Малчдаас байгаль орчны талаар асуулт асуувал шороон шуурга нь элбэгшиж, бэлчээрийн гарц муудаж байна гэх үгсийг хамгийн түрүүнд сонсож магадгүй. Энэ үгсээс л Монгол Улсын цөлжилтийг байдал хэр дордсоныг дөмөгхөн мэдэж болно.
Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа гэх тоо баримт бий. Манай улс газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж буй. Тэгвэл эдгээрийг илүү үр дүнтэй болгож, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжийг олгодог НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс ирэх наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах гэж байна.
Манай улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Энэ тоо боломжтой юу гэвэл боломжтой. Харин энэ хэмжээний хөрөнгө оруулалт татахад бидэнд сайн зохион байгуулалт, төлөвлөгөө, бодит санаачилга хэрэгтэй.
Урьд урьдын жишээнүүдээс харахад Энэтхэг улс 2019 онд COP14-ийг зохион байгуулахдаа 2030 он гэхэд 26 сая га доройтсон газрыг сэргээх амбицтай зорилт дэвшүүлснээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байдаг. 2022 онд Кот д’Ивуар улс хурлын хүрээнд газар сэргээх, хөдөө аж ахуй, ойжуулалтын салбарт хөрөнгө оруулалт татах зорилготой “Абиджаны өв хөтөлбөр”-ийг эхлүүлж, 1 тэрбум ам.доллароос дээш санхүүжилт татаж чаджээ. Мөн 2030 он гэхэд дэлхий даяар 1 тэрбум га газрыг сэргээх зорилготой уялдсан нь тус улсын олон улсын байр суурийг бэхжүүлсэн.
COP17 зүгээр нэг бэлгэдлийн шинжтэй дипломат уулзалт биш, харин дэлхийн санхүүжилт, байгаль орчны засаглал, олон улсын хамтын ажиллагаа огтлолцох стратегийн чухал цэг билээ. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой нүүр тулж буй Монгол Улсын хувьд энэхүү арга хэмжээ нь том боломжуудыг нээхээс гадна бодит эрсдэлүүдийг ч дагуулж магадгүй. Эдгээр боломжийг бодит үр ашиг болгон хувиргаж чадах эсэх нь голчлон ил тод, үр ашигтай зохион байгуулалт, үндэсний бодлоготой уялдуулах чадвараас хамаарна.
Юуны өмнө COP17 нь уур амьсгал болон байгаль орчны санхүүжилтэд илүү өргөн хүрээнд нэвтрэх боломжийг олгоно. Хүлээн авагч орны хувьд Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн банкууд, донор орнуудын хэлэлцүүлгийн төвд байрлах юм. Тиймээс манай улс өөрийн хэрэгцээ шаардлагыг шууд илэрхийлж, газрын доройтлыг бууруулах, ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуй, усны менежментийн чиглэлээр хөрөнгө оруулалт татахуйц төслүүдийг танилцуулах бодит боломж бүрдэнэ гэсэн үг. Монгол Улсын хувьд 2026 оны бага хуралд "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн.
Мөн газар нутгийн ихээхэн хэсэг доройтолд өртсөн нөхцөлд экосистемийг сэргээх, байгальд суурилсан шийдлүүдэд чиглэсэн санхүүжилтийг татах онцгой давуу тал бий. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, эсвэл холимог санхүүжилтийн хэлбэрээр үндэсний хөтөлбөрүүдийг өргөжүүлснээр байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал түлхэц болно.
Үүнээс гадна COP17 нь хувийн хэвшлийн оролцоог эрчимжүүлэх томоохон боломжийг нээж өгнө. Сүүлийн жилүүдэд дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлага байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай төслүүд рүү эрчимтэй шилжиж байна. Ийм нөхцөлд Монгол Улс өөрийгөө сэргээгдэх эрчим хүч, тогтвортой мал аж ахуй, ногоон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой улс хэмээн харуулж чадна. Хөрөнгө оруулагчдыг дотоодын төслүүдтэй холбох платформууд COP17-ийн үеэр илүү идэвхжиж, олон жил шаардлагатай хамтын ажиллагааг богино хугацаанд эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ утгаараа COP17 нь зөвхөн бодлогын хэлэлцүүлэг биш, харин санаа, хөрөнгө, инновац огтлолцох “эдийн засгийн зах зээл” гэж хэлж болно.
Мөн энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын олон улсын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломж юм. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын өндөр түвшний оролцоо нь санамж бичиг, техникийн хамтын ажиллагааны гэрээ, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд байгуулах хөрсийг бүрдүүлнэ. Эдгээр гэрээ, хэлэлцээр нь зөвхөн хурлын хугацаанд хязгаарлагдахгүй, харин Монгол Улсыг олон улсын мэдлэг, санхүүжилтийн сүлжээнд урт хугацаанд холбох ач холбогдолтой.
Олон боломж гарч ирлээ ч өөрөө аяндаа хэрэгжинэ гэсэн үг биш. Ил тод байдал, институцийн чадавх сул байвал COP17 нь тодорхой эрсдэл дагуулж болзошгүй. Хамгийн түрүүнд санхүүгийн буруу удирдлагын эрсдэл бий. Ийм хэмжээний олон улсын арга хэмжээ нь их хэмжээний хөрөнгө, санхүүгийн урсгал дагуулдаг бөгөөд зохих хяналт, хариуцлагын тогтолцоо сул байвал нөөцийг үр ашиггүй зарцуулах, бүр цаашлаад авлигын эрсдэл үүсэх юм. Энэ нь зөвхөн төслүүдийн үр дүнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Монгол Улсын олон улсын нэр хүндэд ноцтой хохирол учруулна.
Мөн “greenwashing” буюу бодит бус, өнгөц үр дүн гаргах эрсдэл байсаар байна. Хэрэв танилцуулагдах төслүүд нь бодит үр нөлөөгүй, олон улсын стандарт хангахгүй байвал Монгол Улс олон улсын шүүмжлэлд өртөх магадлалтай. Өнөөгийн нөхцөлд дэлхий нийт тогтвортой хөгжлийн санаачилгын бодит байдлыг өндөр түвшинд анхаарч буй тул ийм алдаа нь ирээдүйн санхүүжилт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг санах нь чухал.
Түүнчлэн зохион байгуулалтын болон логистикийн хүндрэлүүд ч анхаарал татаж байна. Хурлыг амжилттай зохион байгуулахад дэд бүтэц, аюулгүй байдал, тээвэр, мэдээллийн зохион байгуулалт зэрэг олон салбарын нарийн уялдаа шаардлагатай. Эдгээрийн аль нэгэнд доголдол гарвал оролцогчдын идэвх буурч, хэлэлцүүлгийн үр нөлөө суларна. Нөгөө талаас оролцооны тэгш байдлыг хангах нь чухал. Хэрэв орон нутгийн иргэд, иргэний нийгэм, ялангуяа газрын доройтолд хамгийн их өртөж буй малчдын дуу хоолой хангалттай тусгагдахгүй бол хөгжлийн үр өгөөж тэгш бус хуваарилагдах эрсдэлтэй.
COP17-г амжилттай зохион байгуулсан ч түүний үр дүнг үндэсний бодлого, хөтөлбөртэй уялдуулахгүй бол энэ нь түр зуурын үйл явдал болон үлдэх эрсдэлтэй. Иймд хурлаас үүсэх түншлэл, санхүүжилтийн амлалт, бодлогын чиглэлийг тогтвортой хэрэгжүүлэх институцийн тогтолцоонд шингээх шаардлагатай юм.