Open iToim app
Монголчууд анх удаа FIDIC-ийн шар номын жишгээр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж ЧАДЛАА
Чадлаа | 8 мин уншина

Монголчууд анх удаа FIDIC-ийн шар номын жишгээр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж ЧАДЛАА

Монгол Улсад хэрэгжиж буй Усны Компакт гэрээний таван жилийн хугацаа дуусаж, хаагдлаа. Тодруулбал, АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Усны Компакт гэрээг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр эхлүүлж байсан. Таван жилийн хугацаанд Монгол Улс Усны Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 ам.долларын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийт 461.7 сая ам.долларын санхүүжилтээр гурван том төслийг амжилттай хэрэгжүүлж чадлаа.
Энэхүү гурван том төслийн нэг, Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг манай сайт энэ удаагийн #ЧАДЛАА буландаа онцолж байна. Энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалтад 4500 гаруй монгол хүн, 150 гаруй үндэсний компани оролцож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн FIDIC-ийн стандартаар үйлдвэрээ барьж, байгуулж чаджээ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын гүний усыг жилд 18 сая шоо метрээр хэмнэж, монголчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голын экосистемийг дэмжихэд чухал нөлөө үзүүлж байгаа юм.
FIDIC-ийн ШАР номын стандартаар барьсан Монголын анхны үйлдвэр
undefined
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах бүхий л процесс Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /FIDIC/-оос гаргасан улаан болон шар номын гэрээний дагуу хийгдсэнээрээ онцлог. Улаан ном буюу барилгын гэрээний дагуу захиалагч зураг төслийг гаргаж, гүйцэтгэгч зөвхөн тэр дагуу барилгын ажлыг хийдэг бөгөөд гэрээний хэрэгжилтийг хараат бус инженер хянаж, удирддаг байна. Шар ном гэдэг нь зураг төсөл-барилга угсралт, тохируулга, тоног төхөөрөмжийн стандартын гэрээнүүд юм. Хаягдал ус дахин боловсруулах төсөл хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нийт 17 барилга байгууламж бүхий Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, хоёр дахь нь энэ үйлдвэрээс гарсан усыг дулааны цахилгаан станцуудад дамжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх систем, тэр дунд 12 км шугам сүлжээ, өргөлтийн насос станц барих, ДЦС-уудын техникийн усны схемийн өөрчлөлт хийх зэрэг ажил байв. Энэ бүгдийг FIDIC-ийн гэрээний стандартаар барьж байгуулжээ.
FIDIC-ийн гэрээний дагуу төслийн захиалагч нь Монголын Мянганы сорилтын сан, Монгол Улсын Засгийн газар, ус дамжуулах систем, шугам хоолой, ДЦС-уудын техникийн усны схемийн өөрчлөлтийн нарийвчилсан зураг төслийг Германы “Фихтнэр Ватэр энд Транспортейшн” компани боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс интернэйшнл” компани ажилласан бол Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах ажлын үндсэн гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс проперти” компани, туслан гүйцэтгэгчээр Францын усны барилга байгууламжийн зураг төслийн томоохон компани болох “Egis Water Maritime” болон “Veolia Water Technologies” компани ажиллаж, АНУ-ын “Тетра Тек” компани хөтөлбөрийн менежментийн зөвлөхөөр ажиллаж захиалагчийн хяналтыг гүйцэтгэжээ. Үндсэндээ FIDIC-ийн гэрээний стандартыг нутагшуулах ажлыг монгол инженер техникийн ажилтнууд олон улсын экспертүүдийн дэмжлэгтэйгээр өөрсдөө хийсэн гэсэн үг.
