Open iToim app
Эрүүл монгол | 8 мин уншина

Э.Байгалмаа: Орчин үеийн оношилгоо эмчилгээний ачаар олон жил хөдөлмөрийн чадвартай, хэвийн амьдрах боломжтой

Э.Байгалмаа: Орчин үеийн оношилгоо эмчилгээний ачаар олон жил хөдөлмөрийн чадвартай, хэвийн амьдрах боломжтой
Нийтэлсэн 1 минутын өмнө
Интермед IUHW эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Э.Байгалмаатай ярилцлаа. Тэрээр бөөр судлалын чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай.
-Бөөрний архаг өвчин гэж юу вэ, үүсэх гол шалтгаанууд нь юу байдаг вэ?
-Сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дээр бөөрний архаг өвчтэй 850 сая хүн амьдарч байна. Бөөрний архаг өвчин нь олон шалтгаантай. Бөөрний өөрийн анхдагч өвчин эмгэг байхын зэрэгцээ бөөрийг хоёрдогчоор гэмтээдэг өвчин эмгэгийн тохиолдол сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Үүнд даралт ихсэлт, чихрийн шижин, илүүдэл жин, зэрэг ордог. Харин бөөрний архаг өвчин гэдэг нэр томъёоны хувьд бөөрний гэмтэл, өөрчлөлт гурван сараас дээш хугацаанд үргэлжилж, бөөрний эд, үйл ажиллагаанд эргэшгүй өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү онош тавигддаг.
Дэлхий дахинд бөөрний архаг дутагдалд хүргэх хамгийн түгээмэл шалтгаан нь чихрийн шижин  гэж судлаачид тогтоосон байдаг. Чихрийн шижингийн шалтгаант бөөрний архаг өвчин нь нэг өвчнөөс үүдэлтэй хоёрдогч өвчин учраас эмчилгээ хийхдээ зөвхөн нэгийг нь биш, хоёулангийнх нь онцлогийг харгалзан хамтад нь эмчлэх шаардлагатай болдог. Мөн чихрийн шижингийн шалтгаант бөөрний архаг өвчний үед бөөр орлуулах эмчилгээ буюу аппаратад орох эмчилгээний хэрэгцээ Монгол Улсад жилээс жилд нэмэгдэж байгаа. Иймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралт, сахарын хэмжээгээ хянаж байх нь маш чухал юм.
-Эмчилгээний хувьд аппаратад орохоос өөрөөр ямар төрлийн эмчилгээ хийдэг вэ?
-Чихрийн шижингийн шалтгаантай бөөрний архаг өвчнийг эмчлэхэд өмнө нь нэлээд түвэгтэйд тооцогддог байсан. Чихрийн шижин оношлогдсоноос хойш 3–5 жилийн дараа бөөрний архаг өвчин эцсийн шатандаа орж, бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай болох тохиолдол их байлаа. Харин сүүлийн жилүүдэд бөөр хамгаалах орчин үеийн эмчилгээнүүд нэвтэрснээр энэ өвчний явцыг сааруулж бөөр орлуулах эмчилгээнд орох хугацааг 10–20 жилээр хойшлуулах боломжтой болсон. Ялангуяа 2019 оноос хойш бөөр судлалын чиглэлээр дэлхийд маш олон шинэ ололт,  олон төрлийн шинэ эм эмнэлзүйн практикт нэвтэрсэн. Эдгээр эмийг одоогийн стандарт эмчилгээтэй хавсруулан хэрэглэвэл бөөрний өвчний явцыг 20–40 хувиар сааруулах боломжтой гэсэн эмнэлзүйн үр дүн судалгаагаар батлагдсан байдаг.
Дэлхийн дахинд олон төрлийн эм бий ч хамгийн үр дүнтэйд тооцогдож, бөөрний архаг өвчний эмчилгээнд хэрэглэгдэж буй хоёр эм байна. Эдгээрийг Монголд ч хэрэглэж байгаа. Нэг нь хүмүүсийн дунд сахар бууруулдаг эм гэдгээрээ танигдсан “форсига”. Энэ эм нь зөвхөн чихрийн шижингийн шалтгаантай бөөрний өвчинд гэлтгүй, чихрийн шижингийн бус шалтгаантай бөөрний олон төрлийн өвчний үед хэрэглэх боломжтой. Монголын эмнэлзүйн практикт олон жил хэрэглэж байгаа эм. Хоёр дахь бөөр хамгаалах эм нь сүүлийн жилүүдэд шинээр гарч ирсэн, хүмүүсийн дунд “оземпик” гэж нэрлэгдэж танигдсан эм. Энэ эмийг эмнэлзүйн практикт хэрэглэгдэж 2022 онд зүрх хамгаалах үйлчилгээтэй гэдэг нь туршилтаар батлагдсан байдаг. Харин 2025 оноос чихрийн шижингийн шалтгаантай бөөрний архаг өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй гэдэг нь батлагдаж, эмчилгээний удирдамжид орсон. 
Энэ төрлийн эмнүүд нь олон өөр төлөөлөгчтэй. Өмнө нь зөвхөн сахар бууруулах зорилгоор хэрэглэгддэг байсан оземпикийн хувьд бөөр хамгаалах нөлөө нь тусдаа өөр механизмтай гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, мөн жин бууруулдаг нөлөөгөөрөө шууд бус байдлаар бөөрний үйл ажиллагааг хамгаалж, дэмждэг гэж тогтоосон. Оземпик эмийг Монголд саяхнаас оруулж ирсэн. Одоогоор ихэнхи тохиолдолд чихрийн шижинтэй өвчтөнд сахар бууруулах, илүүдэл жинтэй хүмүүс жин хасах зорилгоор хэрэглэж байгаа бөгөөд үр дүн сайтай байгаа. Харин бөөр хамгаалах нөлөө нь олон улсад 2025 оноос батлагдсан шинэ мэдээлэл учраас эмнэл зүйн практикт хэрэглээ нь төдийлөн сайн биш  хүмүүс ч жин хасдаг эм гэж мэддэг болохоос бөөр хамгаалах давхар үйлчилгээтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. 
-Бөөрөө хамгаалах, бөөрний өвчин эмгэгийг урьдчилан сэргийлэх энгийн зөвлөмж болон амьдралын хэв маягаар засах, өөрчлөх боломжтой арга юу вэ?
-Монгол Улсад, ялангуяа Улаанбаатар хотод бөөрний үрэвсэлт өвчнүүд олонтой  тохиолдож байна. Тэр дундаа бактерийн шалтгаант үрэвсэл, мөн  хоёрдогч шалтгаантай бөөрний архаг  өвчний тохиолдол өсөх хандлагатай. Бөөр шээсний замын халдвар буюу пиелонефрит нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог. Мөн жирэмсний үед илүү тохиолддогоороо онцлогтой. Ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, залуу хүмүүст жирэмсний үеийн хүндрэлийн шалтгаан болох нь цөөнгүй. Тиймээс жирэмсний хяналтад эрт хамрагдаж, шаардлагатай шинжилгээг өгч, харьяа дотор болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж ямар нэгэн үрэвсэл илэрсэн тохиолдолд тухайн үед нь эмчлүүлэх нь маш чухал.
Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Тэр нь жирэмсэн үед антибиотик төрлийн эм огт хэрэглэж болдоггүй гэсэн ойлголт. Энэ нь 100 хувь зөв ойлголт биш. Тухайн хүний биеийн байдал, үрэвслийн хэлбэр, жирэмсний хугацаа зэргээс хамаараад эмчилгээ харилцан адилгүй. Хамгийн гол нь халдварыг эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар зөв антибиотик эмчилгээ хийлгэвэл жирэмсэн үед хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
-Бөөр өвчилсөн гэдгээ иргэд хэрхэн мэдэх боломжтой вэ. Онцлох шинж тэмдгийн тухайд?
-Бөөрний ихэнх өвчин эхний үедээ шинж тэмдэггүй явагддаг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ маш чухал. Мөн эрүүл хүн ч гэсэн бөөрөө хамгаалах энгийн зуршлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих. Илүүдэл жинтэй үед бөөрөнд ирэх ачаалал нэмэгддэг гэж үздэг учраас тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.
Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай, хуурай орчинтой тул бөөрний өвчин эмгэг, чулуу үүсэх нөхцөл бүрддэг. Тиймээс хамгийн чухал урьдчилан сэргийлэлт бол шингэн хангалттай хэмжээнд  ууж хэвших. Насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 2 литр шингэн уух ёстой. Харин эрэгтэй хүмүүс арай илүү шингэн хэрэглэх шаардлагатай. Хүн шингэнээ хангалттай ууж байна уу гэдгээ шээснийхээ өнгөөр мэдэж болно. Шээсний өнгө цайвар шар байвал шингэн хангалттай авч байна гэж үздэг. Өдрийн турш ууж байгаа шингэнд хоолны шөл, цай, кофе, жимсний шүүс зэрэг орно. Гэхдээ нийт хэрэглэх шингэний тал нь заавал цэвэр ус байх нь чухал.
Мөн  артерийн даралт ихсэлттэй хүмүүсийн хувьд цусны даралтаа тогтмол, зохистой түвшинд барих нь нэн чухал. Сүүлийн үеийн эмнэл зүйн заавар удирдамжаар даралтын зорилтот түвшинг өмнөхөөс бага болгож тогтоосон. Ерөнхийдөө даралт ихсэлттэй хүмүүс даралтаа 130/80-аас доош, харин бөөрний өвчтэй, даралт ихсэлттэй хүмүүсийн хувьд даралтыг  120/70 орчимд барихыг зөвлөдөг. Үүний тулд даралтын эмээ тогтмол ууж, хянаж байх шаардлагатай.
Мөн бөөрний өвчний суурь бага насанд тавигдах тохиолдол байдаг. Сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдийн бөөрний үрэвслээр өвдсөн тохиолдолд  бүрэн эмчлүүлэх, бөөрний эмчийн хяналтанд байж бүрэн эрүүлжих шаардлагатай. Ингэснээр насанд хүрсэн хойноо бөөрний архаг өвчин, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
-Шээсээ удаан барих нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Энэ нь бөөрний өвчлөлд нөлөөлдөг үү?
-Бөөрний архаг үрэвсэл эмэгтэй хүмүүст илүү тохиолддог. Энэ төрлийн өвчний ихэнх тохиолдол, ойролцоогоор дөрвөн тохиолдлын гурав нь өгсөх замын халдвараас үүсдэг. Өөрөөр хэлбэл, давсагт байсан үрэвсэл дээшээ явсаар шээлтүүрээр дамжин бөөр рүү халдвар тархсанаар бөөрний үрэвсэл болдог гэсэн үг. Шээсэнд бага хэмжээний бактер байж байдаг. Харин давсаг дүүрсэн үед шээс хүрч байгаа хэр нь шээхгүй удаан бариад байвал тэр шээсэнд байгаа бактерууд давсаг дотор эрчимтэй үржиж эхэлнэ. Үржихээс гадна давсагны салстад бэхлэгдээд, цаашаа шээлтүүрээр дамжаад бөөр рүү өгсөх нөхцөл бүрддэг тул  өгсөх халдвар үүсэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх нь чухал.
Мөн удаан хугацаанд шээсээ барьснаас давсагны булчин сулрах, давсгаа гүйцэд шахаж хоосолж чадахгүй болох зэрэг асуудал үүсдэг. Ингэснээр давсганд үлдсэн, удаан байсан шээс нь бактер ихтэй, үрэвсэл үүсэх суурь болдог. Энэ нь цаашдаа давсагны үрэвсэл, улмаар бөөрний үрэвслийн суурь шалтгаан болдог. 
-Таргалалт бөөрөнд хэр их хэмжээний ачаалал өгдөг вэ?
-Биеийн зохистой жингээс ойролцоогоор 10 кг илүүдэл жин бөөрөнд төдий хэмжээний ачаалал болдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл, илүүдэл жинтэй байх тусам бөөр илүү ачаалалтай ажиллах шаардлагатай болдог гэсэн үг.
Зарим хүн чихрийн шижингүй, даралтгүй, өөр хавсарсан өвчингүй байж болно. Гэхдээ дан ганц таргалалттай явснаас болоод бөөрний архаг өвчтэй болох тохиолдол байдаг. Илүүдэл жинтэй үед бөөрөөр шүүгдэх цусны хэмжээ нэмэгдэж, бөөр хэт ачаалалтай удаан ажилласнаар яваандаа бөөрний үйл ажиллагаа аажмаар муудах, улмаар бөөрний архаг өвчин үүсэх эрсдэлтэй болдог. Тиймээс бөөрөө хамгаалах  чухал хүчин зүйлсийн нэг бол биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, илүүдэл жинтэй тохиолдолд турах нь нэн чухал юм. 
-Бөөрний өвчинд ямар үе шатууд байдаг вэ?
-Бөөрний архаг өвчний явц нь таван үе шаттай. Эхний буюу 1–3 дугаар үе шатанд хэдэн хүн байна вэ гэдэг тоог нарийн гаргах хэцүү. Учир нь энэ үед өвчин ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй явагддаг. Ер нь нийт тохиолдлын 90 гаруй хувьд нь ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг мэдрэгдэхгүй явсаар байгаад 4, 5 дугаар үе шатанд орсон үедээ өвчний шинж тэмдэг нь илүү тод илэрч эхэлдэг. Гэтэл эмчилгээний хувьд хамгийн үр дүнтэй үе нь 1–3 дугаар үе шат байдаг. Сүүлийн жилүүдэд өвтэй хүний тоо эрс нэмэгдэж байгаа энэ нь бол нэг талаас эрт илрүүлэгт хамрагдах хүний тоо өссөнтэй холбоотой байдаг. Оношлогдсон өвчтэй  хүний тоо нэмэгдэж байгаа нь муу үзүүлэлт биш, харин ч өвчнийг эрт үед нь илрүүлж, даамжрахаас нь өмнө эмчилж, хяналтад авах боломж нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс алсдаа хэдэн жилийн дараа эрт илрүүлгийн хөтөлбөрүүдийн үр дүн гарч, бөөрний архаг өвчний хүндрэл, эцсийн шатанд орж байгаа хүмүүсийн тоо багасна гэж бодож байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад та ямар зөвлөгөө хэлэх вэ?
-Манай хүн амын дунд нилээд ажиглагддаг, өөрчлөх шаардлагатай нэг гол ойлголт бий. Тэр нь бөөрний архаг өвчин оношлогдсон л бол эдгэхгүй, эмчид байнга үзүүлээд, эм уугаад нэмэргүй гэж боддог хандлага. Энэ бол буруу ойлголт юм. Бөөрний архаг өвчин бүрэн эдгэрэхгүй нь үнэн. Гэхдээ өвчний явцыг сааруулж, олон жил тогтвортой барьж болдог. Өмнө нь бөөрний архаг өвчин 3–5 жилийн дотор эцсийн шатандаа ордог байсан бол одоо орчин үеийн эмчилгээний ачаар 10-20 ба түүнээс олон жил хөдөлмөрийн чадвартай, хэвийн амьдрах боломжтой болсон. Энэ боломжууд Монгол Улсад ч хэрэгжих боломжтой, хэрэгжиж ч байна.
Манай эмнэлэгт бөөрний архаг өвчтэй, тогтмол хяналтад олон хүн байдаг. Бөөрний архаг өвчнийг эмчилж, хянаж болдог мөн бөөрний дутагдлын эцсийн шатанд орохоос урьдчилан сэргийлж болдог гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ өвчнийг оношлогдсон бол орхих биш, харин ч тогтмол хяналтад орж, эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа зөв болговол олон жил хэвийн амьдрах боломжтой.
Тал аяга усыг тал ч, дүүрэн ч, хоосон ч гэж  харж болно. Аливаа мэдээлэл, өвчнийг ч гэсэн олон тал, зөв талаас нь харж ойлгох хэрэгтэй. Бидэнд эмчилгээний боломж, урьдчилан сэргийлэх боломж, өвчний явцыг удаашруулах боломж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн