Цахим спортын “Counter-Strike 2" төрлийн энэ оны эхний мэйжор ирэх зургаадугаар сарын 2-оос 21-ний өдрүүдэд Герман улсын Кёльн хотноо эхэлнэ. Олон мянган хөгжөөн дэмжигч танхимд цугларч, цахимаар сая сая үзэгч шууд дамжуулалтаар хүлээн авах энэхүү мэйжорт 32 баг оролцох бөгөөд багуудын нэрс албан ёсоор тодорлоо.
Энэ удаагийн тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.долларт хүрч, аварга баг хагас сая орчим ам.долларын шагнал хүртэх юм. Тэмцээн дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатанд Swiss форматаар багууд өрсөлдөж, шилдгүүд нь плэйоффт шалгарна.
Мэйжорт гурван бүсээс буюу Европоос 17 баг, Азиас 5 баг, Америкаас 10 баг оролцохоор бүрэлдэхүүн нь тодроод байна. Эхний шатны тоглолтод 16 баг өрсөлдөж, шалгарсан найман баг нь хоёрдугаар шатны тоглолтод Team Spirit, Fut Gaming, Astralis, G2, Lagesy, Monte, 9Z, paiN Gaming зэрэг багуудтай өрсөлдөнө. Харин гуравдугаар шатны тоглолтууд зургаадугаар сарын 11-ээс 21-ний өдрүүдэд болох ба дэлхийн чансааг тэргүүлэгч Team Vitality, MOUZ , The MongolZ, Falcons, Furia, Navi, Paraivision, Avrora Gaming зэрэг хүчирхэг бүрэлдэхүүнүүд багтсан байна.
Өмнө нь мэйжорын эрх олгох тэмцээн болж, багууд тэндээс эрхээ авдаг байв. Гэвч тоглоомыг хөгжүүлэгч "Valve" үүнийгээ өөрчилж, багуудыг тоглолт бүрээсээ чансааны оноо цуглуулах тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүнд багууд хожвол оноогоо нэмж, хожигдвол хасагддаг болсон. Өөрөөр хэлбэл, мэйжорын эрхийн төлөө зүтгэж буй багуудын хувьд тоглолт бүр чухал болсон.
“FaZe Clan” болон “Passion UA” багууд оны эхний мэйжорт оролцохгүй
Өнгөрсөн жилийн дэд аварга FaZe Clan баг энэ удаагийн мэйжорт оролцож чадсангүй. Тэд “HLC Belgrade PRO 2026” тэмцээний шийдвэрлэх шатанд Германы BIG багт 1-2 харьцаатайгаар хожигдож, эрхээ алдсан байна. Ингэснээр 2016 оноос хойш бүх мэйжорт тасралтгүй оролцож ирсэн FaZe Clan анх удаа энэ тэмцээнийг өнжихөөр боллоо. Энэ нь багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох дохио байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Мөн Монгол тоглогч “Senzu”-ийн тоглож буй Passion UA баг “Urban Riga Open Season 4” тэмцээнд түрүүлсэн тохиолдолд мэйжорт оролцох боломжтой байсан. Гэвч финалын шатанд Sangal Esports багт 1-2 харьцаатайгаар хожигдсоноор боломжоо алдлаа. “Senzu”-ийн хувьд тус багт зээлээр тоглож байгаа бөгөөд мэйжорын дараа гэрээг сунгах асуудал яригдах байсан ч баг нь эрх авч чадсангүй.
Кёльн хотод мэйжор тэмцээн арван жилийн дараа эргэн ирж буй нь цахим спорт сонирхогчдын хувьд онцгой үйл явдал болж байна. Шигшээ шатны тоглолтууд “Counter-Strike-ийн сүм” хэмээн нэрлэгддэг алдарт “LANXESS Arena”-д болно. Энэхүү тайзнаа хэн аварга болох нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.