МАН-ын дарга Н.Учрал өчигдөр орой Ерөнхий сайдаар томилогдсон. Өнөөдөр танхимын сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д танилцуулахаар төлөвлөж байсан ч томилгоон дээрээ тохироонд хүрч чадахгүй танхимаа бүрдүүлэх процесс хойшилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Харин өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд Н.Учрал ХҮН нам, "Үндэсний эвсэл"-д Засгийн газар хамтран байгуулах саналаа хүргүүллээ. ИЗНН-д одоогоор санал хүргүүлээгүй байгаа бөгөөд хүргүүлэхгүй ч байж магадгүй байгаа аж. Учир нь ИЗНН дотроо асуудалтай байгаа бөгөөд Ерөнхий сайд асан Г.Занданшатарт "Б.Батбаатар дарга хууль бус" гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлээд байсан юм. Тиймээс дотроо асуудалтай байгаа намыг Засгийн газартаа урьж ажиллуулах, эсэх нь эргэлзээтэй юм. Санал хүргүүлсэн намууд маргааш хурлуудаа хийж, Засгийн газарт хамтрах, эсэх шийдвэрээ гаргах юм. Түүнчлэн, Засгийн газрын сайд нарыг томилохоос өмнө УИХ-ын даргыг сонгох юм байна. УИХ-ын даргыг эхэлж сонгох хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, УИХ-ын даргаар хэнийг томилохоос шалтгаалж, сайд нарын томилгооны асуудал шийдэгдэнэ. Хоёрт, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэрвээ Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоор бол чуулганы хуралдааныг удирдах хүнгүй болно гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас эхлээд УИХ-ын даргаа сонгох аж. Гэхдээ УИХ-ын дарга болох хүсэлтэй хүн олон байгаа учраас тохирч чадахгүй, гацаанд орчихоод байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Өнөөдөртөө багтаан Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, УИХ-ын томилгооны талаар хэлэлцэх аж. Хэрвээ УИХ-ын даргаа томилчихвол Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох юм байна.