Open iToim app
Спорт | 2 мин уншина

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тоглолт маргааш эхэлнэ

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тоглолт маргааш эхэлнэ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025–2026 оны улирлын аваргыг тодруулах финалын цувралын хуваарийг албан ёсоор зарлаж, олон жилийн туршлагатай “Хасын Хүлэгүүд” болон түүхэн амжилт үзүүлж буй “Сэлэнгэ Бодонс” багууд аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо.
31 дэх удаагийн улирлаа зохион байгуулж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лиг энэ жил эрэгтэй арав, эмэгтэй зургаан багийн бүрэлдэхүүнтэйгээр эхэлсэн бөгөөд улирлын оргил мөч болох финалын шат ийнхүү маргааш  эхэлнэ.
Хасын Хүлэгүүд 15 дах удаагаа финалын шатанд шалгарлаа
undefined
Үндэсний дээд лигийн хамгийн туршлагатай багуудын нэг “Хасын Хүлэгүүд” энэ жил 15 дахь удаагаа финалд шалгарч, аваргын төлөө дахин өрсөлдөхөөр болов. Тус баг өмнө нь есөн удаа түрүүлж, сүүлийн хоёр улиралд дараалан аваргын цомыг өргөсөн амжилттай. 2004 оноос хойш тасралтгүй оролцсон 22 жилийн хугацаанд тэд найман алтан медаль, долоон мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, 2006 оноос хойш нэг ч улирлыг медальгүй дуусгаж байгаагүй тогтвортой амжилтаараа ялгарч байна.
Энэ улиралд “Хасын Хүлэгүүд” эхний шатанд “Дархан Юнайтад”-ыг 4:0-ээр илүүрхэн хожиж, хагас шигшээд шалгарсан. Улмаар “Хаан Шонхрууд”-ыг 4:1-ийн харьцаатай буулган авч, финалд шалгараад байна.
“Сэлэнгэ Бодонс” анх удаа финалд шалгарлаа
undefined
Энэ улиралд олны анхаарлыг татаж буй баг бол гарцаагүй анх удаа финалд шалгарсан "Сэлэнгэ Бодонс" билээ. Багийн бүрэлдэхүүнд гадаад тоглогчид болох ДеМаркус Казинс, Ахмед Гилберт, Майкл Уильямс нар нэгдсэнээс гадна 3х3 шигшээ багийн тамирчид болох А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багийн гол цөмийг бүрдүүлж байна. Мөн БНСУ-ын дээд лигт  өрсөлдсөн анхны монгол тоглогч Н.Батбаярын холын зайн шидэлтийг мартаж болохгүй.
 “Сэлэнгэ Бодонс” эхний шатанд “Омни Эрдэнэт Майнарс”-ыг 4:1-ээр буулган авч, хагас шигшээд “Эс Жи Эйпс”-ийг шийдвэрлэх долоо дахь тоглолтод хожсоноор финалд шалгарсан юм.
Хасын Хүлэгүүд ба Сэлэнгэ Бодонс
Хоёр багийн хувьд өнгөрсөн улиралд хагас шигшээд таарч, “Хасын Хүлэгүүд” ялалт байгуулж байсан бол энэ удаа аваргын төлөө дахин учраа таарч байна. Аваргын төлөөх эхний тоглолт дөрөвдүгээр сарын 1-нд 19:10 цагт эхлэх бол дараагийн тоглолтууд дөрөвдүгээр сарын 3, 14, 16, 24, 26, 29-ний өдрүүдэд явагдана.  
Туршлага, уламжлалын бэлгэ тэмдэг болсон “Хасын Хүлэгүүд” баг гурав дахь дараалсан түрүүгээ авахыг зорьж байгаа бол шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчээр хүчирхэгжсэн “Сэлэнгэ Бодонс” анхны аваргаа хүртэхийн төлөө бүхнээ зориулах нь тодорхой. Энэ удаагийн финалын цуврал ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, шийдвэрлэх долоо дахь тоглолт хүртэл сунжрах өндөр хүлээлтийг фэнүүд дунд үүсгээд байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн