“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн Л.Дэлгэрмаагийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
• • •

Энэ бол нэг томхон шуугиан Монголын сошиал ертөнцөд “тэсэж үлдэх” дундаж хугацаа. Зүрх зүсэм хүчирхийлэл, улс төрийн хэрүүл эсвэл зүгээр л нэг гэр бүлийн маргаан аль нь ч бай үүнээс удаан анхаарлын төвд байж чадахгүй. Харин бидний цахим орчинд нэгийг шүүж, хоёрыг хэлэлцэх 72 цагийн дотор Цахиурын хөндийд хүн төрөлхтний түүхийг өөрчлөх Хиймэл оюун ухааны (AI) ээлжит тэсрэлтүүд ар араасаа болсоор… Текстээс бодит видео бүтээдэг “Sora AI” кино урлагийн салбарынхныг алмайруулж, нэг дор сая үг унших чадвартай “Gemini AI” 1.5 мэдээлэл боловсруулалтын хязгаарыг дахин шинэчиллээ. Дэлхий ертөнц секундийг ч алдалгүй бүтээмжийн төлөө уралдаж байна. Энэхүү технологийн дэвшил нь хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд хөгжлийн шинэ боломжийг нээж буйг бид анзаарахгүй өнгөрч болохгүй.
Хүн амын тоо эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг байх үе ард үлджээ
Олон арван жилийн турш Монгол Улсын эдийн засгийн хөгжил хүн амын цөөн тоо, зах зээлийн явцуу байдалд хүлэгдэж ирсэн. Гэвч хүн төрөлхтөн аж үйлдвэрийн IV хувьсгалын босгон дээр ирсэн энэ цаг үед хүн ам цөөн гэх сул тал нь хиймэл оюун ухааны (AI) ачаар давуу тал болон хувирах боломж бүрдэж байна. Сонгодог эдийн засгийн онолоор хүн амын өсөлт нь ажиллах хүчний нийлүүлэлт болон дотоодын эрэлтийг нэмэгдүүлэгч гол хөдөлгүүр гэж үздэг. Ялангуяа Азийн “баруунууд” болох Хятад, Вьетнам зэрэг улс олон тооны хямд ажиллах хүчний ачаар үсрэнгүй хөгжсөн түүхтэй. Харин 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд цөөн хүн ам дараах дараах сорилтуудыг бий болгосон юм.
Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл бол “Хэмжээний эдийн засаг” (Economies of Scale) үүсгэх боломжгүй жижиг зах зээл юм. Олон Улсын шилжих хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) хэвлэсэн дүн шинжилгээнд дурдсанаар манай дотоодын үйлдвэрлэлийн салбарын 90 гаруй хувийг 10-аас цөөн ажилтантай бичил аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна. Энэ нь технологийн томоохон шинэчлэл хийх, инновац нэвтрүүлэх санхүүгийн чадамжгүй, нэгж бүтээгдэхүүнд ногдох тогтмол зардал нь хэт өндөр байгааг илтгэнэ. Хүн ам цөөн, зах зээл явцуу байгаа нь хөрөнгө оруулалтын өгөөжийг удаашруулж, дотоодын үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээл дээр үнээр өрсөлдөх боломжгүй байдалд түгжиж байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улсын логистикийн зардал ДНБ-ий 30 орчим хувийг эзэлж байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Газар нутгийн хэмжээ асар том боловч хүн амын нягтрал бага байгаа нь дэд бүтцийн зардлыг нэмэгдүүлж, жижиг зах зээлийг улам бүр тусгаарлагдмал, үр ашиггүй болгож байна. Бид ердөө 3.5 сая хэрэглэгчтэй зах зээлд зориулж үйлдвэрлэл эрхлэх нь бусад томоохон зах зээлтэй харьцуулахад ашиг олох боломж хязгаарлагдмал юм. Энэхүү бүтцийн гацалт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайн салбарт төвлөрүүлж, бусад салбарыг зогсонги байдалд оруулсаар ирлээ.
Монголбанкны Судалгаа, статистикийн газраас хийсэн "Бүтээмж, түүнийг сайжруулах санал зөвлөмж" судалгаанаас харахад Монгол Улсын нэг ажилтанд ногдох нэмэгдэл өртөг буюу бүтээмж дэлхийн дунджаас гурав дахин, өндөр хөгжилтэй орнуудаас 10 дахин бага байна. Бидний гол асуудал нь хүн ам цөөндөө биш, харин байгаа хүн хүчээ бүтээмж багатай салбарт (механик үйлчилгээ, данхгар төрийн алба) үр ашиггүй “түгжиж” байгаатай холбоотой. Судалгаагаар ажиллах хүчний шилжилт бүтээмж өндөртэй салбар руу биш, харин уул уурхайгаас хамааралтай үйлчилгээний салбар руу чиглэж байгаа нь эдийн гол асуудал болж байна. Үүнээс гадна IMD дэлхийн авьяас, ур чадварын тайланд бид 69 улсаас 69-р байранд эрэмбэлэгдсэн билээ. Энэхүү судалгаа нь улс орнууд авьяаслаг боловсон хүчнээ хөгжүүлэх, татах, хадгалах чадвар ямар түвшинд байгааг тодорхойлоход чиглэсэн юм.
Монгол Улсын эдийн засгийн тэлэлтийг боомилогч дараагийн томоохон саад бол ажиллах хүчний хомсдол бөгөөд энэ нь зөвхөн хүн амын тоо цөөн байгаагаас бус, хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн гажуудлаас үүдэлтэй юм. Үндэсний статистикийн хорооны (ҮСХ) сүүлийн үеийн мэдээллээр, хөдөлмөр эрхлэлтийн түвшин ердөө 62.7 хувьтай байгаа бөгөөд үүний цаана эдийн засгийн идэвхгүй 878.5 мянган хүн байна. Энэ нь бид ердөө байгаа нөөц талыг л ашиглаж байгааг илтгэх бөгөөд салбар бүрд, ялангуяа инженерчлэл, өндөр технологи, нарийн мэргэжлийн түвшинд хүний нөөцийн ангал үүссэнийг баталж байна. Цаашилбал, Монгол Улсын ажиллах хүчний дунд “Ур чадварын үл нийцэл” (Skill mismatch) асар өндөр байгааг Дэлхийн банкны “Ур чадварын судалгаа” -ны тайлан бидэнд харуулсан. Уг судалгаанд ажил олгогчдын 60 гаруй хувь нь шаардлагад нийцэх ажилтан олдоггүй гэж хариулсан бол нөгөө талд залуучуудын ажилгүйдэл 15-20 хувьд хэлбэлзэж байна. Энэ нь манай боловсролын систем зах зээлийн эрэлтээс тасарч, шаардлагагүй мэргэжлээр “дипломтой ажилгүйчүүд”-ийг олноор үйлдвэрлэж байгаагийн илрэл юм. Ажиллах хүчний энэхүү чанарын хомсдол нь хөдөлмөрийн зардлыг хиймлээр хөөрөгдөж, бүтээмжээр бус зөвхөн “хүн олдохгүй байгаа” шалтгаанаар цалин өсөх инфляцын дарамтыг эдийн засагт бий болгож байна.
Хөгжихөөсөө өмнө хөгшрөх эрсдэл
Манай улсад хүн амын өсөлт сүүлийн хоёр жил буурч байгаа нь ажиллах хүчний хомсдолыг ирэх 20 жилд улам хурцатгахаар байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хүн ам зүйн таамаглалаар, Монгол Улсын ажиллах насны хүн амын эзлэх хувь 2030 оноос эхлэн буурах хандлагатай байгаа нь бид өндөр хөгжилтэй орон болохоос өмнө “хөгшрөх” эрсдэлтэйг сануулж байна. Бид физик хүн хүчний дутагдлыг ердийн аргаар буюу төрөлтийг дэмжих замаар шийдвэрлэхэд хамгийн багадаа 20-25 жил шаардлагатай. Иймээс энэхүү цаг хугацааны болон тооны хомсдолыг нөхөхбодит шийдэл бол хүний физик оролцоог хамгийн бага түвшинд хүргэж, оюуны бүтээмжийг нь AI-аар хэд дахин үржүүлэх технологийн үсрэлт юм.
Хиймэл оюун ухааны хүч: Нэг сая ажилтан 10 сая хүний бүтээмж
Аж үйлдвэрийн I-III хувьсгалууд хүний булчингийн хүчийг машинаар орлож ирсэн. 1700 оны сүүлээр уурын хөдөлгүүр гарч, гар нэхмэлчийг үйлдвэрийн ажилчнаар сольсон бол, 100 жилийн өмнө Хенри Форд туузан дамжлагын машин нэвтрүүлж, масс үйлдвэрлэлийн эрин буюу найман цагийн ажил гэх ойлголтыг бий болгожээ. Харин 60 жилийн өмнөөс компьютер бий болсноор бидний мэдэх “цагаан захтнууд” буюу оффисын ажилчид “мэндэлжээ”. Харин өдгөө бид аж үйлдвэрийн IV хувьсгалын өмнө ирээд байна. Энэ хувьсгалаар машин хүний булчинг орлож байсан бол AI хүний “тархины ажиллагааг” орлож эхлэх юм. Өөрөөр хэлбэл, 10 шинжээчийн бүтэн сар хийх дата анализыг хиймэл оюун ухаан буюу “AI” хэдхэн секундэд гүйцэтгэж байна. Хиймэл оюун ухаан нь зөвхөн техник технологийн дэвшил биш, энэ бол хөдөлмөрийн бүтээмжийг хурдасгагч юм. Goldman Sachs-ийн судалгаагаар AI нь дэлхийн ДНБ-ийг ирэх 10 жилд 7%-иар (ойролцоогоор 7 их наяд ам.доллар) өсгөх чадалтай бөгөөд хөдөлмөрийн бүтээмжийг жилд дунджаар 1.5 нэгж хувиар нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна.
AI-ийн үзүүлэх бодит үр нөлөөг тоогоор илэрхийлбэл: Нэгт мэдлэгт суурилсан ажилтнуудын ажлын ачааллыг 40% хүртэл хөнгөвчилж, бүтээмжийг нь 60-100% өсгөж байна. Хоёрт програмчлал, өгөгдлийн шинжилгээ, контент үйлдвэрлэлийн салбарт нэг хүн өмнө нь 10 хүний хийдэг байсан ажлыг ганцаараа, илүү алдаагүй гүйцэтгэх боломжтой болов.
Эшлэл: “Чимэгэ Системс” Компанийн үүсгэн байгуулагч С.Бадрал: Хиймэл оюун ухаан айх зүйл биш.
Хиймэл оюун ухааны өгөөжийг Монголчууд шиг тэр дундаа цөөн хүн амтай улсууд илүү их хүртэнэ.
Тэгвэл Монголын нэг сая ажилтан 10 сая хүний бүтээмжийг гаргах боломжтой юу
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Монгол Улсад идэвхтэй ажиллах хүчний тоо ойролцоогоор 1.4 сая бөгөөд 2025 оны байдлаар 83.7 мянган ажиллах хүчний эрэлттэй байгаа юм. Хэрэв бид үндэсний хэмжээнд AI-ийг нэвтрүүлэх стратегиа зөв тодорхойлж чадвал энэ 1.4 сая хүний бүтээмжийг AI Agent буюу дижитал туслахуудын тусламжтайгаар хэд дахин өсгөж, эрэлтийг бүрэн хангах боломжтой. Логик тооцоолол хийж үзье. AI-ийн тусламжтайгаар нэг ажилтны ажлын үр ашиг дунджаар 5-8 дахин нэмэгддэг гэж үзвэл манай 1.4 сая ажиллах хүч нь 7-11.2 сая хүн амтай улсын хэмжээнд баялаг бүтээх боломжтой. Энэ боломжийг зарим улсууд аль хэдийн ашиглаад эхэлжээ. Жишээлбэл, Эстони Улс ердөө 1.3 сая хүнтэй ч “e-Residency” хөтөлбөрөөрөө дамжуулж дэлхийн 100 мянга гаруй бизнес эрхлэгчдийг өөрийн дижитал иргэн болгож, хүн амаасаа давсан эдийн засгийн өгөөж хүртэж байна. Харин Сингапур Улсын хувьд “Smart Nation” стратегийн хүрээнд хиймэл оюун ухааныг үндэсний аюулгүй байдал, тээвэр, санхүүдээ нэвтрүүлж, ажиллах хүчний дутагдлаа технологиор нөхөж байна.
Шийдэл: AI-г ашиглан дижитал ажиллах хүч бүрдүүлэх нь
Бид 10 сая идэвхтэй ажиллах хүчтэй болохын тулд ажиллах насны хүн ам ойролцоогоор 15-16 сая байх хэрэгтэй. Харин ийм хэмжээний ажиллах насны хүн амтай болохын тулд дор хаяж 22 сая хүн амтай байх шаардлагатай. Манай улсын хүн амын өсөлтийн хурд 1.5-2 хувь. Өөрөөр хэлбэл бид 10 сая ажиллах хүчтэй болохын тулд 90 жилийг хүлээх шаардлагатай. Харин AI-г дөрвөн гол салбарт нэвтрүүлснээр “виртуал” 10 сая идэвхтэй ажиллах хүчтэй улс шиг бүтээмж гаргах боломжтой.
1.Төрийн алба: Хүнд сурталгүй дижитал засаглал
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас (ЦХИХХЯ) “Их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийг боловсруулж буйгаа зарласан. Гэсэн хэдий ч манай улс олон улсын “Government AI Readiness Index”-ээр 193 улсаас 100 орчимд жагсаж байгаа нь бидэнд асар их сайжруулах орон зай байгааг илтгэж байна. Үүний тулд хамгийн жижиг алхмаас эхлэх ёстой. Төрийн 220 мянган албан хаагчийн дийлэнх нь хийж буй лавлагаа олгох, зөвшөөрөл шалгах зэрэг механик ажлыг AI агент руу шилжүүлснээр авилгагүй, 24/7 ажилладаг төр бий болно. Жишээ нь, Сингапур Улс "Pair" хэмээх төрийн албан хаагчдад зориулсан AI системийг нэвтрүүлснээр бичиг хэргийн ажлын ачааллыг 30-40% бууруулжээ. Харин манай улсын хувьд төрийн албаны зардлыг жилд 15-20% хэмнэж, тэрхүү хөрөнгийг технологийн дэд бүтцэд зарцуулах боломжтой.
2.Боловсрол: Тэгш бус байдлыг багасгах
“Хувийн багш” Хөдөөгийн сумын сургуулийн хүүхэд AI багшийн тусламжтайгаар дэлхийн шилдэг контентыг эх хэлээрээ хүлээн авна. БНСУ 2025 оноос бүх сургуулиуддаа “AI дижитал сурах бичиг” нэвтрүүлж байна. Энэ нь сурагч бүрийн сурах хурдад тохируулан хичээл заадаг бөгөөд сурлагын хоцрогдлыг 25%-иар бууруулна гэж тооцоолжээ. Харин бид Улаанбаатар ба хөдөөгийн боловсролын чанарын ялгааг хиймэл оюун ухааны тусламжтайгаар арилгаж, 21 аймгийн хүүхдүүд ижил гараанаас эхлэх боломжийг бий болгох боломж бий.
3.Эрүүл мэнд: Алслагдсан бүс нутгийн “Ухаалаг оношлогоо”
AI оношлогооны системээр дамжуулж алслагдсан бүс нутагт нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой. Энэтхэг Улсын хөдөө орон нутагт Google-ийн "ARDA" AI системийг ашиглан нүдний чихрийн шижингийн оношлогоог хийхэд мэргэжлийн эмчээс 90%-ийн илүү нарийвчлалтай бөгөөд хурдан оношилж байна. Бид Малчин өрхүүд заавал хот руу ирж шинжилгээ өгөх шаардлагагүйгээр сумын төв дээрээ анхны нарийн оношлогоог AI-аар хийлгэж, цаг хугацаа болон зардлыг хэмнэх гарц байна. Эшлэл: Токиогийн Их Сургуулийн төгсөгч, AI судлаач Б.Мөнхдорж: “Хиймэл оюун ухааныг Япон, Индонез улсад загасны үнийг дамын наймаачид хэт өндөр тогтоох эрсдэлээс сэргийлж, түүхий эдийн үнэ тогтооход хүртэл ашиглаж байна. Харин бид энэ технологийн дэвшлийг зөвхөн асуулт асуухаар хязгаарлагдах бус ахисан түвшинд ашиглах хэрэгтэй”.
4.Уул уурхай: Нүүрснээс - “Дата” руу
Ухаалаг алгоритмууд ашиглан олборлолтын зардлыг бууруулж, түүхий эд биш өгөгдөл дээр суурилсан менежментийг нэвтрүүлнэ. Rio Tinto компани “Gudai-Darri” уурхайдаа AI болон автоматжуулалтыг ашигласнаар олборлолтын бүтээмжийг 15%-иар өсгөж, засвар үйлчилгээний зардлыг 10%-иар бууруулжээ. Энэхүү жишээг “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг компаниуд AI ашиглан логистик болон олборлолтоо оновчилсноор жилд тэрбум гаруй ам.долларын нэмэлт ашиг олох боломжтой.
Төрийн хийх ёстой хамгийн чухал зүйл бол дата өгөгдлийг нээлттэй болгох
Дээрх шинэчлэлүүдийг нэвтрүүлэхэд шинэ яам байгуулж, том төсөв батлах шаардлагагүй. Дараах энгийн зүйлсийг л хийхэд хангалттай.
1.Дата өгөгдлийг нээлттэй болгох Төрөөс шинээр дата цуглуулах шаардлагагүй. Бидэнд одоо байгаа “Хур”, “Дан” системүүд, татвар, эрүүл мэндийн асар их өгөгдөл бий. Гэвч энэ их өгөгдөл өнөөдөр төрийн архивт ашиглагдахгүй хадгалагдаж байна. Төр ердөө л энэ өгөгдлийг хувь хүний нууцыг нь хасаад (anonymized data), технологийн компаниудад нээлттэй болгоход хангалттай. Харин үүний дараа AI хөгжүүлэгчдэд өгчихвөл тэд өөрсдөө үүгээр чинь "эрчим хүч" буюу шинэ аппликейшн, оношлогооны систем, ухаалаг шийдлүүдийг үнэ төлбөргүй бүтээгээд өгнө. Их Британи Улс тээврийн датагаа нээлттэй болгосноор хувийн хэвшлийнхэн "Citymapper" зэрэг аппуудыг бүтээж, эдийн засагтаа жилд 130 сая фунт стерлингийн нэмүү өртөг оруулж байна.
2. “Монгол хэлний AI” буюу “Chimege”-гээс цааш...
Хиймэл оюун ухааны асар ширүүн өрсөлдөөн дунд Үндэсний хэл соёлоо хамгаалах хүрээнд монгол хэлийг хиймэл оюун ухаанд сургах нь маш чухал. “Chimege” систем бол үүний хамгийн том жишээ. Гэвч одоо бидэнд зөвхөн “текстээс дуу” биш, бүхэл бүтэн Монгол LLM (Large Language Model) буюу монгол сэтгэлгээг мэддэг “тархи” хэрэгтэй байна. Иймд бид дэлхийн технологийн хөгжлөөс хэлний саадаар тусгаарлагдахгүйн тулд Үндэсний дата санг яаралтай бүрдүүлэх ёстой.
3. AI ашиглах чадамжийг нэмэгдүүлэх: "Ажилгүй болох" биш, "Ажлаа хөнгөвчлөх" аян
Үүнийг нүсэр сургалт гэж харах хэрэггүй. Энэ бол ердөө л иргэддээ AI хэрхэн ашиглах “цагаан толгой” зааж өгөх тухай юм. Заавал танхимын сургалт хийх албагүй. Төрөөс “Coursera”, “Udemy” зэрэг дэлхийн платформуудтай хамтран “Монгол AI сертификат” олгох хөнгөлөлттэй эрхүүдийг иргэддээ түгээхэд боломж ч байна. Айлын эхнэр AI ашиглан гэрээсээ ажиллаж, төрийн албан хаагч тайлангаа таван минутад бичдэг болох нь өөрөө чадамжаа өсгөж буйн илрэл юм. Жишээ нь, Финланд Улс “Elements of AI” хэмээх онлайн сургалтыг бүх иргэддээ үнэ төлбөргүй нээснээр хүн амынхаа 1%-ийг (55,000 хүн) маш богино хугацаанд AI-ийн анхан шатны мэдлэгтэй болгож чаджээ. Эдгээр реформууд нь төсвөөс тэрбум тэрбумаар нь мөнгө гаргах тухай биш, харин байгаа өгөгдлөө нээлттэй болгох, иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх, бизнесүүдээ урамшууллаар дэмжих тухай маш энгийн бөгөөд ухаалаг алхмууд юм. Бид нүсэр төсөл хэрэгжүүлэх гэж хүлээх шаардлагагүй. Ердөө л дижитал түгжээг тайлахад л 3 сая монголчуудын бүтээмжийн тэсрэлт өөрөө аяндаа эхэлнэ.
Хиймэл оюун ухаан биднээс хол биш бидний дунд байна…
Хиймэл оюун ухаан гэхээр биднээс алс хол, Цахиурын хөндийн лабораторид л өрнөж буй туршилт мэт төсөөлөх хэрэггүй. Энэ технологи хэдийн бидний халаасанд, өдөр тутмын хэрэглээнд маань нэвчжээ. Банкны аппликейшнээр дамжуулан хэдхэн секундэд зээл авч, сошиал медиагийн ухаалаг алгоритмаар мэдээлэл хүлээж авч байгаа маань AI-ийн анхан шатны хэрэглээ юм. Одоо бид ChatGPT-ээс асуулт асуух төдийхнөөр хязгаарлагдах бус, энэ хүчийг улс орныхоо хөгжлийн хөдөлгүүр болгох түүхэн босгон дээр зогсож байна.
Бид 3.5 саяулаа байж болох ч, AI-ийн тусламжтайгаар 20 сая хүнтэй улсын бүтээмжийг гаргах боломж хаяанд ирлээ. Ирээдүйн Монгол Улс зөвхөн газар доорх баялгаараа бус, газар дээрх алгоритмын хүчээр дэлхийд танигдах цаг ойрхон байна. Бид цөөхүүлээ байж болно, гэхдээ бид өндөр бүтээмжтэй үндэстэн байх ёстой. Технологиос айж хоцрох биш, түүнийг эзэмшиж түрүүлэх нь бидний цорын ганц зам юм.