Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Өдрийн сурвалжилга: Үнэ нь нэмэгдэх сургаар зах, худалдааны төвүүд гурил нөөцөлж эхэлжээ

Өдрийн сурвалжилга: Үнэ нь нэмэгдэх сургаар зах, худалдааны төвүүд гурил нөөцөлж эхэлжээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Өдрийн 14:00 цагийн орчимд бид “Баянзүрх зах”-ыг зорилоо. Дизель түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байгаа энэ үед хүнсний гол нэрийн бараа болох гурил, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сартай харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөнийг газар дээр нь тодруулахаар очсон юм. Биднийг очих үед захын хөл хөдөлгөөн хэвийн байв. Иргэд ихэвчлэн нэг өдрийн болон ойрын хэд хоногийн хэрэглээндээ зориулан хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, гартаа тор нь дүүрээгүй хүнстэй захаас гарч байгаа харагдана.
Хүнсний ногоо болон нарийн ногооны худалдагчдаас тодруулга авах гэсэн боловч ихэнх нь яриа өгөхөөс татгалзаж байлаа. Зарим нь “Ер нь хүнсний ногооны үнэ нэмэгдээгүй. Саяхан шар манжингийн үнэ бага зэрэг нэмэгдэж ирсэн. Гэхдээ бид өмнөх үнээрээ л борлуулж байгаа” хэмээн товч хариулсан юм. Дараа нь бид гурилан дээр очиж нөхцөл байдлыг тодруулахад мөн адил мэдээлэл өгөхөөс зайлсхийж байв. Тэдний хэлж буйгаар борлуулагчид 2–3 хоногийн дараагаас гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн болохоор зарим худалдаачид нөөц бүрдүүлж байгаа аж.
Хэрэв гурилын үнэ өсвөл талх, нарийн боов зэрэг өдөр тутмын хэрэглээний үнэ дагаад нэмэгдэх эрсдэлтэй. Махны үнэ аль хэдийн өссөн, нөөцийн мах хүртэл нэмэгдсэн энэ үед гурилын үнийн өсөлт иргэдийн өрхийн амьжиргаанд нэмэлт дарамт болох юм.
"Баянзүрх зах"-ын худалдагч А.Сарангоо (нэрийг өөрчлөв) Одоогоор 1-р гурил 2500-3000 төгрөгийн хооронд байна. Дээд гурил 3500 төгрөгийн үнэтэй. 5 кг-ын гурил 12,500-15,000 төгрөг, 10 кг нь 12,500-14,000 төгрөгийн үнэтэй байгаа. Харин 25 кг-ын гурил хямд буюу 55,000-57,000 төгрөгөөр зарагдаж байна.
Ер нь гурилын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад өсөөгүй, тогтвортой байна. Би өөр хүний оронд сууж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа.
"Баянзүрх зах"-ын худалдагч Г.Баатархүү (нэрийг өөрчлөв) Уг нь манай эхнэр лангуун дээрээ зогсдог юм. Би хааяа нэг суудаг болохоор нэг их сайн мэдэхгүй байна.
Сүүлийн үед борлуулагч нар ирэхдээ 2-3 хоногийн дараа гурилын үнэ нэмэгдэж магадгүй гэсэн. Тэр сургаар нь бид гурилаа бага зэрэг нөөцөлж авч байгаа.
Харин худалдан авалтын хувьд сайнгүй байна. Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа нь мэдэгдэж байна.
•     •     •
Статистикийн мэдээллээр хүнсний гол бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад дунджаар 2.5 хувиар, өмнөх сараас 7.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Махны төрлүүдийн хувьд бага зэрэг өсөлт ажиглагджээ. Тодруулбал, ястай хонины мах нэг килограмм нь 24,984 төгрөгт хүрч, өмнөх долоо хоногоос 5.3 хувиар нэмэгдсэн байна. Харин ястай үхрийн мах 28,545 төгрөг болж 0.8 хувиар, ямааны мах 15,616 төгрөг болж 1.0 хувиар тус тус өсжээ.
Өргөн хэрэглээний бусад хүнсний бүтээгдэхүүний хувьд харьцангуй тогтвортой байдал ажиглагдсан байна. Нэг килограмм нэгдүгээр зэргийн гурил 2507 төгрөг, 600 граммын “Атар талх” 2695 төгрөгийн үнэтэй бөгөөд өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй хэвээр байна. Мөн сонгино нэг килограмм нь 4329 төгрөг, дотоодын төмс 3156 төгрөгийн үнэтэй байна.
Харин өндөгний үнэ бага зэрэг буурсан байна. Нэг ширхэг өндөг 608 төгрөг болж, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар хямдарчээ. Үүнтэй зэрэгцэн “Миний Монгол” сүүний нэг литр 5043 төгрөг болж 0.6 хувиар өссөн бол элсэн чихэр нэг килограмм нь 4951 төгрөг, цагаан будаа 4966 төгрөгийн үнэтэй байна.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ерөнхийдөө тогтвортой байгаа ч мах болон зарим бүтээгдэхүүний үнэ бага хэмжээгээр өсөх хандлага ажиглагдаж байна.
undefined
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн