Төрийн орон сууцны корпорац “Эко яармаг", “Солонго 1, 2” болон “Залуус 1” гэсэн томоохон барилгын төсөл хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцлаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ажлын хариуцлагын хүрээнд гадаад, дотоодын санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлд анхаарч ажиллахаа онцолсон юм. Түүнчлэн барилгын төслүүд дээр газар дээр нь очиж ажиллан, хэрэгжилтийн явцыг тогтмол шалгах бодлого баримталж буйгаа илэрхийллээ.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан: Нийслэл хотод 2026-2028 онд төрийн гэх тодотголтой 23 мянга орчим барилга ашиглалтад орно. Орон сууцны том бүтээн байгуулалтууд болох “Ногоон нуур 1008”, “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны 5002 төслүүдийг хэрэгжүүлж байгаа ба энэ оны хоёрдугаар хагаст багтаан 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, цахимаар сонгон шалгаруулалт явуулна. Мөн яамнаас нийт 57 га талбайд 5636 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажилд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид дундаас доош орлоготой 9 бүлгийн иргэдийг түрээсийн хэлбэрээр орон сууцаар хангах бодлого баримталж байна.

Төрийн орон сууцны корпорацын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагва-Очир: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Солонго 1, 2” төсөл 2024 оны долдугаар сараас барилгын ажлаа эхлүүлэн, одоогоор 68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус төсөл нь 17.9 га талбайд 66 блок барилга бүхий иж бүрэн хороолол хэлбэрээр хэрэгжиж байгаа бөгөөд 41-52 м.кв талбайтай зургаан төрлийн орон сууцны сонголттойгоор төлөвлөгдсөн. Үүний дараагийн томоохон бүтээн байгуулалт болох Морингийн даваанд хэрэгжих “Залуус 1” төсөл нь 57 га талбайд 5616 айлын 94 блок орон сууц барихаар байна. Мөн 1280 хүүхдийн багтаамжтай хоёр цогцолбор сургууль, 240 хүүхдийн зургаан цэцэрлэг, 4990 автомашины зогсоол бүхий дэд бүтэцтэйгээр баригдана.
Эхний ээлжийн барилгын ажлын хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дулаан хангамж, цэвэр болон бохир ус, цахилгааны дэд бүтцэд нийт 44 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулжээ. “Эко яармаг” төслийн тухайд 1686 айлын 36 блок орон сууц, 168-240 хүүхдийн хоёр цэцэрлэг, 360 хүүхдийн сургуультайгаар төлөвлөгдөн хэрэгжиж байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан “Ногоон нуур 1008” айлын орон сууцнаас 8 блокийг зөвхөн дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 756 өрхийг шууд орон сууцаар хангах бол 252 өрхийг түр суурьшуулах нөхцөлөөр шийдвэрлэнэ. Иймд уг төслийн орон сууцыг “түрээслээд өмчлөх” хэлбэрээр олгохгүй.
Харин төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг шинэчлэн баталж, орон сууцтай холбоотой харилцааг нэгдсэн байдлаар зохицуулсан байна. Энэхүү журамд: • Түрээслэх, өмчлөх, өмчлөлд шилжүүлэх нөхцөл • Дахин төлөвлөлтийн иргэдийг түр суурьшуулах журам • Зээлийн гэрээ байгуулах шаардлага • Иргэдэд тавигдах шалгуур, квот зэргийг тодорхой тусгажээ.Түүнчлэн квотын зохицуулалтаар төрийн албан хаагчдад нийт орон сууцны 35 хувийг олгохоор заасан бөгөөд үүнээс эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувийг тусгайлан хуваарилсан байна.
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын хаврын чуулганаар Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Түүнчлэн баригдаагүй барилга дээр урьдчилгаа авч, иргэдийг хохироосон тохиолдлуудыг таслан зогсоох зорилгоор хуульд шинэ зохицуулалт тусгахаар болжээ. Тодруулбал, барилгын ажил 30-аас дээш хувийн гүйцэтгэлтэй болсон тохиолдолд урьдчилгаа авах эрхтэй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг нэмж тусгахаар төлөвлөжээ.