Ковидын үед бизнес эрхлэгчид ээлж дараалан үйл ажиллагаагаа зогсоож зарим нь хаалгаа барьж нөхцөл байдал хүнд байлаа. Энэхүү сорилтыг боломж гэж харж бизнесээ эхлүүлсэн хүний нэг бол “Говидара” брэндийн үүсгэн байгуулагч Б.Цэнгэлмаа. Монголоор говийн дарь эх, санскрит хэлнээс хөрвүүлэхэд тэнгэрийн ариун мод гэсэн утгатай Говидара нь уламжлалт анагаах ухааныг эм зүйн шинжлэх ухаантай хослуулан инновац шингэсэн бүтээгдэхүүн гарган авдаг. Тус брэндийн анхны бүтээгдэхүүн бол шүршдэг ганга. Өдгөө шүршдэг арц, шүршдэг ариун ганга болон гангатай салфетик, саван зэрэг бүтээгдэхүүн гаргаад байна.
Арц гангыг амилуулсан инновац
Б.Цэнгэлмаа оюутан байхдаа буюу 2016 онд МҮОНРТ-ээс зохион байгуулдаг залуу зохион бүтээгч уралдаанд оролцож, шилдэг 15-ын нэг болсон нь өөрийн брэндийг үүсгэх эхлэл болжээ. Уг үйл явдлаас урам зориг авсан тэрээр эмчийн мэргэжлээ сольж эм зүйчээр сурч илүү олон төрлийн судалгаа хийж эхэлсэн байна. Ингээд 2018 онд Старт Ап Монголиа болон Мерси Корлоос зохион байгуулсан Энтрепрёнер тэмцээнд тэргүүн байр эзэлж 10 сая төгрөгийн грант авав. Энэхүү тэмцээнд түрүүлээд авсан мөнгөөрөө бүтээгдэхүүн хийх анхны төхөөрөмжөө авч байжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа гангатай гар ариутгагчаа албан ёсоор зах зээлд нэвтрүүлжээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэхээс гадна судалгаагаа ч гүнзгийрүүлсээр байгаа бөгөөд гурван жилийн өмнө үйлдвэртэй болж, нэрийн дэлгүүрээ ч нээгээд байна. Говидара үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш одоогийн байдлаар 40 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулжээ.