Дорнод дахь дайнд нэрвэгдсэн орнуудад ойрын 15 сарын хугацаанд 80–100 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой гэж мэдэгдлээ. Энэ нь цар тахлын үед олгосон 70 тэрбум ам.доллараас давсан хэмжээ юм.
Түүний хэлснээр, ойрын саруудад 20–25 тэрбум ам.долларыг Хямралын хариу арга хэмжээний сангаар дамжуулан гаргах бөгөөд ингэснээр улс орнуудад өмнө батлагдсан хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 10 хүртэлх хувийг хугацаанаас нь өмнө ашиглах боломж олгох аж. Мөн ойролцоогоор зургаан сарын дараа одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг өөрчлөн чиглүүлэх замаар нэмэлт 30–40 тэрбум ам.доллар босгох боломжтой гэжээ.
Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны хаврын уулзалтын үеэр хийсэн түүний мэдэгдэл нь энэхүү дайн дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляцад асар их нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Ялангуяа хөгжиж буй орнууд хамгийн ихээр өртөх төлөвтэй байна. ОУВС мягмар гарагт эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, өсөлт саарч, инфляц өсөх хэд хэдэн хувилбарыг танилцуулсан. Хэрэв дайн гараагүй бол өсөлтийн таамгаа 0.1 нэгжээр нэмэгдүүлж 3.4 хувь болгох байсан гэж тус байгууллага мэдэгджээ.
Хэрэв дайн удаан үргэлжилж, санхүүгийн хэрэгцээ нэмэгдвэл Дэлхийн банк өөрийн баланс болон санхүүгийн нөөц боломжийг ашиглан 80–100 тэрбум ам.долларын санхүүжилтийг бүрдүүлэх шаардлагатай болно гэж Банга Bretton Woods Committee-ийн зохион байгуулсан арга хэмжээний үеэр хэлсэн байна. Тэрээр “Би нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамааран шатлалтай хариу арга хэмжээ авах чадвартай хэрэгслийн багцыг бүрдүүлэхийг зорьж байна. Ингэснээр асуудлыг шийдвэрлэхэд хангалттай нөөц дайчлах боломжтой болно” гэж хэлжээ.
ОУВС-ийн захирал Кристалина Георгиева тус арга хэмжээний үеэр хэлэхдээ, хэрэв дайн ойрын долоо хоногуудад дуусвал дэлхийн эдийн засаг хурдан сэргэх боломжтой. Харин зун хүртэл сунжирвал нөхцөл байдал улам дордоно гэж анхааруулжээ.
Банга, Георгиева нар улс орнуудыг эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг бууруулахдаа чиглэсэн, түр хугацааны арга хэмжээ авахыг зөвлөж, харин инфляцыг улам өдөөж болзошгүй өргөн хүрээтэй татаасаас зайлсхийхийг уриалжээ.