Зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх хөлбөмбөгийн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “FIFA World Cup 2026”-ын хэсгийн шатны оноолт дуусаж, тэмцээнд оролцох 48 баг албан ёсоор зарлагдлаа. Энэ удаагийн тэмцээн гурван улсын хамтарсан зохион байгуулалтаар явагдах бөгөөд багуудын өрсөлдөөн урьд урьдынхаас илүү ширүүн өрнөхөөр байна.
2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Мексик, Канад улсад зохион байгуулагдана. 48 баг оролцох шинэ формат нь багуудыг 12 хэсэгт хувааж, хэсэг бүрээс шилдгүүд дараагийн шатанд шалгарах зарчмаар явна. Энэ нь жижиг багуудад ч боломж нээж, сенсац төрөх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм.
Сүүлийн эрхийг Ази тивийн төлөөлөл Ирак авснаар Дэлхийн Аваргын 48 баг ийнхүү бүрдлээ. Ирак Боливиг 2:1-ээр буулгаж авч Франц, Сенегал, Норвеги гэсэн хэсэг рүү орлоо. Өмнө нь 1986 онд ганцхан удаа ДАШТ-д оролцсон Ирак 40 жилийн дараа хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцохоор Хойд Америк тивд хөл тавина.
Харин дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали сүүлийн гурван ДАШТ-ийг дараалан өнжихөөр боллоо. Тэд Босни Херцеговинтай 1:1 оноогоор тэнцээд, торгуулийн цохилтоор 1:4-өөр хожигдлоо. Италийн төвийн хамгаалагч Алессандро Бастони 41 дэх минутад улаан хуудсаар торгуулж, талбайгаас хөөгдсөн нь хожигдлын үндсэн шалтгаан боллоо.
А хэсэг: Мексик, Өмнөд Африк, БНСУ, Чехийн шигшээ багууд энэ хэсэгт багтжээ. Туршлага, тоглолтын хэв маягаар Мексик, Чех илүү харагдаж байгаа ч Азийн төлөөлөл БНСУ, Өмнөд Африк гэнэтийн үр дүн үзүүлэх боломжтой.
B хэсэг: Канад, Босни Херцеговин, Катар, Швейцар багуудын хувьд өрсөлдөөн тун тэнцвэртэй. Талбайн эзэн Канад дэмжигчдийнхээ давуу талыг ашиглах бол Европын багууд тактикийн хувьд илүү туршлагатай.
C хэсэг: Бразил, Марокко, Гаити, Шотланд багуудын хэсэгт Бразил илт илүүрхэнэ. Гэхдээ Мароккогийн сүүлийн жилүүдийн амжилт, Шотландын зохион байгуулалттай тоглолт өрсөлдөөнийг сонирхолтой болгоно.
D хэсэг: АНУ, Парагвай, Австрали, Турк багууд багтсан энэ хэсэгт АНУ талбайн давуу талтай. Гэвч Турк болон Парагвай туршлагаараа өрсөлдөөнд хүчтэй нөлөөлнө.
E хэсэг: Герман, Кюрасао, Кот Д’Ивуар, Эквадор багуудын дунд Герман илүү боломжтой. Гэсэн ч Африкийн болон Өмнөд Америкийн багууд өрсөлдөөнийг ширүүн болгох нь дамжиггүй.
F хэсэг: Нидерланд, Япон, Швед, Тунис багуудын хэсэг тактикийн болон хурдны хослол бүхий сонирхолтой тулаан болно. Япон, Шведийн багууд гэнэтийн үр дүн үзүүлэх чадвартай.
G хэсэг: Бельги, Египет, Иран, Шинэ Зеланд багуудын өрсөлдөөнд Бельги туршлагаараа тэргүүлнэ. Египетийн довтолгоо, Ираны хамгаалалт ч мөн хүчтэй.
H хэсэг: Испани, Кабо-Верде, Саудын Араб, Уругвай багуудын хэсэг онцгой анхаарал татна. Испани, Уругвай хоёрын өрсөлдөөн энэ хэсгийн гол тоглолтуудын нэг байх болно.
I хэсэг: Франц, Сенегал, Ирак, Норвег багууд багтсан. Олон дэмжигчидтэй Францын шигшээ багт Сенегалын хурд, довтолгоо том сорилт болно.
J хэсэг: Аргентин, Алжир, Австри, Йордан багуудын хэсэгт Аргентин тэргүүлэх магадлал өндөр.
K хэсэг: Португал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Узбекистан, Колумб багуудын хувьд Португал, Колумб илүү хүчтэй өрсөлдөгчид.
L хэсэг: Англи, Хорват, Гана, Панам багуудын хэсэг мөн л анхаарал татна. Англи, Хорват хоёрын туршлага энэ хэсгийг тодорхойлох магадлалтай.
Ийнхүү хэсгийн шатны оноолтоос харахад том багууд давамгайлах төлөвтэй ч хөлбөмбөгийн онцлог нь гэнэтийн үр дүн байдагт оршино. Шинэ формат, өрсөлдөөн ихтэй хэсгүүд нь “FIFA World Cup 2026”-ыг урьд урьдынхаас илүү сонирхолтой, тааварлашгүй болгох нь гарцаагүй. Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татах энэхүү тэмцээн ойртох тусам багуудын бэлтгэл, бүрэлдэхүүн, тактикийн өрсөлдөөн улам ширүүссээр байна.