Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Бетонон ширэнгэ | Улаанбаатар хот мөхөл рүүгээ ойртож байна

Бетонон ширэнгэ | Улаанбаатар хот мөхөл рүүгээ ойртож байна
Нийтэлсэн 10 минутын өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд нэгэн иргэнээс Дунд гол руу тослох материал асгасан байж болзошгүй гэх гомдол ирсний дагуу холбогдох байгууллагууд газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон Туул голын сав газрын захиргааны улсын байцаагчид Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд ажилласан байна. Шалгалтаар Нарны хорооллын орчимд төсөл хэрэгжүүлж байгаа “Лонсин Монголиа” ХХК нь барилгын талбайн суурийн усыг Дунд гол руу шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон юм.
undefined
Тус компани нь цагт 80 метр куб хүчин чадалтай насос, 200 мм-ийн голчтой хоолой ашиглан барилгын талбайгаас гарч байгаа усыг Дунд гол руу шууд нийлүүлж байсан бөгөөд уг ус нь тос, маслотой, техникийн бохирдол агуулсан байж болзошгүй байна. Энэ нь усны экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. Мөн шалгалтын явцад тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл аваагүй, холбогдох гэрээг байгуулаагүй зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна. Илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, холбогдох хууль, журмын дагуу зөрчлийг шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан Усны газрын дарга З.Батбаяраас тодруулга авсан юм. 
undefined
-“Лонсин Монголиа” ХХК Дунд гол руу барилгын суурийн усаа шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байна. Мэдээж энэ асуудал нь голын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа болов уу
-Энэ бол өнөөдөр шинээр үүссэн асуудал биш. Усны газар энэ талаар олон жилийн турш анхааруулж, ярьж ирсэн. Тухайлбал, 2023 оны есдүгээр сараас эхлээд хуучин ХХБ-ны барилгын ажлыг гүйцэтгэж байсан компанитай шүүх дээр маргаан үүссэн. Тэр байгууллагыг гурван үндэслэлээр шүүхэд өгсөн бөгөөд эцэст нь бид ялалт байгуулж, Дээд шүүхээс шүүрлийн ус нь ашиглалтын шинжтэй тул төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан юм.
Одоогийн байдлаар компаниуд шүүрлийн усандаа төлбөр төлөөд эхэлж байна. Гэхдээ нийтлэг хоёр асуудал байсаар байна. Нэгдүгээрт, төлбөр төлөх юм бол асуудлаа нуун дарагдуулах хандлага ажиглагддаг. Хоёрдугаарт, төлбөрийн хэмжээг багасгах оролдлого байнга гардаг. Энэ удаагийн тохиолдол ч үүний нэг жишээ.
Гомдол гаргасан иргэн мэдээлэл өгсөн нь зөв алхам болсон. Харин “Лонсин Монголиа” ХХК-иас өнөөдөр ирж уулзаад, “манай үйл ажиллагаанаас болоогүй, өмнө нь байсан автобазын үлдэгдэл бохирдлоос үүссэн” гэх тайлбар өгч байна.
Ер нь энэ ганц тохиолдол биш. Авилгал хорооллыг нураах тухай яриад байгаа шалтгаан ч үүнтэй холбоотой. Авилгал хорооллоос эхлээд Их наяд болон Дунд гол дагуу баригдсан олон барилга үерийн хамгаалалтын системгүй байдаг. Үерийн ус орж ирэхээр подваль нь усанд автдаг. Тэгээд усыг нь зайлуулахын тулд барилга бүр өөр өөрсдийнхөөрөө хоолой гаргаж, гол руу нийлүүлж байна. Гэтэл 21-р зуунд үерийн усыг барилга бүр тус тусдаа шийдэх ёсгүй. Хот өөрөө нэгдсэн үерийн хамгаалалтын систем, далантай байх ёстой. Тийм учраас Туулын хурдны замын төсөлтэй хамт үерийн хамгаалалтын далангийн асуудлыг ярьж байгаа юм.
-Инженерийн дэд бүтцээ шийдээгүй нөхцөлд барилгын ажлыг үргэлжлүүлэх нь Улаанбаатар хотын усны бохирдол, иргэдийн эрүүл мэндэд хэр эрсдэлтэй вэ?
-Хот байгуулж, барилга барихаас өмнө хамгийн түрүүнд инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэр, бохир усны шугамаа татах, үерийн хамгаалалтын далангаа байгуулах, борооны болон дээврийн усыг хуримтлуулж, зайлуулах нэгдсэн систем хийх хэрэгтэй. Ийм суурь шийдлүүдээ бүрдүүлсний дараа барилга барих ёстой юм.
Гэтэл өнөөдөр эсрэгээрээ явж байна. Үндсэн дэд бүтцээ шийдээгүй атлаа барилгуудыг олноор нь барьж, архитектурын шийдэл мэтээр ярьж, зарж борлуулаад алга болох гэсэн барилгын халуурал бий болсон. Тиймээс энэ нөхцөлд цаашид нэг ч шинэ барилга нэмэлгүй түр зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Бүгдээрээ зогсоод, үнэхээр энэ олон барилга хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг эргэж харах цаг болсон.
Өнөөдрийн бодит байдал ямар байна гэхээр байр авсан иргэд өндөр төлбөр төлчихөөд байхад крантнаас нь гэдэсний савханцартай бохир ус, зэвтэй ус гарах эрсдэлтэй байна. Усанд орж чадахгүй, халуун ус нь зундаа тасардаг. Зарим барилга нь хэт шахуу, айл айлынхаа амьдралыг харж суудаг, стандарт хангахгүй нөхцөлтэй байна. Ийм байхад байртай боллоо гэж үзэх үү. Ийм байдлаар хотыг хөгжүүлэхгүй.
Барилга олшрох тусам Улаанбаатар хот мөхөл рүүгээ ойртож байна
Шүүрлийн усанд төлбөр тогтоож байгаа нь тодорхой учиртай. Нэгэнт төлбөр төлөөд "компанийн ус" болж байгаа бол заавал гол руу асгах шаардлагагүй. Тэр усыг дахин ашиглаж болно. Жишээ нь, машин угаалгын газруудад нийлүүлэх, ус дутагдалтай байгаа арьс ширний үйлдвэрүүдэд ашиглуулах, эсвэл мод, ногоон байгууламж услахад хэрэглэх боломжтой. Гэтэл илүүдсэн мэтээр шууд Дунд гол руу нийлүүлж байна. Үнэндээ хотын гудамж талбайн мод, ногоон байгууламжид усалгаа маш их хэрэгцээтэй байгаа юм.
Энэ бүх асуудлыг ганц нэг компанийн хэмжээнд биш, цогцоор нь шийдэх шаардлагатай. Гэхдээ одоогийн нөхцөлд бид компани тус бүр дээр дүгнэлт гаргуулж, шүүрлийн усны хэмжээг тогтоолгож, түүнд нь тохирсон төлбөр төлүүлэх байдлаар явж байна. Төлбөрөө шударгаар төлж байгаа нь ч бий, харин төлөхөөс зайлсхийх, нууцаар асуудлаа шийдэхийг оролдож байгаа нь ч байна. Ингэж хяналтгүй, хариуцлагагүй байдал үргэлжилбэл хөрсний бохирдол нэмэгдэж, эцэстээ бохир ус гол руу орох эрсдэл улам ихэснэ. Гол бохирдвол хэн хохирох вэ. Хамгийн түрүүнд тэр бохирдлыг үүсгэсэн хүний хүүхэд нь хохирно. Үүнээс үүдэн Улаанбаатар хотод хүүхдүүд өвчлөх, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болох эрсдэлтэй юм.
Нийт хэрэглэж байгаа усны ердөө 14 хувь нь хүн амын ундны хэрэгцээнд зориулагддаг. Өөрөөр хэлбэл, бид өдөрт дунджаар 2 литр ус ууж байгаа учраас ундны усаа цаашид бүрэн хангах боломж бий. Гэхдээ энэ нь аюулгүй, санаа зовох зүйлгүй гэсэн үг огт биш. Жишээ нь, улаанбурхан зэрэг халдварт өвчнүүдийг бохир гарын өвчин гэж ярьдаг. Монголчууд 20-р зууны дунд үед ийм төрлийн өвчнийг яаж даван туулсан бэ гэхээр усны шугамтай болж, гараа тогтмол савандаж угаадаг болсноор ялж чадсан. Гэтэл сүүлийн үед улаанбурхан өвчин дахин дэгдэж, саяхан хоёр хүүхэд эндэж, 10 мянга орчим хүн халдвар авсан байна. Үүний нэг шалтгаан нь орчны бохирдол, ялангуяа голын бохирдолтой холбоотой.
Дунд гол, Сэлбэ гол, Туул гол бохирдсоор байгаа нь иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Зарим хүн тэр гол надад ямар хамаатай юм бэ гэж бодож магадгүй. Гэвч бодит байдал дээр таны хүүхэд өвдөж, халуурах шалтгааны нэг нь усны бохирдол байж болно.
Тиймээс зөвхөн төр засаг биш, хүн бүр, барилга бүр, аж ахуйн нэгж бүр энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой. Ялангуяа Дунд голын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд зөрчилтэй байх магадлал өндөр байна. Маш олон хууль бус шугам, хоолой татсан нь илэрч байгаа бөгөөд үүнийг устгах ёстой. Бид энэ асуудлын эсрэг тэмцэж байгаа. Олон компанид төлбөр ногдуулж, хариуцлага тооцож байна. Өнгөрсөн онд гэхэд нийт 7 сая метр куб усыг шавхан зайлуулсан гэх тооцоо гарсан. Энэ нь Энержи Ресурс компанийн нүүрс олборлолтод гурван жилийн хугацаанд ашиглах усны хэмжээтэй дүйцэхүйц их тоо юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ийм хэмжээний усыг ямар ч үр ашиггүйгээр шавхан зайлуулж байна гэсэн үг.
-Та энэ асуудлын эсрэг тэмцэж байгаа гэлээ. Тэмцлийн үр дүн хэр сайн гарч байна.
-Төлбөрүүд улсын төсөвт төвлөрөөд явж байна. Үүнтэй холбоотойгоор компаниуд ч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг ойлгож эхэлж байгаа. Дээр дурдсан “Лонсин Монголиа” ХХК 2023 онд л нэг удаа зөвшөөрөл авч түүнээс хойш огт зөвшөөрөл аваагүй байсан. Тиймээс хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд явна.
Ер нь компаниуд урьдчилж мэдэгдээд, шаардлагатай дүгнэлтүүдээ авч, зөвшөөрлөө албан ёсоор аваад явбал усны төлбөр нь дараа нь зөрчил гаргаж, хохирол тооцуулснаас хамаагүй багаар тусдаг. Өөрөөр хэлбэл, бизнесээ зөв явуулъя гэвэл хуулийн дагуу ил тод ажиллах хэрэгтэй.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн