Open iToim app
Ярилцлага | 6 мин уншина

Н.Энхзул: Холын марафонд өөрт тохирсон хурдаар тогтмол гүйх нь хамгийн чухал

Н.Энхзул: Холын марафонд өөрт тохирсон хурдаар тогтмол гүйх нь хамгийн чухал
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Гүйлт бол зөвхөн биеийн тамирын нэг төрөл биш, харин хүнийг сахилга баттай, тэсвэр тэвчээртэй, өөртэйгөө нүүр тулах чадвартай болгодог амьдралын нэг хэсэг юм.
“Гүйлээ гүйлээ” гүйлтийн клубийн үүсгэн байгуулагч Н.Энхзул анх хоёр километрт арай ядан гүйдэг байсан бол өнөөдөр есөн удаагийн марафонд оролцож, олон арван хүнийг гүйлтэд уриалан нэгтгэж байна. Бид түүнтэй гүйлтийн спортын үнэ цэн, зөв хандлага болон клубийнх нь талаар ярилцлаа.
-Та гүйж эхлээд хэр удаж байгаа вэ. Яагаад гүйлтийн спортоор хичээллэхээр шийдсэн бэ?
-Би бусад хүмүүс шиг анхнаасаа идэвхтэй гүйдэг хүн байгаагүй. Эхлэх үедээ хоёр километр арай гэж туулдаг байсан үе бий. Гэхдээ энэ спортыг сонирхсоор одоо арван жил болж байна. Энэ хугацаанд ёсөэ марафонд оролцсон. Одоо ч гэсэн энэ жилийн марафонд бэлдэж байна. Анх гүйх болсон шалтгаан ерөөсөө өөрийгөө сорих хүсэлтэй холбоотой байсан. Гэхдээ явцын дунд гүйлт нь зөвхөн биеийн биш, сэтгэлзүйн хувьд ч том өөрчлөлт өгдөг гэдгийг ойлгосон.
undefined
-Гүйж байгаа болон гүйх гэж байгаа хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Гүйгээд, энэ спортод хайртай болоод ирэхэд өөрийнхөө биед тохирсон, эвтэйхэн хурдаар гүйх нь зүгээр гэж сүүлийн арван жил гүйж байгаа хүний хувьд ойлгож аваад байгаа.
-Танд гүйж эхлэхээсээ өмнө үүнийг мэддэг байсан ч болоосой гэсэн зүйл бий юу?
-Хамгийн гол нь хүмүүс гүйлтийг “хэт хурдан, хамаг хурднаараа гүйх ёстой” гэж буруу ойлгодог. Биеийн тамирын хичээл дээр хамгийн хурднаараа гүйгээд, амьсгаадаж уралдах ёстой гэсэн ойлголт суучихсан байсан. Гэхдээ бодит байдал дээр гүйлт бол өөрийн биеийн хэмнэлээ олох тухай спорт юм. Холын марафонд өөрт тохирсон хурдаар тогтмол гүйх нь хамгийн чухал. Хэт хүчлэх нь эсрэгээрээ гүйлтийг үзэн ядах шалтгаан болдог.
-Та долоо хоногийн гүйлтдээ хэр их цаг зарцуулж, хэдэн километр гүйдэг вэ?
-Би долоо хоногт дунджаар гурван удаа гүйдэг. Нэг удаагийн гүйлт зай, бэлтгэлийн зорилгоосоо хамаараад 8–20 километрийн хооронд хэлбэлздэг. Марафонд бэлдэж байгаа үедээ ачааллаа нэмэгдүүлж, урт зайны гүйлтүүдийг түлхүү хийдэг. Харин бусад үед биеэ сэргээх, тогтвортой хэмнэл хадгалах нь чухал байдаг.
undefined
-“Гүйлээ гүйлээ” гүйлтийн клуб хэзээ байгуулагдсан бэ. Ямар зорилгоор эхэлсэн бэ?
-Клубийн эхлэл нь ердөө миний инстаграм хаягаас эхтэй. Би гүйлтээ хуваалцаад байхаар өөрөө “гүйлтээс өөр амьдралгүй хүн шиг” харагдаж байгаагаа анзаарсан. Тэгээд гүйлтийн талаар илүү өргөн утгаар нь контент хийж, хүмүүсийг уриалах зорилгоор “Гүйлээ гүйлээ” хаягийг нээсэн. Хаяг нээсэн үед ковид гараад дасгал хөдөлгөөн чухал учраас хүмүүсийг гүйх үедээ “Гүйлээ гүйлээ”-г тааглаад нэгнээсээ урам зориг аваасай гэдэг үүднээс эхлүүлсэн. Тэр үед хүмүүсийг урамшуулах, хамтдаа гүйх орчныг бий болгох зорилгоор анхны хамтын гүйлтээ зохион байгуулсан. Эхний уулзалтад 5 хүн ирж байсан. Бүгд миний үеийн нэгнийгээ танихгүй хүмүүс бие биеэ харж, нэгнээсээ жоохон ичингүйрсэн хүмүүс л гүйж байлаа. Өнөөдөр тогтмол 60 гаруй хүн хамрагддаг болсон байна. Марафон дөхөөд ирэхээр хамтдаа гүйх сонирхолтой хүмүүс ирдэг. Энэ хүмүүсийн саналыг нэгтгэж байгаад цагаа товлоод гүйдэг.
undefined
-“Гүйлээ гүйлээ” гүйлтийн клубийн өдөр тутмын гүйлт хэрхэн явагддаг вэ?
-Бид ихэвчлэн долоо хоногт гурван удаа буюу гурав дахь болон амралтын хоёр өдөр хамтдаа гүйдэг. Амралтын өдрийн гүйлтэнд илүү холын гүйлт хийхийг зорьдог. Гүйлтийн өмнө заавал халаалт, үе мөч идэвхжүүлэх дасгал хийдэг. Хурдны гүйлт, урт зайны гүйлт, хөнгөн сэргээх гүйлт гэж хувааж төлөвлөдөг. Хүн бүрийн түвшин өөр учраас нэг хэмнэлд тулгахгүй, өөрийн биед тохируулж гүйхийг чухалчилдаг.
-Хамгийн хөгжилтэй бэлтгэлийн дурсамжаасаа хуваалцаач.
-Бэлтгэлийн үеэр гэхээсээ илүү, бэлтгэлийн дараа олуулаа сууж, танилцдаг. “Гүйлээ гүйлээ” дээр хамт ирж гүйсэн хүмүүсээс долоон хос төрсөн. Өөрийгөө их буян хийж байгаа гэж бодож байна.
Турк улсад марафонд оролцох үед тэндхийн хүмүүс нь гүйлтийн хувцастай олуулаа хөгжилдөж байсан. Монголд очоод гүйлтийн клубээ идэвхтэй болгох үүднээс “яагаад адилхан бэлтгэлийн хувцастай хамтдаа хөгжилдөж болохгүй гэж” хэмээн бодсон. Тэрхүү хамтдаа хөгжилтэй дасгалаа хийж байгаа хүмүүс шиг бид ч бас тэгж байгаа.
undefined
-Марафон болон өдөр тутмын гүйлт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
-Гүйлт миний амьдралыг маш их өөрчилсөн. Хамгийн түрүүнд сахилга бат суулгасан. Өглөө босох, тогтмол хөдөлгөөн хийх, зорилготой амьдрах хэв маягийг бий болгосон. Мөн сэтгэлзүйн хувьд илүү тайван, тэвчээртэй болгосон. Хамгийн чухал нь гүйлтээр дамжуулж олон шинэ хүмүүстэй танилцаж, нэг зорилгын дор нэгдэж чадсан явдал.
Анх өөрийгөө сорих зорилгоор эхэлсэн энгийн нэг алхам өдгөө Н.Энхзулын хувьд амьдралын хэв маяг болж, олон хүнийг гүйлтээр дамжуулан нэгтгэсэн утга учиртай үйлс болон өргөжжээ. Түүний хувьд гүйлт бол хурд, өрсөлдөөнөөс илүүтэйгээр өөрийгөө таньж мэдэх, даван туулах урт аялал юм. Өнөөдөр “Гүйлээ гүйлээ” клуб зөвхөн гүйх дуртай хүмүүсийн нэгдэл бус, эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, бие биедээ урам зориг өгдөг хамт олон болж чадсан байна.
Холын марафонд гүйх гэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө
1. Бэлтгэлээ эрт эхэл. Марафонд амжилттай оролцохын тулд бэлтгэлээ аль болох эрт эхлүүлэх нь маш чухал. Бие махбод ачаалалд дасан зохицоход хугацаа хэрэгтэй байдаг. Гэнэт их зайнд гүйх нь гэмтэлд хүргэх эрсдэлтэй. Иймээс багаас эхэлж, тогтмол бэлтгэл хийснээр тэсвэр, хүч чадлаа аажмаар нэмэгдүүлнэ.
2. Бага багаар зайгаа нэмэгдүүл. Гүйлтийн зайг огцом нэмэгдүүлэх нь булчин, үе мөчид хэт ачаалал өгдөг. Долоо хоног бүр зайгаа 10 хувиас ихгүй нэмэх нь хамгийн зөв арга. Ингэснээр бие ачаалалд дасаж, гэмтэл авах эрсдэл багасна. Эхэндээ бага зайнаас эхэлж, аажмаар нэмэх хэрэгтэй. Урт гүйлт нь уралдааны бодит нөхцөлд дасан зохицоход тусалдаг.
3. Амралтыг бүү орхигдуул. Бэлтгэлийн адил амралт чухал үүрэгтэй. Булчин сэргээгдэхгүйгээр дахин ачаалал авах нь гэмтэл үүсгэнэ. Долоо хоногт дор хаяж нэгээс хоёр өдөр бүрэн амарч, биеэ нөхөн сэргээх хэрэгтэй. Амралтын үед хөнгөн сунгалт, алхалт хийх нь сэргэлтэд тустай байдаг. Мөн өөрт таарсан массаж хийж булчингаа суллаарай.
4. Зөв пүүз сонго. Гүйлтийн гутал бол марафоны амжилтад шууд нөлөөлөх хүчин зүйлийн нэг. Хөлд эвтэйхэн, доргилт шингээдэг, зориулалтын гутал сонгох хэрэгтэй. Шинэ гутлыг шууд уралдаанд өмсөхөөс зайлсхийж, урьдчилан туршиж дасгах нь чухал. Ингэснээр цэврүү, өвдөлтөөс сэргийлнэ.
5. Ус, шим тэжээлээ зөв ав. Гүйлтийн үед бие их хэмжээний ус, энерги алддаг. Иймээс бэлтгэл болон уралдааны үеэр ус тогтмол уух хэрэгтэй. Мөн нүүрс ус ихтэй хоол идэж, энергийн нөөцөө бүрдүүлэх нь чухал.
6. Хурд биш хэмнэл чухал. Марафоны эхэнд хэт хурдлах нь хамгийн түгээмэл алдаа. Эхний километрүүдэд хэмнэлээ зөв барих нь чухал. Хурд хэт их байвал сүүл хэсэгт ядрах магадлал өндөр. Тогтвортой, өөрт тохирсон хэмнэлээр гүйх нь барианд амжилттай хүрэх үндэс болдог.
7. Биеэ сонсож сур. Бэлтгэлийн явцад биеийн дохиог анхаарах хэрэгтэй. Өвдөлт, хэт ядаргаа илэрвэл хүчлэх нь гэмтэлд хүргэнэ. Ийм үед амарч, шаардлагатай бол эмчид хандах нь зөв. Биеэ зөв ойлгож, ачааллаа тохируулах нь урт хугацаанд амжилт гаргахад чухал.
8. Туршилтын гүйлт хий. Уралдааны өмнө бүх зүйлээ туршиж үзэх хэрэгтэй. Хоол, ус, гутал, хувцсаа бэлтгэл дээр туршсанаар гэнэтийн асуудлаас сэргийлнэ. Энэ нь уралдааны өдөр итгэлтэй, тайван байхад тусалдаг.
9. Сэтгэл зүйгээ бэлд. Гүйлтийг хэвшүүлснээр стресст өртөх магадлал багасаж,урт наслах эхлэл болдог. Марафон бол зөвхөн биеийн бус сэтгэлзүйн сорилт юм. Гүйх явцад шантрах тохиолдол их байдаг. Ялангуяа сүүлийн километрүүдэд сэтгэлзүй маш чухал үүрэгтэй. Өөрийгөө зоригжуулж, зорилгоо санах нь тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ гэж тэрээр зөвлөлөө.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн