Open iToim app
Анализ | 6 мин уншина

Донтох уу, донгодох уу

iToim
+ Дагах
Нийтэлсэн 3 минутын өмнө
“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн М.Зоригтбаатарын нийтлэлийг хүлээн авч уншина уу.
•     •     •
iToim-ийн архиваас ашиглав.
iToim-ийн архиваас ашиглав.

Манай улс нийтээрээ аливаа төрлийн донтох эмгэгт өртөөд өсвөр насны хүүхэд, залуучууд эрүүл мэндээрээ хохироод, эрх чөлөөгөө хасуулаад, амь насаа алдаад байгааг мэдэж байгаа хүн ер нь байна уу.
Хүүхдүүд нь электрон тамхины болон утаат тамхины хамааралтай, залуучууд нь газ, эм, хар тамхины хамааралтай болоод гар хуруугаа тайруулаад эрүүл мэндээрээ хохироод амь насаа алдаад байгаа мэргэжлийн байгууллагыг тоо судалгааг анзаарч байгаа төр, гэр бүл, эцэг эх, багш, нийгмийн ажилтан байна уу.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд “Донтох эмгэг”-ийг хөгжлийн бэрхшээлтэй өвчний ангилалд оруулсан. Гэвч Монгол Улсын хэмжээнд өсвөр насны хүүхэд залуучууд дэлгэц, компьютер тоглоом, сошиал медиа, электрон тамхи, утаат тамхи, архи согтууруулах ундаа, хар тамхи, хүн амын эмчилгээнд хэрэглэдэг эм болон ахуйн төрлийн зүйл /газ, цавуу, скоч гэх мэт/-д донтох, байнгын хэрэглээтэй болох улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирол тохиолдол нийгмийн үзэгдэл хэмжээнд хүрээд байна.
Шалтгаан нөхцөлийн судалж үзэхэд, хууль эрх зүйн зохицуулалт болон өсвөр насны хүүхдүүдэд хараа хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар дээр дурдсан донтох эмгэгийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь тухайн хүүхдийг сонирхогч, хэрэглэгч, донтогч, Эрүүгийн хуулийн ялтан болох цаашлаад амь насаа алдах хүртэл эрсдэл учруулж байгааг олон улс, Монгол Улсын судалгаа болон мэргэжлийн байгууллагуудын статистик өгүүлж байгаа нь харамсалтай.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дэлгэцийн донтолт эмчлүүлж байгаа хүүхдүүд, электрон тамхины зохицуулалтгүй Монгол Улсын Тамхины хяналтын тухай, ахуйн хэрэглээний газ үнэрлэж амь насаа алдсан 11 хүүхэд, дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувь нь утаат тамхи сорж үзсэн, 30 гаруй хувь нь хэрэглээтэй байгаа судалгааны үр дүн, архи, согтууруулах ундааны хяналтгүй хэрэглээнээс болж үйлдэгдсэн гэмт хэрэг, хар тамхины хэргийн 50,4 хувийг 18-25 насны хүүхэд, залуучууд байгаа эдгээр тоо баримт, шалтгаан нөхцөл нь энэхүү төслийг хэрэгжүүлэн үндсэн шаардлага байгааг тодорхой харуулж байна.
Хэн донтох эрсдэлтэй, Хэнд зөв мэдлэг, мэдээлэл хэрэгтэй вэ
Монгол Улсын хүн амын 30.9 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 63.8 хувь нь 15-64 насны хүмүүс, 5.3 хувь нь 65, түүнээс дээш насны өндөр настан байна.[1]
Улсын хэмжээнд 1413 цэцэрлэг, 859 ерөнхий боловсролын сургууль (ЕБС), 77 техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 69 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.
Нэг хичээлийн жилд дунджаар ерөнхий боловсролын сургуульд 746.4 (62.4%) мянга, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 38.0 (3.2%) мянга, их, дээд сургууль, коллежид 145.3 (12.1%) мянган хүүхэд, залуучууд суралцаж байна.
Ерөнхий боловсролын сургуульд дунджаар 36.1 мянган багш ажиллаж байгаагийн 31.9 (88.3%) мянга нь төрийн өмчийн, 4.2 (11.7%) мянга нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байна.
Мөн Монгол Улсын хэмжээнд 997,023 өрх байна.
Өрх гэж: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ.[2]
Асуултын хариулт: Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэг нарт донтох эмгэгийн талаар мэдлэг, мэдээлэл олгосноор тэдний хүүхэддээ тавих хараа хяналт сайжрах, асуудлыг илрүүлсэн, мэдсэн тохиолдолд уламжлалт аргаас бус хууль эрх зүй, эрүүл мэндийн хүрээнд шинжлэх ухаанч байдлаар асуудлыг шийдэх хамгийн гол нь хүүхдийн сонирхох түвшинд нь илрүүлэх, таслан зогсоох, шийдвэрлэх, эмчлэх, нийгэмшүүлэх арга замыг таниулах юм.
Нарийвчлан авч үзвэл:
Ухаалаг утас, таблет, компьютер, ТВ гэх мэт дэлгэцтэй төхөөрөмжийг хэтрүүлэн хэрэглэхээс үүдэлтэй хамаарал, хяналт алдах байдал юм. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ICD буюу Өвчний олон улсын ангиллын 11 жагсаалтад "Gaming disorder" гэх мэтээр тодорхойлогддог зан үйлийн донтолтын нэг хэлбэр бөгөөд өсвөр насныханд хамгийн их нөлөөлдөг.
Өдөрт олон цаг зарцуулах, зогсоож чадахгүй байх, дэлгэцгүй үед сэтгэл түгших/уурлах, нойр муудах, анхаарал төвлөрөл буурах, биеийн хөдөлгөөн багасах шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд сэтгэл гутрал, түгшүүр (интернэт/дэлгэц хэрэглээ их байх тусам сэтгэл гутралын эрсдэл 80% хүртэл нэмэгддэг гэсэн судалгаа бий), нүдний ачаалал, нуруу/гар өвдөх, таргалалт, нойргүйдэх, гэр бүл, найз нөхөдтэй харилцаа муудах, хичээл/ажил муудах зэрэг сөрөг үр дагавартай.
Монгол Улсад 2010 оны дунд үед “Цэнхэр халим” гэх интернэт тоглоом гарч ирснээс маш олон хүүхэд амиа хорлосон тохиолдол бүртгэгдсэн мөн сошиал хэрэглээний хязгаарлалт байхгүй, эцэг эхийн мэдлэг дутмаг байгаагаас хүүхдүүд дэлгэцийн донтох эмгэгт өртөх цаашлаад бүх төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байсаар байна.
Өнгөрсөн онуудад фейсбүүкийн хуурамч хаягаар танилцсан хүнтэй уулзаж хүчирхийлүүлсэн, залилах гэмт хэрэгт өртсөн, дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болсон гэх цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргүүд энэ төрлийн эмгэг, зохисгүй хэрэглээний хор уршгийн бодит сөрөг үр дүн юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд цахим тоглоомын донтолтоор хэвтүүлэн эмчилсэн хүүхдийн ихэнх нь 11–16 насныхан байна.
Мөн Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд 2026 оны 02 дугаар сарын байдлаар электрон тамхины тухай хуулийн зохицуулалт байхгүй байна. Электрон тамхи нь 2022 оноос хойш Монгол Улсын хилээр ихээр импортлогдож орж ирсэн бөгөөд хуулийн зохицуулалт байхгүй улмаас бүх төрлийн дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд чөлөөтэй зарагдсаар байна.
Энэ төрлийн тамхийг дэлхийн 55 орон бүрэн хориглосон бөгөөд 93 улс гаалийн татвар, худалдан борлуулах нас зэрэг ямар нэгэн байдлаар эрх зүйн зохицуулалт хийжээ.
  • Дэлхий даяар 100+ сая хүн электрон тамхи хэрэглэж байна, үүнээс 86 сая насанд хүрэгсэд15 сая өсвөр насныхан эзэлж байна.
  • Монгол Улсын хувьд Өсвөр насныхан дунд 60% туршиж үзсэн, 1/3 нь хэрэглэгч, 1/5 нь өдөрт 10+ удаа татдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дурдсан байна.
  • Нийт 756 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүд гаа, жимс зэрэг амтанд хууртаж энэ төрлийн тамхинд донтох эрсдэл өндөр байна.
Хэрэглэснээр никотинд донтох, зүрх судас, амьсгалын замын өвчтэй болох, сэтгэл зүйн хувьд оюуны хомстолтой болох хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөөр байна.
Электрон тамхи нь янжуур тамхинаас бага зэрэг хөнгөн (зарим судалгаагаар 95% бага гэх ч) байж болох ч огт аюулгүй биш, ялангуяа залуучууд, жирэмсэн эмэгтэй, өсвөр насныханд маш аюултай.
Хамгийн их анхаарал татаж байгаа донтох эмгэг бол хар тамхи юм.
Монгол Улсад бүртгэгдэж байгаа хар тамхитай холбоотой нийт гэмт хэргийн 1731 буюу 83.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.[3]
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 4,4 хувийг 13-17 насныхан, 50,4 хувийг 18-25 насныхан эзэлж байгаа бөгөөд боловсролын байдлаар авч үзвэл 60,5 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс эзэлж байна.
Нийгмийн байдлаар авч үзэхэд 59,5 хувь тодорхой эрхэлсэн ажилгүй, 18,7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 11.1 хувийг сурагч, оюутан эзэлж байна.
Сүүлийн 9 жилийн хугацаанд хар тамхины улмаас 49 хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн донтох эмгэгээс шалтгаалан хүчиндэх, хулгайлах, амиа хорлох, дээрэмдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүд ихээр бүртгэгдэж байна.
Мөн энэ төрлийн донтох эмгэгээс шалтгаалан худалдан авах, хэрэглэх зорилгоор нэгнийгээ уруу татах эрсдэл хамгийн өндөр бөгөөд нэг хэрэглэгчийн ард 3-5 хэрэглэгч байдаг гэсэн олон улсын судалгаа байна.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 60 мянган далд хэрэглэгч байгаа гэсэн тоо судалгаа гаргасан нь энэ төрлийн гэм хэргийн гаралт нэмэгдэж байгаа, хэрэглэгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Хууль эрх зүйн орчин, эмчилгээ үйлчилгээний стандарт, эмнэлэг, сэргээн засах төв зэрэг нийгмээс шалтгаалсан олон хүчин зүйл байгаа боловч сонирхогчийн түвшинд эрт илрүүлэх нь хамгийн чухал алхам юм.
Бид архинд донтох эмгэгтэй хүнийг гудамж талбай олон нийтийн газар харсан ч нүд дассан тэр бүү хэл “Бөбө” гэх нэршил өгч, нийтээрэй архины хамааралтай болсон, үүнийг согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо, эмчлэх байгууллагын бүтэц, байшин барилгын шинэчлэл өргөтгөлөөс харж болохоор байна.
Цаашлаад бусад төрлийн тэр тусам шинээр гарч ирж буй донтолтоос хэрхэн урьдчилан сэргийлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, Монгол хүний удмын сан, Үндэсний аюулгүй байдлыг хангах нэн чухал билээ.
Асуудлын араас нь шийдэх, хууль шинэчлэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулах бус урьдчилан сэргийлэх, нийтээрэй донтолтын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, гэр бүлийн суурь хүмүүжлийг олгох нь зүйтэй юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн