УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Иргэд энэ хуулийг дэмжиж байгаа учраас энэ хуулийг дэмжих ёстой гэж бодсон. Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт байдаг ч хэрэгждэггүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг ч эгүүлэн татдаг байхыг нэмээд хэлэлцүүлээд явах ёстой. Энэ хуулийг баталснаар парламентын дархлаа сайжирна гэж үзээд байгаа. Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Өш хонзонгийн сэдэлтэй хууль оруулж ирвэл парламентаар давж батлагдахгүй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 9.1.6 дээр УИХ-ын гишүүдийг хоёр ангилаад жагсаалтын гишүүдийг ард түмний биш намын элч төлөөлөгч гэсэн байна. Намын жагсаалт хаалттай байгаад намд саналаа өгдөг байсан бол болно. Энэ байдлаараа баталбал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. 20 гаруй сайд, жагсаалтын 48 гээд бараг 70 гишүүн нь ард түмний төлөөлөл биш болох нь. УИХ-ын эрх мэдлийг ард түмнээс холдуулах агуулга харагдаж байна. УИХ-ын гишүүнийг намын элч болгосон заалтыг эсэргүүцэж байна. Хэрвээ үүнийг баталвал би жагсаалтаар сонгогдсон гишүүний хувьд энд байх шаардлагагүй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Би МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад нэлээд асуудал болж байсан. Энэ журмаар хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зорьж байсан. Хэрвээ батлагдсан бол засаг төр тогтвортой байж, гишүүдийн ёс зүйн хариуцлага хууль болтлоо яригдахгүй байсан.
Тангаргаасаа няцсан бол гэдэг чухал заалт. Тиймээс үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Цэц дээр маргаан дагуулна. Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хууль болгож баталъя гэж байхад ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг тогтоолоор гаргаж байсан. Цэц дүгнэлт гарган танилцуулснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдсанд тооцно гэж байсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, санал хураахгүйгээр татагдсанд тооцно гэж байна. Тэгэхээр Цэц дээр санал хураалт явагдах гээд байна.
Хуульч О.Машбат: Үндсэн хуулийн 29.3 дээр УИХ түүнийг эгүүлэн татна гээд үүрэг болгосон заалт орсон. Мөн 67 дугаар зүйл дээр Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Хэрвээ бид Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцээд эхэлбэл дээрх хоёр заалтыг зөрчинө. Энэ агуулгаар нь нийцүүлж томьёолж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Хуулийн төслийн агуулгыг дэмжихүйц гоё агуулгатай зарлаад үр дүн нь сөрөг байж болох учраас дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй. Ард түмний төлөөлөл гэдэг УИХ-ыг ард түмнээс холдуулаад намын багц, даргын командаар хөдөлдөг машин болгох эрсдэлтэй байна. Үүн рүү олон нийт анхаарлаа хандуулмаар байна. Жагсаалтын гишүүн ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл нам нь санал гаргаад УИХ-аар хэлэлцүүлээд татна. Ёс зүйг нам нь тодорхойлох нь. Тойргоос сонгогдсон гишүүнийг хэн нэг иргэн өргөдөл гаргаад байнгын хороо, чуулганаар хэлэлцээд Цэцэд шилжүүлнэ гэсэн үг. Эрсдэлтэй хоёр зүйлийг нээж өгөх эрсдэлийг та бүхэн харахгүй байгаа юм уу. Процессыг нь илүү тодорхой болгоод оруулж ирж болдоггүй юм уу.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Хэрэв УИХ-ын гишүүн дараах дөрвөн нөхцөл байдлаар Цэц рүү УИХ-аас хүсэлт гаргахаас өмнө хоёр процесс байгаа. Хэрвээ иргэн гомдол гаргавал Ёс зүйн хороогоор хэлэлцээд цаашаа хэлэлцэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Ёс зүйн хороо хэлэлцээд чуулган руу оруулна. Шаардлагатай гэж үзвэл Цэцэд хандана. Цэц дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг нь хэлэлцэж болохгүй гэдэг агуулга 1995 онд шийдэж байсан юм билээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ хууль цаашид парламент орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр байгаа. Хүн бүхэн хийх ёстой ажлаа хиймээр байгаа. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг баймаар байна. Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг байх ёстой. Ардчилсан парламентаа хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай хуулиудаа батлах хэрэгтэй. Гэтэл манайд өнөөдөр хөлөөрөө толгой хийдэг гэдэг шиг зүйл болж байна. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь УИХ дээр орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Одоо энэ хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна.
УИХ-ын шинэ дарга С.Бямбацогт УИХ-д 5 удаа сонгогдсон, энэ танхимд байгаа хамгийн туршлагатай парламентчдын нэг. Таныг даргаар сонгогдоод хамгийн эхэнд хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл болж байна. Хуулийн төслийн дотор гэдэс рүү нь орвол маш их асуудалтай зүйл байна. Санаачлахаасаа эхлээд асуудал дагуулж байгаа. ҮАБЗ-ийн чинь ажлын албаны хүмүүс тэс хөндлөн хууль тайлбарлаад яриад байна. Та УИХ-ын даргын хувьд зүгээр хараад сууж байж болох юм уу. УИХ-ын даргын албан тушаалыг цөөхөн хүн хашсан байдаг. Та 5 удаа сонгогдсон парламентчийн хувьд өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн бүтээх вэ гэдэг нь энэ хуулиар харагдана. Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай бол УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд маш их үнэ цэнээр хамгаалагдаж байгаа Монголын ардчиллын хувь заяа ганц сонгогчдод л байх ёстой. Тэгэхээр эгүүлэн татах эрх зөвхөн иргэд, сонгогчдод байх ёстой. УИХ-ын дарга парламентынхаа хувь заяаг яаж харж байгаа юм бэ?
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дэгийн хуулиар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авах дэгтэй. УИХ-д өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд нийцсэн эсэх санал дүгнэлтийг Тамгын газраас гаргадаг.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан: УИХ-ын үйл ажиллагаа хуралдааны дэгтэй холбоотой хуулийг зөвхөн УИХ-ын гишүүд санаачилна гэж заасан. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй хамааралгүй, гишүүний бүрэн эрх, эрх зүйн байдалтай холбоотой асуудлыг хөндсөн байгаа.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Миний хуулиар хүлээсэн үүрэг бол гишүүдийн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахаар заасан. Мөн би ажлын хэсгийн гишүүнээр орсон учраас үүрэгт ажлаа хийж байгаа. Би Б.Жаргалан гишүүнд Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл заасан. Манай гишүүн ёс зүйн том алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулсан юм. Би үүн дээр ёс зүйн болон бусад хариуцлагаа үүрэхэд бэлэн. Миний хичээлийг сонсоогүй учраас Үндсэн хуулийнхаа ойлголт агуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлж байна.