Мөн Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.2 дахь хэсгийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэг нь эдийн засгийн гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 буюу мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ. Ингэхдээ 18.6.2-т заасан гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэснээр яллаж, энэ гэмт хэрэгт нь нэг жилийн хорих ял оногдуулсан байна.
Шүүхээс Эрүүгийн хуульд заасан дээрх хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангиудад тусгасан хорих ялын хамгийн бага хугацааг оногдуулж, шийтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн, авлига хахууль авсан нь нотлогдож, өөрөө хүлээн зөвшөөрч гэм буруутай нь тогтоогдсон хэнд ч дээрх хуулийн заалтаар ял онооно гэсэн үг. Үүнд авлигын хэмжээ их бага байх үл хамаарна. Шүүхийг ч ялгамжтай хандсан гэж буруутгах нь өрөөсгөл юм.
Эргэн сануулахад, 2022 онд нүүрсний гэх хэрэг гарсны дараа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нийтийн албан тушаалтнууд авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан бөгөөд Л.Бямбасүрэнд чангатгасан хуулийн заалт, зүйлчлэлээр ял оноож, нийтийн албан ажиллах эрхийг бүх насаар хасаж, энэ гэмт хэрэгт оноох хамгийн бага ялаар буюу 12 жил хорих ял оноожээ. Шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэр албажсаны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй ч нийтийн албан тушаалтны авлигын гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг дараагийн шатны шүүх бууруулахгүй байх зарчим өндөр болсон билээ.