Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий дахинд шатахууны үнэ эрчимтэй өсөж байна. Манай улсад ч бүтээгдэхүүний үнэ төрлөөс шалтгаалан нэмэгдэж буй. Тодруулбал, дизель түлшний үнэ нийслэлд 10 хоногийн өмнөхөөс 900 төгрөгөөр нэмэгдэж, литр нь 3990 төгрөг, АИ-95 бензин 4100 төгрөгт хүрэв. Орон нутагт буюу Увс аймагт дизель түлшний үнэ литр тутам нь 4500, Дорнодод 4200, Хэнтийд 4350 төгрөгөөр тус тус борлуулж байна. АИ-92 бензиний хувьд ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан үнэ тогтворжуулах гэрээний нөлөөгөөр хэвийн хэмжээнд хадгалагдаж байна. Гэхдээ цаашид АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ 500-2200 төгрөгөөр нэмэгдэж лирт тутам нь 4100-5300 төгрөгт хүрж болзошгүйг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж байв.
Тэгвэл шатахууны үнэ өсөж буй гол шалтгаан юу вэ
Нэгдүгээр шалтгаан: АНУ, Израйл, Ираны дайны нөлөөгөөр дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн хамгийн том нийлүүлэлтийн шок үүсээд байна. Ормузын хоолойгоор өмнө нь өдөрт дунджаар шатахуун тээвэрлэсэн 100 танк дамжин өнгөрч байсан бол одоо 0-5 болж, нийлүүлэлт саарсан. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ ойролцоогоор 110 долларт хүрсэн нь шатахууны үнэ нэмэгдэх суурь шалтгаан болж байна.
Хоёрдугаар шалтгаан: Шатахууны үнэ нэмэгдэх эсэх нь нийлүүлэгч улсын үнийн бодлогоос шууд хамааралтай. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэнийг нь БНХАУ эзэлдэг. Энэ сард шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани бүтээгдэхүүнийхээ хил үнийг төрлөөс хамааран 441-648 ам.доллароор нэмсэн байна.
Гуравдугаар шалтгаан: Манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллароор төлбөр төлж худалдаа хийдэг. Иймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна.
Дөрөвдүгээр шалтгаан: Үнийн өсөлттэй холбоотойгоор тээврийн зардал, даатгал, логистикийн үнэ нэмэгдсэн. Энэ нь импортын өртгийг өсгөж, дотоодын жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлж байна.
Тавдугаар шалтгаан: Эрэлт нэмэгдэх үед үнэ өснө. Хаврын улирал бол бүтээн байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай гэхчлэн салбар бүрд бүтээн байгуулалт эхэлж буй энэ үед түлшний хэрэгцээ өндөр байна.
Шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд юу хийхээр төлөвлөсөн бэ
Одоогоор АИ-92-оос бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. Гэхдээ тогтворжуулалтын гэрээнд үнийн өсөлт гурван сар дараалан үргэлжилбэл үнийг дахин хэлэлцэхээр тусгасан. Тэгэхээр өсөлт энэ хэвээр үргэлжилбэл АИ-92 бензиний үнэ ч нэмэгдэж болзошгүй байна. Одоогийн нөхцөлд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй, үнийн өсөлтийг хязгаарлах нь чухал гэдгийг судлаачид хэлж байна. Шинэ Засгийн газраас шатахууны гаалийн албан татварыг тэглэснээр үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулж чадна хэмээн үзэж байна.