Open iToim app
Улс төрийн намууд | 2 мин уншина

С.Баярцогт: АН-ын фракцуудын эв нэгдлийг хангаж, 2027, 2028 онд намаа ялуулахын төлөө ажиллана

С.Баярцогт: АН-ын фракцуудын эв нэгдлийг хангаж, 2027, 2028 онд намаа ялуулахын төлөө ажиллана
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Төрийн ордонд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж дууслаа. АН-ын дарга О.Цогтгэрэл Улс төрийн зөвлөлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилох санал оруулж, дийлэнх олонх нь дэмжжээ. Улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал болон цаашид ямар бодлого барьж ажиллах талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтоос тодрууллаа.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт "АН-ын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэчилсэн дүрмийн дагуу АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нэг сарын хугацаанд ажиллах зохицуулалттай болсон. Намын даргын зүгээс нэр дэвшүүлсэн хүн Үндэсний бодлогын хорооны хурлаас олонхын санал аваагүй учраас өнөөдөр Улс төрийн зөвлөлийн хуралдаан дээр миний нэрийг санал болгон оруулж ирсэн бөгөөд дийлэнх олонх нь дэмжсэн учраас миний бие нэг сар гаруй Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллана. Өмнө нь АН арваад жил албан ёсны генсекгүй, дандаа үүрэг гүйцэтгэгчтэй байсан. Өмнөх дүрмүүдээр үүрэг гүйцэтгэгчийн хугацааг тодорхойлоогүй байсан учраас маш урт хугацаанд үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж ирсэн. Шинэчилсэн Улс төрийн намын тухай хууль болон манай намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ дүрмээр нэг сарын хугацаанд үүрэг гүйцэтгэгчтэй ажиллахаар заасан. Нэг сарын дараа буюу Үндэсний бодлогын хороо тавдугаар сарын 15-аас өмнө хуралдаж, энэ асуудлаа цэгцэлж дуусгана. Дээр нь Ардчилсан нам таван дэд даргатай байна гэж заасан. Энэ таван дэд даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Өнөөдрийн Улс төрийн зөвлөлийн хурлаар АН-ын үйл ажиллагааны гурван том журмын танилцуулгыг хэлэлцлээ. Улс төрийн зөвлөл, Бодлогын зөвлөл, Хяналтын ерөнхий хорооны үйл ажиллагааны журмыг хэлэлцэж, тус бүрд дээр нь Ажлын хэсэг байгууллаа.
АН Улс төрийн намын тухай хууль болон шинэ дүрмийнхээ дагуу бүтэц зохион байгуулалтын ажлаа бүгдийг нь богино хугацаанд хийж дуусгах ёстой. Дээр нь Ардчилсан нам өөрөө маш олон фракцын нэгдэл дээр байдаг учраас эв нэгдлийн асуудлыг хамгийн түргүүнд хангаж ажиллах ёстой. Тиймээс миний бие аль болох бүх фракцын лидерүүд, гишүүдтэй, ҮБХ-ны гишүүд, дунд болон анхан шатны намын гишүүдтэйгээ тулж ажиллана. Бидний өмнө тулгамдсан олон асуудал байгаа. Хамгийн гол нь 2027, 2028 оны сонгуулиудад ялахын тулд боловсон хүчнээ бэлдэх асуудал маш чухал байна. Үе шаттай сургалтуудад анхаарлаа төвлөрүүлнэ. Бүтэц зохион байгуулалтаа маш хурдан зохицуулж, улс төрийн кампанит ажилдаа орох бодолтой байна" гэлээ.

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн