Хаврын улирал эхэлж, цаг агаар дулаарч буй энэ үед олон хүн нойрмоглох, анхаарал төвлөрөхгүй болох, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ зүйлийг хүмүүс “хаврын ядаргаа” гэж нэрлэдэг. Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмч, АУ-ны магистр, Одь Тан эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Ширчинмаатай хийсэн ярилцлагаас хаврын ядаргааны шалтгаан, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж байна.
–Хаврын ядаргаа гэж юу вэ. Уламжлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ?
-Өвлийн улиралд хүн их хэмжээний махан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ нь эргээд ходоод, хоол боловсруулах системд ачаалал өгдөг. Уламжлалт анагаах ухаанд өвлөөс хаварт шилжих үед бие махбодод хуримтлагдсан хүйтэн, чийглэг чанар идэвхжиж, хий, шар, бадганы зохицол алдагдсанаар ядаргаа үүсдэг гэж үздэг. Тухайлбал, бадган ихсэх нь нойрмоглох, хоолны дуршил нэмэгдэх, бие хүндэрч сульдах шалтгаан болдог. Хүний хоол боловсруулалтыг дэмжиж ажилладаг дархлаатай холбоотой ходоодны галын илч хэмээх ойлголт уламжлалт анагаах ухаанд бий. Энэхүү ходоодны галын илч хавар буурч, хоол шингэхгүй, бие хүндэрдэг.
–Яагаад хүмүүс хаврын улиралд илүү их ядарч сульддаг вэ?
-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, цаг агаарын огцом өөрчлөлт бие махбодод ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өвлийн турш хөдөлгөөн багатай, амин дэм дутмаг хооллолттой байсан нь хавар илэрдэг. Идэр насанд яваа эрүүл хүн бол дасан зохицох чадвар сайтай учраас ядаргаа нөлөөлөх харьцангуй бага. Хүмүүс хавар боллоо гээд тариа, тусал, эм их хэмжээгээр хэрэглэдэг. Хүний бие хүлээн авах чадвар багассан энэ үед мянга сайхан эм, тан хэрэглээд нэмэргүй. Тэрний оронд өвлийн турш биед хуримтлуулсан хороо дасгал хөдөлгөөн хийж, унтаж, амарч гадагшлуулах хэрэгтэй.
–Хаврын ядаргааны нийтлэг шинж тэмдгүүд юу вэ. Энгийн ядралтаас юугаараа өөр вэ?
-Нийтлэг шинж нь нойрмоглох, толгой өвдөх, анхаарал төвлөрөл буурах, сэтгэл санаа тогтворгүй болох, бие сульдах зэрэг юм. Энгийн ядралтаас ялгаатай нь удаан хугацаанд үргэлжилдэг, амарсан ч бүрэн сэргэдэггүй, мөн улирлын давтамжтайгаар илэрдэг онцлогтой.
–Хаврын улиралд хооллолт, амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлдөг вэ. Ямар хоол хүнс хэрэглэх нь тохиромжтой вэ. Мацаг барьж болох уу?
-Хооллолт маш чухал үүрэгтэй. Энэ үед амархан шингэдэг, бүлээн чанарын хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Өглөө эрт сэрж, орой эрт унтаж, өдрийн цагаар хэтрүүлэн унтахаас зайлсхийх хэрэгтэй. Өдрийн цагаар унтах нь улам л нойр хүргэнэ. Мөн газтай ундаа, мөстэй хүйтэн уух зүйл, тослог хоолыг идэхээ багасгах нь дээр. Тэрний оронд шинэ ногоо, жимс, дархлаа дэмжих саримс, цагаан гаа зэргийг хэрэглэх нь тохиромжтой. Харин тослог, хэт хүнд хоолноос зайлсхийх хэрэгтэй.
Хүмүүс ихэвчлэн хавар жин хасах зорилгоор мацаг барьдаг. Сард хоёр удаа буюу шинийн 15 болон шинийн 29-нд мацаг барьж болно гэсэн заалт байдаг. Мацаг барихдаа хоол, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр дан шингэн мацаг барьж болдог. Маргааш өглөө нь өлөн элгэн дээрээ бүлээн зүйл ууж, хөнгөн хоол идэж мацгаа тайлж болно.
–Хаврын ядаргаанаас сэргийлэхийн тулд ямар дасгал хөдөлгөөн хийх вэ?
-Хэт ачаалалтай биш, тогтмол хөдөлгөөн хамгийн үр дүнтэй. Өглөөний хөнгөн дасгал, сунгалт, өдөрт 20-30 минутаар өөртөө тохирсон алхах, иог, амьсгалын дасгал хийх нь биеийг сэргээж, ядаргааг бууруулдаг. Ялангуяа гадаа цэвэр агаарт хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй. Мөн саунд сууж биеийн хороо гадагшлуулж болдог.
–Уламжлалт аргаар хаврын ядаргааг эмчлэх боломжтой юу?
-Хаврын ядаргаа гэж хүлээн авалгүйгээр өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарч, халуун шөл, дархлаа дэмжих цай уух, бариа засал хийлгэх, ургамлын гаралтай тан, ханд хэрэглэх, төөнүүр, уурын эмчилгээ хийх зэрэг аргуудыг хэрэглэдэг. Эдгээр нь биеийн тэнцвэрийг сэргээж, ядаргааг багасгахад дэмжлэг үзүүлдэг. Хаврын ядаргаа нь улирлын өөрчлөлттэй холбоотойгоор хүн бүрд илэрч болох ч зөв хооллолт, зохистой амьдралын хэв маяг, тогтмол хөдөлгөөнөөр даван туулах боломжтой юм.