Усны Компактын үр дүнд Монгол Улс усны  том үйлдвэртэй, монгол инженерүүд олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай үлдэв
undefined
Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан: Усны Компакт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Хаягдал ус боловсруулах томоохон үйлдвэртэй болж, дахин боловсруулсан усны хэрэглээг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа энэ хэмжээний өргөн далайцтайгаар нэвтрүүлж байгаагаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн FIDIC-ийн гэрээний стандартаар том хэмжээний усны барилга байгууламж барьж байгуулсан ур чадвар нутагшиж үлдэж байна. Дараагийн том төслийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж авч явах үндэсний хэмжээний чадавх бүрэлдэн бий болсон гэж харж байна. Манай төсөл дээр 4500 гаруй монгол хүн, дотоодын 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж барууны өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж байгаатай ижил, бүгд автомат. Манай үйлдвэрийн зураг төсөл дээр усны төслөөр дэлхийд тэргүүлэгч Францын компаниуд ажилласан. Технологийн процесст ашиглах тоног төхөөрөмжийг эдгээр компаниудын үйлдвэрлэсэн болон нийлүүлдэг тоног төхөөрөмжийг авч ашигласан. Мөн америк мэргэжилтнүүд маань монгол ажилчдыг сургах, чадавхжуулах ажлыг хариуцсан. Өнөөдрийн байдлаар Ус сувгийн удирдах газрын 40 гаруй хүн Америк, Францын үйлдвэр дээр туршлага судлаад байна гэлээ.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр хэрхэн ажиллах вэ
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжтай хүйн холбоотой ажиллах горимтой гээд хэлчихвэл буруудахгүй. Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлийн хэмжээнд төвлөрсөн бохир усанд эхний нэг, хоёрдугаар шатлалын цэвэрлэгээ хийж, MNS4943 гэсэн стандартад нийцүүлээд байгальд буюу Туул голд нийлүүлэх юм. Энэ уснаас нь тодорхой хэмжээгээр Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт авч, дөрвөн шатлалаар цэвэрлээд, MNS6734:2025 стандарт буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус” стандартад нийцсэн усыг III, IV дулааны цахилгаан станцад нийлүүлнэ.
Цэвэрлэх процессыг тайлбарлавал, шинэ Төв цэвэрлэх байгууламжаас ирсэн уснаас хоногт 50 мянган шоо метрийг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хүлээн аваад, эхлээд биологийн цэвэрлэгээ хийнэ. Усанд бичил биетийг үржүүлж, хүчилтөрөгчөөр дэмжих замаар бохир усан дахь нян бактерийг устгах, ялгах процесс гурван цаг, химийн цэвэрлэгээ нэг цаг үргэлжлээд, дараагийн тунгаах, шүүх процесс руу шилжинэ. Шүүж, цэвэрлэсэн усыг хлороор халдваргүйжүүлээд дамжуулах хоолойгоор дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр III, IV дулааны цахилгаан станцын жилд ашигладаг нийт усны 85 хүртэлх хувийг дахин цэвэрлэсэн усаар орлуулах боломжтой болж байна. Станцууд хөргүүртээ хүн амын ундны буюу гүний цэвэр ус ашиглаж байсныг дахин цэвэрлэсэн усаар орлуулж, гүний усны нөөцийг жилд 18 сая шоо метрээр хэмнэж, арвилан хамгаалж байгаа нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хамгийн үнэ цэнтэй өгөөж юм.
Сануулахад, хуучин төв цэвэрлэх байгууламжид цэвэрлээд гарсан усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт ашиглах боломжгүй. Учир нь, стандартын шаардлага зөрж, цэвэрлэгээний чанар хангахгүй аж. Тиймээс Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр баригдаж эхэлсэн цагаас Шинэ төв цэвэрлэх байгууламжтай хүйн холбоотойг сануулсаар иржээ.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг хоёр дахин өргөтгөх боломжтой
undefined
Шинэ төв цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган шоо метр бохир усыг цэвэрлэж байгальд нийлүүлдэг бөгөөд эндээс хоногт 50 мянган шоо метр усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр боловсруулж, дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх хүчин чадалтай.
Гэхдээ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барихдаа цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг тооцож, хоёр дахин өргөтгөх боломжтойгоор барьж байгуулсан байна. Анх 2017 онд үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийхдээ ямар хэмжээний үйлдвэр байгуулах вэ гэдэг нарийвчилсан судалгааг хийж, тэр дагуу ирээдүйд өргөтгөх боломжтойгоор барьжээ. Өөрөөр хэлбэл, хоногт 100 мянга, жилд 36 сая шоо метр хаягдал усыг дахин боловсруулах хэмжээнд хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой аж. Энэ нь цаашид зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй үйлдвэрлэл үйлчилгээний бусад салбарт ч дахин ашиглах цэвэрлэсэн усны хэрэглээг нэвтрүүлэх боломж нээлттэй байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бид гурил зуурдаг усаараа цемент зуурахаа болих үе рүү томоохон шат ахив.
Усны Компактын бүтээн байгуулалтаас тэд юу суралцсан бэ
undefined
Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн механик инженер Э.Сумъяабаяр: Усны Компактын төсөл дээр гурван жил ажиллаж байна. Том бүтээн байгуулалтад оролцож, их зүйл суралцсандаа баяртай байна. FIDIC-ийн улаан ном, шар номын стандартуудыг нутагшуулахад гар бие оролцлоо. Цаг хугацаатай, шахуу төслийг яаж цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх вэ, хоёрт, олон талт оролцогчтой төсөл дээр хэрхэн нэг чигт, нэг зорилгын төлөө ажиллаж сурах вэ гэдгийг ойлголоо. Механик инженер талдаа ч их зүйл сурсан. 1000, 700, 500-ийн диаметртэй 12 км үргэлжлэх шугам хоолой угсарсан. Бүтэн угсралт дээр ямар процессууд явагддагийг, том төсөл хэрхэн хэрэгждэгийг дэргэдээс нь харж, бусдаасаа ч их зүйл сурлаа. Миний хувьд олон улсын чанартай дөрөв дэх төслөө амжилттай дуусгаж чадлаа. Олон улсын төслийг том зургаар нь харж сурсан нь хамгийн том ололт юм.
“M-Си-Эс проперти” ХХК-ийн төслийн менежер О.Батзориг : Манай компани Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төслийг цаасан дээр буулгахаас эхлээд барьж байгуулах, тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга хийх зэрэг иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь олон нийтийн болон үйлчилгээний барилгуудаас эрс ялгаатай. Ач холбогдлын хувьд ч үнэ цэнтэй үйлдвэр. Жилд 18 сая шоо метр хаягдал усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудад хэрэглэн, ийм хэмжээний гүний усыг хэмнэж, ирээдүй хойчдоо үлдээнэ гэдэг бол байгаль экологид ч ач тустай, үр хойчид ч ээлтэй. Иймээс Монгол Улсын иргэн хүний хувьд, инженер хүний хувьд энэ төсөлд оролцсоноороо бахархаж байна.
Энэ үйлдвэрийн зураг төслөөс эхлээд барилга угсралтын шатуудад гарсан технологийн онцлогоос шат бүрд суралцаж, мэдлэгээ бататгах, дээшлүүлэхэд туршлага хуримтлууллаа. Үүнээс гадна үйлдвэрийн бүтээн байгуулалтыг олон улсын FIDIC-ийн улаан, шар номын дагуу хийсэн. Монгол Улсад FIDIC-ийн гэрээг цогц байдлаар ашиглаж, нутагшуулж чадлаа. Хувь хүн болон компанийн хувьд ч олон улсын гэрээний загварыг Монгол Улсад бүрэн хэмжээгээр ашиглаж, амжилттай хааж чадсан нь өөрөө том туршлага юм.
Хөтөлбөрийн менежментийн зөвлөх АНУ-ын "Тетра Тек" компанийн Талбайн хяналтын инженер Б.Энхбаяр: Олон улсын гэрээнд мөрдөгддөг дүрэм журмаас суралцсан нь монгол инженерүүдэд маш том туршлага боллоо. Монголд нас залуу боловч чадварлаг инженерүүд олон болсон байна. Зураг төсөл, гүйцэтгэл, хяналт гээд шат шатандаа маш их сайжирсан. Олон улсын төслүүдээс сурах зүйл их байдаг. Бид нэлээд сайн туршлага хуримтлуулаад авлаа, дараагийн том төслүүдэд ажиллахад ямар ч асуудалгүй, монголчууд чадна, чадах юм байна гэж харж байгаа. Бүгдэд нь баяр хүргэе.
Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан: Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцсон, өөрсдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд гүн талархал илэрхийлье. Маш түвэгтэй нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, үйлдвэрээ бид барьж байгуулж чадлаа. Манай төсөл дөнгөж эхэлж байх үед дэлхий дахинд цар тахал гарснаас болж барилга угсралтыг удаашруулсан. Үүнээс үүдэн тээвэр логистикийн хүндрэлтэй нөхцөл үүсэж, Тяньжинь дээр олон сараар ачаа бараа саатаж, тоног төхөөрөмжөө татаж авахад хүндрэлтэй болсон. Мөн Орос, Украины дайн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж бараа материалын үнэ хөдөлж савласан. Энэ бүх хүндрэл, сорилтыг хамтдаа даван туулж, монголчууд, Монголын инженер, техникийн ажилтнууд усны мега төслийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгож, босгож бүтээн байгуулж чадлаа, бүгдэд баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн