Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

ТОЙМ: Туулын хурдны зам төслийн эргэн тойронд юу болов

ТОЙМ: Туулын хурдны зам төслийн эргэн тойронд юу болов
Нийтэлсэн 2026 оны 4 сарын 5
Энэ долоо хоногт өрнөсөн гол асуудлын нэг нь яалтачгүй Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг тойрсон асуудал байв. Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл Туул гол дагуу зургаан эгнээ, 32 км урт хурдны зам барих бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн сарын 15-аас эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалттай зэрэгцэн иргэд, олон нийтийн зүгээс төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, төсөв зэргийг ил тод мэдээллэх, цаашлаад зогсоохыг шаардаж жагсаал зохион байгуулсан. Олон нийтийн хөдөлгөөн долоо хоног үргэлжилсний дараа УИХ-ын байнгын хороод төслийн хэрэгжилт, эдийн засгийн үр нөлөөг тодорхой болгох үүднээс хуралдаж уг асуудлыг хэлэлцсэн юм.
Туулын хурдны замын төслийн гол асуудал юу вэ
Байгаль, экологийн асуудал: Судлаачид Туул гол дээгүүр 7.2 км урт гүүр барьж, голын дотор багана суурилуулах нь усны экосистемд ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж байгаа. Ялангуяа усны урсгал, чанарт сөргөөр нөлөөлж урт хугацаанд экологийн доройтол үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. 
Санхүү, төсвийн маргаан: Төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөгт хүрч, нэг км замын өртөг 70 тэрбум төгрөг болж байгаа нь хэт өндөр гэж шүүмжилсэн. Энэ хэмжээний санхүүжилт нь улсын төсөвт дарамт үүсгэж, цаашид нэмэгдэх эрсдэлтэйг онцлов.
Түгжрэлийг яг бууруулах уу: Уг төслийн гол зорилго нь түгжрэлийг бууруулах юм. Нийслэлийн зүгээс уг хурдны зам ашиглалтад орсноор замын түгжрэл 50 хүртэл хувиар буурна гэж мэдэгдсэн. Гэвч зарим судлаач энэ дүгнэлтийг үгүйсгэж, шинэ зам барих нь урт хугацаандаа автомашины хэрэглээг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахгүй, Улаанбаатарын түгжрэлийг шийдэх гол шийдэл биш гэж үзэж байна.
Үнэлгээний чанар: Байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийсэн ч үнэлгээний тайланд мэргэжлийн усны болон ой судлаачид оролцоогүй гэдгээ мэдэгдэв. Энэ нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. 
Бүтээн байгуулалтыг хариуцах гүйцэтгэгч компанийн асуудал: Туулын хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” шалгарсан. Олон нийтийн зүгээс огт зам барьдаггүй компани тендэрт оролцож шалгарсан гэх байр суурийг илэрхийлж байна. Мөн уг компанийн талаарх мэдээлэл ил тод биш зэрэг нь олон эргэлзээ дагуулж байна.
Албаныхны байр суурь: 
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Туулын хурдны зам нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 16 мега төслийн нэг бөгөөд 1, 2 дугаар тойрог замуудтай нягт уялдаатай, нийт зургаан эгнээтэй, Азийн авто замын "AH-3" ангиллын, зогсолтгүй, гэрлэн дохиогүй, уулзваргүй хурдны зам байхаар төлөвлөгдсөн. Энэхүү цогц зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолсон. Энэ онд  нийслэлийн төсвөөс 800, ирэх онд мөн 800 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Учир нь 2027 оноос нийслэлд сургууль цэцэрлэг барих шаардлагагүй болно, том төслүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид бондын эргэн төлөлтөө тооцоолсон.
Усны инженер Ш.Баранчулуун: Нэгдүгээрт, ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн далангаа Туулын хурдны замтай хамт давхар шинэчилж байгааг ойлгох нь зүйтэй. Хоёрдугаарт, Туул голын усны 25 хувь нь хотоос маш алсаас буюу Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч урсдаг, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрдэж байгаа. Туул голыг хур тунадасны горимтой гол ч гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Хур тунадас их, бага орсноос усны түвшин нь шалтгаалдаг гэж хялбараар ойлгоход болно. Тиймээс Туулын голын усны түвшинд Туулын хурдны зам нөлөөлөх ямар ч үндэслэл, боломжгүй.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар: Туулын хурдны зам дээр өр тавьж барих гэж байна гэж сошиалд яриад байсан. Энэ зардал нь нийслэл өөрөө замын сангийн хураамж, нийслэлийн татвар төлөгчдийн хураамжийг төсөвт төвлөрүүлснийгээ төсвөөр хуваарилаад хийгдэж байгаа ажил. Энэ замын төсөвт өртөг 13 жилийн хугацаанд өсчихлөө гэж байна. 2013 онд энэ замын төсөвт өртөг 468 сая ам.доллар буюу нэг эгнээ дөрвөн гүүрэн байгууламжтай байсан бол өнөөдөр 6 эгнээ болж 9.9 км урттай болсноор 680 сая ам.доллар болсон.
Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Туулын хурдны замын гүйцэтгэгчээр шалгарсан “China hyway” групп тендерт оролцохын тулд УБЕГ-т бүртгүүлэх шаардлагатай байсан. Ингээд бүртгүүлэхэд өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн. Инженер, худалдаа логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани. Энэ групп нь Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай.
Туулын хурдны зам төслийг шүүмжилж буй хүмүүсийн байр суурь: 
Усны газрын дарга З.Батбаяр: Нийт гүүрийн байгууламжийн урт 7.2 км. Энэ байгууламж дээр нийт 2574 тулгуур төлөвлөгдсөнөөс 2556 нь голын татам буюу үерийн ус тархах хэсэгт байрлана гэсэн тооцоо байгаа. Үүнээс хэдхэн тулгуур нь усан дотор орно, бусад нь усанд орохгүй учраас нөлөө багатай гэж үзэж болохгүй. Ингэж ойлговол тооцооллын хувьд алдаа болно. Татамын хэсэгт 30–50 метрийн диаметртэй, 13–25 метрийн гүнтэй, нийт 2256 цооног өрөмдөж, цементэн суурь хийхээр байгаа. Энэ хэмжээний өрөмдлөг хийхэд Туул голын урсац болон газрын доорх усанд хэрхэн нөлөөлөх вэ гэх нөлөөллийн нарийвчилсан тооцоо одоогоор байхгүй байна. Бүх багана ижил нөхцөлд байна гэж үзэж болохгүй. Аль багана нь хаана, ямар хөрсөн дээр байрлаж байгаагаас хамаараад ялангуяа сэвсгэр хурдастай хэсэгт өөр, өөр нөлөө үзүүлнэ. Тиймээс хамгийн чухал баримт бичиг нь ажлын зураг болж байгаа юм. Гэтэл одоогийн байдлаар ажлын зураг бүрэн гараагүй байна. Ийм нөхцөлд бид газрын доорх ус болон Туул голд үзүүлэх нөлөөллийг урьдчилан зайлшгүй тодорхойлсон байх шаардлагатай. Мөн Туул гол дээгүүр баригдах 7.2 км урт гүүрийн барилга байгууламжаас үүсэх бохирдлын эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийн талаар тодорхой судалгаа, тооцоолол хийж танилцуулах ёстой. Эдгээр үндсэн тооцоо, судалгаанууд одоогоор бүрэн хийгдээгүй учраас эцсийн санал, дүгнэлт гаргах боломжгүй. 
Зам тээвэр судлаач Э.Тэмүүжин: Туулын хурдны зам бол Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахгүй. Учир нь хурдны зам гэдэг бол Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах руу дамжин өнгөрөх л зам. Улаанбаатар хотод өдөртөө 450-500 мянган автомашин зорчиж байна гэх судалгаа бий. Албаны хүмүүстэй мэтгэлцээнд ороход өдөрт 180 мянган тээврийн хэрэгсэл Туулын хурдны замаар зорчих тооцоололтой байна гэж байгаа юм. Тэгвэл Энхтайвны өргөн чөлөө 180 мянгаас их бага эсэхийг “хэлж мэдэхгүй” байна гэж ам алдсан тохиолдол байгаа. Ихэнх хүмүүс мэдэхгүй байгаа учраас их мөнгөөр л юм хийх гээд байна гэж ойлгож байгаа байх. Гэхдээ үүний цаана худал хуурмаг, хулгай луйвар байх вий л гэж хардаж байгаа.
“Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний төлөөлөл Г.Мөнх-Эрдэнэ: Бид улс орны хөгжлийг гацаах гэж зам гүүр элдэв юм барихыг огт хориглоогүй. Туул гол дээгүүр барьж яах юм бэ харин нэг, хоёрдугаар замаа эхлээд бариад харуулчих гэсэн юм ярьсан. Аль ч томоохон төсөл дээр нийгмийн зөвшилцөл гэж юм байдаг. Төслөө эхлээд ард түмэндээ танилцуулж, бүр иргэдээс түүвэрлэж зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ хоёр ажил аль нь ч хийгдээгүй. Тэгэхээр бид хардаж, жагсахаас өөр яах юм. Бидний зүгээс эхний ээлжинд энэ ажлаа зогсоочих, тэгээд ярилцъя гэсэн шаардлагыг тавьж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Туулын хурдны замыг яагаад эсэргүүцэв гэхээр 2.3 их наяд төгрөгийн төсөв энэ бол маш их мөнгө. Үүнийг УИХ ярих ёстой. Засгийн газар энэ төсөлд өрийн баталгаа гаргаж өгсөн. Үр дагавар нь маш ноцтой. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд том төслүүд л хийе гэж бодол олон хүн байна. Туулын хурдны замын төсөл үүний нэг. Төрийн мөнгөөр ийм том төсөл хэрэгжүүлэх нь ялангуяа энэ цаг үед маш их эрсдэлтэй. 
Одоогоор иргэн болон иргэний нийгмийн байгууллагаас Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар АТГ-т гомдол санал гарган, төслийг шалгуулж байна. 
Олон нийтийн дунд маргаан дагуулж буй Туулын хурдны замын төслийн асуудлаар мэргэжлийн байгууллага, экспертүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргуулна гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн