“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлч Ц.Чойжамцын нийтлэлийг хүлээн авч уншина уу.
• • •

Архивын зураг ашиглав.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж баталсан. 1/Газар, түүний хөрс, 2/газрын хэвлий, түүний баялаг 3/ой ургамал, 4/ус, 5/агаар, 6/амьтан гэсэн зургаан төрөлд байгалийн нөөцийг хуваан авч үзэж болно. Ширхэг элемент бүр нь өөр хоорондоо харилцан шүтэлцэж экосистемдээ үүрэг гүйцэтгэдэг байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нь улс үндэстэн бүрийн Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцоор хүлээсэн үүрэг болоод байна.
Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахын тулд аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйг хөгжингүй орнууд дахин загварчилж байна. Байгаль орчинд хал багатай, хүлэмжийн хий 0 ялгаралтай шийдлүүдийг боловсруулах нь хүн төрөлхтний нэг чухал зорилт боллоо. Аж үйлдвэржилтийн үр дүнд жил бүр 59 тэрбум тонн нүүрсхүчлийн хий дэлхийгээс ялгарч агаар мандалд хүлэмжлэн тогтож байна. Дэлхий дээр туссан нарны гэрлийн илүүдэл буцаж ойгоод агаар мандлаас цаашхи сансрын орон зайд уусаж сарнидаг. Гэтэл хүлэмжийн хий зузаарахын хэрээр буцаж ойж буй нарны гэрэл агаар мандалд тогтсон хүлэмжийн хийн давхаргыг нэвтэлж чадахгүй тэндээ саатаж шүхэрлэсэн хүлэмж мэт дээвэрлэн зузаардаг. Үүний нөлөөгөөр дэлхийн гадаргуу аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,2 - 1,3 хэмээр дулаарч, үүнээс үүдэн гадаргын ус багасах, тариалангийн талбай ганд нэрвэгдэх, биологийн олон төрөл зүйл устах, хэт халалтаас гал түймэр ихсэх, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл ихсэж буй.
Бэлчээрийн мал аж ахуй байгалийн нөөцийн хамгийн том хэрэглэгч
Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралын хохирогч орон байсан бол одоо хохироогч орнуудын нэг болсон. МУ-н ХАА/мал аж ахуй/-н салбараас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ малын тоо толгойн өсөлтийг дагаж жилээс жилд өсч буй.
Манай улсын эдийн засгийн бүтцэд үйлчилгээ/41-44%/, аж үйлдвэр/38-40%/, хөдөө аж ахуй/7-10%/ гэсэн гурван салбар зонхилох байр суурь эзэлдэг. 2025 оны байдлаар хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж буй нийт 1,38 сая хүний 22,7% буюу 313000 хүн мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Үүнээс үзэхэд мал аж ахуйн салбар нь хөдөлмөрийн эдийн засгийн хамгийн том ажлын байр олгох талбар, хүн амын хүнсний ханган нийлүүлэх чухал салбараас гадна байгалийн нөөцийн басхүү хамгийн том хэрэглэгч салбар юм. Мөнхүү 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор манай улсын мал 58,1 сая толгой тоологдсон. Бэлчээрийн мал аж ахуй нь дээр дурдсан 6 төрлийн байгалийн нөөцөөс газар, түүний хөрс, агаар, ус, ургамал 4 төрлийн байгалийн нөөцийг хэрэглэдэг.
Газар түүний хөрс, ургамлын нөөцийн хэрэглээ ба нөлөөлөл
1986 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаа болон 2018 оны Газрын төлбөр ногдуулах аргачилсан зааварт зааснаар 1 хонь зуны улиралд хоногт 2,3кг, намар 2,1 кг, өвөл 1,3 кг, хавар 1,8 кг, дунджаар 1.875 кг өвс иддэг. Жилд нэжгээд хонь 684 кг өвс иддэг бол, адуу үүнээс 7 дахин их, үхэр 6 дахин их, тэмээ 5 дахин их, ямаа 0,9% -тай тэнцэхээр өвс иддэг болохыг судлан тогтоож дүйцүүлэн гаргажээ.
Бэлчээрийн өвс буюу биомасс нь нүүрсхүчлийн хий шингээгч. 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тоолуулсан 58,1 сая толгой малыг хонин толгойд шилжүүлбэл 116,9 сая толгой болно. Газрын нийт сангийн 71% буюу 111 032 151 га талбайг бэлчээрийн талбай гэж тооцдог бөгөөд дээрх үзүүлэлтээс харьцуулан гаргавал ойролцоогоор 1 га бэлчээрийн талбайд 1,05 хонин ногдож байна гэсэн үг. Дээрх бэлчээрийн талбайд хангай, тал хээр, цөлийн бүс бүгд хамаарах бөгөөд зарим цөлийн бүсийн 1мкв талбайд ургамлан бүрхэц огт байхгүй хэсэг ч олонтаа бөгөөд нийт газар нутгийн 76,3 ямар нэгэн байдлаар цөлжсөн гэдгийг энд дурьдах нь зүйтэй. 1 га талбайгаас ашиглаж болох ургамлын нөөцийн дундаж хэмжээг нийт ургамлан нөмрөгийн 50 хувиас хэтрэхээргүй буюу 600-700 кг өвс ашиглаж болно гэж тооцдог. Энэ нь хангайн бүсэд л ингэж ургах болохоос тал хээр болон говь цөлийн бүсэд ийм ургамлын нөөц бэлчээрийн 1 га талбайгаас гарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр 1 га талбайд бэлчээрлэж буй 1,05 хонин толгой жилд 684 кг өвс идэж буй нь зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлэн хэрэглэж буй онолын тооцоолол гарч буй юм. 684 кг байгалийн хадлан зах зээл дээр хамгийн багадаа /1 боодол нь 20 кг, нэгж өртөг нь 10000 төгрөг/ 342 000 төгрөг байх бөгөөд хонин толгойд шилжүүлснээр1000 малтай өрх жилд 342 000 000/гурван зуун дөчин хоёр сая/ төгрөгний бэлчээрийн нөөцийг байгалиас үнэ төлбөргүй хэрэглэдэг гэсэн үг юм. Бэлчээр ургамлын нөөцийг хэтрүүлэн сэлгээгүй ашигласнаас ургамлын үндэс дарангуйлагдаж хөрсний чанар муудаж, газрын доройтол ихсэн нийт газар нутгийн 76,3 хувь цөлжихөд бэлчээрийн мал аж ахуй үлэмж нөлөө үзүүлж байна.
Усны нөөцийн хэрэглээ ба нөлөөлөл
Бэлчээрийн хонь өдөрт дунджаар 4 литр ус, 1000 хоньтой өрх 4000 литр буюу 4 тонн ус хэрэглэдэг. Хонийг дунджаар өдөрт 4 литр, ямааг 3 литр, үхэр 30-40 литр, адуу 25-30 литр, тэмээ 60-80 литр ус хэрэглэгдэг тухай судалгааны дунджаар тооцвол Монголын 58,1 сая толгой мал хоногт 548,8 сая литр ус, жилд 200 сая тонн ус хэрэглэдэг. Сингапур болон Саудын Араб, Мальта, Кипр, Кувейт улсууд гаднаас ундныхаа усыг саваар болон том танкер хөлөг онгоц, дамжуулах хоолойгоор импортолдог. 6,1 сая хүн амтай Сингапур улс зэргэлдээх Малайз улсаас өдөрт 60,6 сая тонн усыг импортын худалдаагаар авч хүн амынхаа цэвэр усны хэрэгцээг хангадаг ба энэ нь манай улсын бэлчээрийн мал аж ахуйн 1 хоногийн хэрэглээнээс 9,1 дахин бага юм. Дашрамд дурдахад Кувейт улс 2023 онд савласан 22,1 сая литр усанд 88,2 сая ам.доллар зарцуулсан бол Сингапур 1962 онд ус худалдан авах гэрээ байгуулахдаа 1 галлон усыг 0,03 сингапур валютын нэгжээр гэрээлж байсан нь Кувейтаас маш хямд.
Манай улс мал аж ахуй эрхлэгчээс усны нөөц ашигласны төлбөр авдаггүй. Хэрэв 1000 хоньтой малчин сумын төвийн худгаас 4000 литр усаар хонио услах бол өдөр тутам хамгийн багадаа 12000 төгрөг, сардаа 360 000 төгрөг худагт төлөх юм.
Бэлчээрийн мал аж ахуй их хэмжээний ус хэрэглэхээс гадна гадаргын усанд органик бохирдол үүсгэдэг, үүний хэмжээг судалж тогтоосон нэгдсэн судалгааны дүн хараахан тодорхой бус байна. Малаас ялгарч буй ялгадас болон шээс, малын хашааны бууц борооны усаар дамжин урсгал усанд ордог. Мал аж ахуйгаас эх үүсвэртэй органик бохирдол нь гадаргын усыг бохирдуулснаар усны амьд организмын нөхцлийг бууруулж, хүчилтөрөгчийг шавхах, хөрсөнд хүлцэх хэмжээнээс ихэсвэл түүний бүтцийг өөрчилж, хор учруулах, агаарт ууршихдаа хорт хий үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй. Мөн түүнчлэн өтөг шивхийн нарийвчилсан судалгаа энэ салбарт чухал шаардлагатай байна.
Бэлчээрийн мал аж ахуй нь агаарын бохирдол, хүлэмжийн хийд нөлөөлөх нь
Манай мал аж ахуйн салбараас 21 000 тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэх дулаан ялгаруулдаг. Хивэгч малаас метан хий ихээр ялгардаг. Метан хий агаар мандалд дэгдээд нь нүүрсхүчлийн хийнээс 26-35 дахин их халдаг. Үхрээс хоногт 250-500 литр, бог малаас 20-50 литр, тэмээнээс 400-600 литр метан хий ялгардаг бол адуунаас үхэртэй харьцуулахад харьцангуй бага ялгардаг.
Доорх хүснэгт нь НҮБХХ-с гаргасан тайлан, 2025 оны МУ-н МАА-н салбараас ялгарч буй метан хийн ялгаралын хэмжээ. Мал аж ахуйн салбарын ХХЯ/Хүлэмжийн хийн ялгарал/-ын бууралт, мян. т C02 – экв

Тайлбар: 1 тонн CO2 эквивалент/t CO2-экв/ нь = 1000 кг CO2-тэй тэнцэх хүлэмжийн хий
Азотын оксид нь нүүрсхүчлийн хийнээс 298-300 дахин халалт өгдөг бөгөөд 100 жилийн хугацаанд агаар мандалд оршдог. Европын холбооны зарим орон фермийн үхрийн аж ахуйгаас хүлэмжийн хийн татвар авч эхэлжээ.
Манай улс мал аж ахуйн салбараас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2030 он гэхэд одоогийнхоос 23,4%-аар бууруулах зорилт тавьсан. Энэ салбараас ялгарч буй хүлэмжийн хийн суурь түвшинг 21635,7 мянган тонн эквивалентаар тооцсон ба 2020 онд 287,1 мян.тонн экв буюу +1,3%-аар өссөн бол, 2021 онд +3,1%, 2022 онд +10,0%, 2023 онд +2,7%-аар малын тоо толгойн өсөлттэй шууд хамааралтайгаар тасралтгүй өссөн бол 2024 онд зуд болж малын хорогдолтой уялдан 1307,9 мян.тонн эквивалент буюу -5,9% -аар буурсан байна. Тэгэхээр манайх төлөвлөлтөөр менежмент хийж чадаж байгаа бус байгаль, цаг уурын аясаар зохицуулалтгүй яваа нь эндээс тодорхой харагдаж буй юм.
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ТАТВАРААР ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ ДАХИН ЗАГВАРЧЛАХ НЬ
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, тэмцэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүрээлэн буй орчны эдийн засаг, мөн тойрог эдийн засаг гэх ойлголтыг зонхилогч орнууд дэвшүүлж байна. Үүнийг товчоор тайлбарлавал анхнаасаа байгальд орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх, хаягдлыг дахин боловсруулж тойрог байдлаар эргэлдүүлэх зарчмаар 0 хаягдалтай үйлдвэрлэл хэрэглээтэй болох зан төлөв. Хүрээлэн буй орчны эдийн засаг нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, хүлэмжийн хийн ялгаралыг инноваци нэвтрүүлж багасгах, хэт хэрэглээнээс татгалзах, 0 ялгаралтай аж үйлдвэрийг дэмжиж бодлого баримталж байна. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд усан болон нар, салхины ногоон эрчим хүчээр хэрэглээгээ хангах, ХАА-н салбарын хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах зэрэг олон арга хэмжээг авахаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлд татварын өндөр төлбөр, тариф тогтоох замаар хязгаарлаж байна.
Байгалийн нөөцийн татвар нь байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийг мөнгөн дүнгээр төлүүлэх. Байгалиас 1 литр ус хэрэглэсэн бол түүнийг төлөх, 1 тонн өвс буюу биомасс хэрэглэсэн бол түүнтэй дүйцэх татвар төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээгээр нь төлөх тухай ойлголт. Энэ татварыг бий болгосноор бэлчээрийн нөөц баялгийн үнэ цэнийг тодорхой болгож нийтийн нөөцийн эмгэнэлд хүргэхгүйгээр хамгаалалтын зохистой арга хэмжээг авч чадна, нийтийг нөөцийг тогтвортой удирдана. Бид бүхэн байгалийн нөөцийн татварыг оновтойгоор дахин загварчилснаар бэлчээрийн нөөц болон уур амьсгалын өөрчлөлтөд их хэмжээгээр сөрөг нөлөөлөл учруулж буй уламжлалт мал аж ахуйн тэлэлтийг хүрээлэн буй орчны эдийн засгийн загварт оруулах боломжтой.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар нэг толгой малд ногдох татварын дээд хэмжээг 2000 төгрөг байхаар хуульчилсан, 58,1 сая толгой малаас энэ дүнгээр татвар авбал 116,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой. Энэ төлбөр бол 58,1 сая толгой мал байгалийн нөөцөд учруулж буй нөлөөллийн нөхөн төлбөрийн өчүүхэн хувь. Гэвч уг хуулиар хувь хэмжээ тогтоох эрхийг сумын ИТХ-д олгосноор зарим сумд татварыг 0 болгосон. Улсын хэмжээнд энэ татвараас 2025 онд хэдэн төгрөг төвлөрсөн тухай нэгдсэн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд зарим судалгааны байгууллагын тойм мэдээгээр сумд 40-60 сая төгрөг жилдээ төвлөрүүлдэг нь төлөвлөсөн орлогынх нь 50 орчим хувь аж. Үүгээр худаг ухах, өвөлжөө хаваржаа ариутгах, мал угаалгын ванн барих, хээлтүүлэгч мал худалдан авахад зарцуулдаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, бэлчээрийн менежмент сайжруулахад авч буй арга хэмжээ нь энэ аж.
Дээр дурдсанаар 58,1 сая толгой малын байгалийн нөөцөд нөлөөлж буй нөлөөллийн хэмжээгээр байгалийн нөөцийн төлбөр авбал татварын хувь хэмжээ үйлдвэрлэлийн ашгаасаа давах нь ойлгомжтой. Тухайлбал 1 хонь жилд 342000 төгрөгний 684 кг өвс идэж, 1460 литр ус ууж, 18250 литр метан хий агаар мандалд цацаж, өөрийн жингийн хэмжээгээр 4 хөлөөрөө хөрсний элэгдэлд нөлөөлнө. Үүнтэй дүйцэх төлбөрийг түүний 30 кг мах борлуулсан өртгөөр нөхөхгүй нь ойлгомжтой. Тиймээс байгалийн бүсчлэлийг харгалзан малчин өрхийн хүн амын тоотой амжиргааг дүйцүүлж тодорхой хэмжээний малыг татвараас чөлөөлөх, түүнээс дээшхи бэлчээрийн нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй тоо толгойгоос хөнгөлөлттэй татвар авах, даацаас хүлцэх хэмжээнээс илүү өсгөсөн тоо толгой тутмаас байгалийн нөөцийн хэрэглээг нь тооцож экологи-эдийн засгийн үнэлгээгээр төлбөр авахаар шатчилсан татварын загварчлалаар зохицуулалт хийвэл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг сөрөг нөлөө нь буурч, үр өгөөж нь нэмэгдэнэ.
Үүн дээр бэлчээрийн нүүрстөрөгчийн арилжаагаар малчид орлогоо нэмэгдүүлнэ. Бэлчээрийн талбайн ургамлан нөмрөг, ногоон бүрхэц нь хүлэмжийн хийг бүрдүүлэгч нүүрс хүчлийн хийг шингээгч биомасс болдог талаар дээр дурдсан. Хүлэмжийн хийн ялгарал өндөртэй улс орнууд хүлэмжийн хий шингээлт ихтэй улсад зөрүү төлбөр олгодог системийг нүүрстөрөгчийн арилжаа буюу карбоны зах зээл гэдэг. Манай малчид байгалийн нөөцийн хамтын менежментийн зарчмаар малын тоо толгойгоо тэнцүүлэн бэлчээрийн ургамлан бүрхэцийн 50%-с илүүд дарамт үзүүлэхгүй уламжлалт аргаараа малаа маллаж ашиг шимийг нь хүртэхийн зэрэгцээ бэлчээрийн талбайн ургамлан бүрхэцдээ нүүрсхүчлийн хийн шингээлтээ баталгаажуулж уур амьсгалын санхүүжилтэд хамрагдах боломжтой. Бэлчээрийн 1 га ногоон талбай нь 1-3 тонн нүүрсхүчлийн хий шингээдэг бөгөөд 10 000 га талбай хариуцан хамгаалдаг малчдын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл жилд 10 000 тонн CO2 шингээж тонн тутмыг нь $5 доллараар арилжвал тухайн малчдын нөхөрлөл бэлчээрээ хамгаалж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дэмжлэг үзүүлснийхээ төлөө жилд $50 000 доллар болон түүнээс дээш нэмэлт орлого олох боломжтой.
Ашигласан материалын эх сурвалж
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилгын хэрэгжилтийн үнэлгээ-2025 НҮБХХ
ГЗБГЗЗГ-н даргын 2018.11.28-ны өдрийн А/187 тоот тушаалаар баталсан “Газрын төлбөр ногдулах аргачилсан заавар”
Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал 2019 ҮСХ
ҮСХ-ны 1212.mn сайт /мал тооллогын мэдээ/ МУ-н бэлчээрийн тогтвортой байдал, Малчдын амжиргаа ба уур амьсгалын өөрчлөлт Азийн Хөгжлийн Банк
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ЗДТГ-н Төрийн сангийн албаны тайлан,
Баян-Адарга сумын 2025.12.19-ний өдрийн сумын төсөв баталсан ИТХ-н тогтоол, түүний хавсралт
Билл Гейтс “Уур амьсгалын гамшгаас сэргийлэх нь”
Нобелийн шагналт эдийн засагчид: Нийтийн нөөцийг удирдахуй Элинор Остром