АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон 5 дэд даргыг сонгох аж. АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдрийн хуралд Ерөнхий нарийн бичгийн даргад одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг дэвшүүлж санал хураалт явуулсан. ҮБХ-ны хуралд 327 гишүүн оролцсон бөгөөд 146 гишүүн дэмжиж, 153 гишүүн дэмжээгүй. Тиймээс дараагийн хүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулахаар болж, намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг танилцуулсан. Тиймээс өнөөдрийн ҮБХ-ны хурлаар А.Батпүрэвийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох санал хураалтыг явуулах юм. Хэрвээ ҮБХ-ны гишүүдийн олонх дэмжихгүй бол дахин өөр хүнийг нэрийг оруулах юм. Мөн өчигдрийн хурлаар намын хоёр дэд даргын нэрийг оруулсан ч намын дүрэмтэй зөрчилдсөн учраас өнөөдөр дахин 5 дэд даргын нэрийг оруулж батламжлах аж. Ардчилсан нам Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш намын дотоод сунгаагаа хийж Үндэсний бодлогын хороогоо шинэчлэн байгуулж, анхны хуралдаанаа хийж байгаа нь энэ юм. Тус хурлаар намын дэд дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно.