Таны бага насны мөрөөдөл юу вэ? Хүүхэд бүр эмч, цагдаа, дуучин, ерөнхийлөгч, мисс болно гэж итгэл дүүрэн ярьдаг ч тэрхүү мөрөөдлөө бодит болгож чаддаг нь цөөн билээ.
Р.Цэрмаагийн хувьд эмч болно гэдэг сонголт биш, харин бага насных нь мөрөөдөл байлаа. Тэрээр дунд ангийн ангийн жаахан охин байхаасаа л “эмч болно” хэмээн шийдсэн бөгөөд энэ хүсэл нь цаг хугацааны урсгалд огтхон ч бөхөөгүй юм. Өдгөө 23 жилийн турш мөрөөдлөөрөө өөрийгөө хөгөлж, салбартаа танигдсан мэргэжилтэн болжээ.
Р.Цэрмаа багадаа түүхий хичээлдээ дуртай, түүхч болох сонирхолтой хүүхэд байв. Гэхдээ эцэг эх нь “эмэгтэй хүн түүхч болж амьдралаа залгуулна гэдэг хэцүүхэн л байхдаа” гэж ярьдаг байсан нь түүнд нэгийг бодогдуулж, өөр мэргэжилтэй болохоор шийджээ. Түүний дараагийн сонголт аав, ээж шигээ банк санхүүгийн салбарын хүн болох байв. Гэвч энэ мэргэжил сонирхлыг нь төдийлөн татсангүй. Харин эмч болбол яадаг бол гэх бодол сэтгэлийн гүнд нь нуугдаж байсан учраас хими, математикийн сонгоны ангид оров. Тэртээ олон жилийн өмнө гаргасан энэ шийдвэр нь зөв байсныг эцэг, эхийгээ өвдөхөд хамгийн их мэдэрснийг Р.Цэрмаа эмч эргэн дурслаа.
Тэрээр “Эмч болсноорооо хамгийн их бахархаж, зөв шийдвэр байж ээ гэж бодсон минь гэр бүлийнхнийгээ эмчлэх үе. Ковидоор аав, ээж, гэр бүлийнхээ ахмад настнуудыг эмчилсэн юм. Тэр үед гэрийнхэн "охин маань ямар азаар эмч болсон юм. Сайхан эмч болжээ" гэхэд өөрийнх эрхгүй баярлаж, омогшсон” гэв.
Багаасаа сонгосон мэргэжлээр суралцах түүнд тийм амар байсангүй. Зах зээлийн шилжилтийн үе буюу 1990-ээд онд олон нийтийн дунд сургуульд сурахаас илүүтэйгээр арилжаа наймаа хийсэн нь дээр гэх хандлага зонхилж байв. Гэхдээ Р.Цэрмаа эмчээр сурахыг л хүсэж, мөрөөдсөөр байв. Хүсэхэд хясна гэгчээр түүнд багагүй саад бэрхшээл тулгарсан юм. 1991 онд арван жилийн сургуулиа төгсмөгц анагаахын сургуульд орох конкурс өгсөн ч эмчийн ангид оноо нь хүрээгүй учраас сувилагчийн сургуулийн томилолт авчээ. Тэрээр өөрт олдсон энэ боломжийг алдаагүй, сувилагчаар сурч төгссөн. Сувилагчаар сурж байхдаа дахин шалгалт өгөхөөр зориглосон ч бас л бүтсэнгүй.
Сонголтдоо хоёр удаа бүдэрсэн түүнд авсан оноогоороо биологийн багш болох байж уу гэх бодол төрж байжээ. Гэхдээ л үүнийг сонголт гэж үзэлгүй Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сувилагчаар ажилд орлоо. Тэгсэн ч зорилгоо мартсангүй. Шөнийн ээлжинд гарах бүрдээ цаг зав гаргаж биологи, химийн хичээлээ давтаж явсаар жилийн дараа дахин шалгалт өгч, мөрөөдлийнхөө эмчийн сургуульдаа тэнцэж чаджээ. Мөрөөдөлтэй байхын үнэ цэн, мөрөөдөлтэй хүн л урд алхдагийг Р.Цэрмаа эмчийн түүхээс тод харж болно.
Анагаахын салбарт 23 жил ажилласан он жилүүдэд хүмүүсээс талархлын үг сонсож, өөрөөрөө бахархах үе олон байсан. Энэ дундаас хүсэл мөрөөдлөө дагаж тулгарсан саад бэрхшээлийг даваад хүссэн мэргэжлээрээ амжилттай сургуулиа төгсөөд ээждээ үнсүүлэх тэр мөч нь хамгийн бахархалтай, мартагдашгүй үе байсан гэдгийг тэрээр дурсаж байлаа.
Тэтгэвэрт гарсан ч сурсаар байх болно
Дөнгөж их сургуулиа төгссөн шинэхэн эмч Р.Цэрмаа ажил амьдралынхаа гарааг Улсын гуравдугаар төв эмнэлгээс эхэлжээ. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа учраас өглөө ажилдаа явахдаа гэгэлзэж, болж л өгвөл ажил дээрээ байх сонирхолтой дадлагажигч байв. Түүний амьдралд тохиосон нэг том аз бол туршлагатай багш нартайгаа нэг өрөөнд ажиллаж, тэднээс суралцах боломж олдсон явдал. Хүн сураад эсвэл нарийн мэргэжил эзэмшлээ гээд эмчээр ажиллаж чадна гэсэн үг биш. Харин маш их туршлага хуримтлуулах чухал гэдгийг тэр онцолж байв.
Энэ тухай тэрээр “Багш нартайгаа ажилласан хором мөч бүр нүдийг минь нээж, эмч гэх эрхэм мэргэжилд улам л дурлуулсан. Эмч хүн өөрийн ур чадварыг улам дээшлүүлж, алхам тутамдаа суралцаж байх шаардлагатай. Би амьдралынхаа 18 жилийг зөвхөн Анагаахын их сургуульд сурахад зориулсан. Дотрын эмчээс зүрхний эмч, илүү нарийн мэргэшиж зүрхний эхо хийж сурсан. Дараа нь зүрхний эмч гэдэг чиглэлээ өөрчилж уушгины эмч болсон. Магадгүй тэтгэвэрт гарсныхаа дараа ч сурах гээд явж байхыг үгүйсгэхгүй юм” гэв.
Зүрхний тасгаас уушгины тасагт шилжсэн нь
Зүрхний эмч байхдаа хүний амь аврахын тулд өдөр шөнөгүй гүйж өөрт байхгүй авхаалж самбааг гаргаж ажилладаг байлаа. Нүдээ аниад эргэхийн завдалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, нүд эрмэхийн зуур хүний алтан амь нас шийдэгдэж буйг харах нь түүнд зарим үед хэцүү, хүнд санагдана. Иймээс өөрийн зан чанарт илүү зохицсон чиглэлд мэргэшин ажилахаар шийдэж, уушгины эмч болсон.
“Уушгины эмч болох нь амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг. Миний дотоод мөн чанар, үзэл бодол, зан ааштай минь их зохицож байсан. Манай салбарын багш нар бүгд тайван, дөлгөөн хүмүүс байдаг. Тэдний дунд орж ажиллахад яг л ижил сүрэгтэйгээ нийлсэн мэт санагдсан” хэмээн тэрээр дурсав.
Р.Цэрмаа ажлын гараагаа эхэлсэн тэр л газартаа 2006 оноос хойш уушгины эмчээр ажиллаж байгаад есөн жилийн дараа буурь сэлгэж “Интермед” эмнэлэгт ажиллаж эхэлжээ. Тэр энэ шилжилтийг хийхдээ цэл залуухан 40 настай байсан ч хамт олон нь түүнийг Цэрмаа гуай гэж дуудна. “Хүүхдүүд маань яагаад манай ээжийг гуайлаад байгаа юм. Ээж хөгшин биш шүү дээ гэж өмөөрдөг. Би энд хөгширтлөө байх ёстой юм болов уу, гэж боддог” юм. Мөн хааяадаа “аав ээж хоёр чинь таныг уушгины эмч болгохыг чинь мэдээд нэрийг чинь өгсөн юм уу” гэж хошигнодог ч тэр нэрэндээ дуртай. Харин ч ажил мэргэжлийн амьдралд нь хөгжилтэй өнгө нэмдэг байна.
Тэрээр 20 гаруй жил эмч хэмээх эрхэм мэргэжлээр ажиллах хугацаанд маш олон хүнийг эмчилж, эдгээжээ. “Интермед” эмнэлэгт олон төрлийн хавсарсан эмгэгтэй хүмүүс ирж үйлчлүүлдэг онцлогтой. Сүүлд гэхэд уушгины судасны бүлэн эмгэгээр өвдөж амь насаа алдах дөхсөн нэгэн залууг Р.Цэрмаа эмч эмчилжээ. Тухайн залуугийн цээжээр өвдөж, алхахдаа хүртэл амьсгаадаж байсан ч эмчид үзүүлнэ гэж явсаар гэртээ долоо хоножээ. Ингээд арай гэж эмнэлэг рүү зорьж явахдаа бие нь муудаж, эмнэлгийн үүдэнд ухаан алдаж унасан байна. "Интермед" эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нар Р.Цэрмаа эмчтэй хамтран залууд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, амь насыг нь аварчээ. Одоо залуугийн бие сайжирч, эмнэлгээс гарсан байна. Өвчтөн маань эсэн мэнд, эдгэрээд эмнэлгээс гарах мөч л эмч хүний мэдрэх хамгийн сайхан агшин гэдгийг Р.Цэрмаа эмч онцолж байв.
Эмч байх нь хүнээс тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл их шаардана. Өдөр бүр хүний өвчнийг оношилж, амь, амьдралыг нь аврах, хүмүүсийн итгэл найдварын дунд ажиллах нь амар хялбар зүйл биш. Түүний хувьд өөрөө дурлаад эмч болсон учраас шантрах, эмч байхаа больё гэж бодсон тохиолдол байхгүй. Харин ч алдаа гаргах бүртээ би болоогүй байна гэж өөрийгөө ташуурдан урагшилсаар иржээ. Монгол Улсад анх H1N1 буюу шувууны томуу гарч байх үед хамгийн хэцүү бөгөөд олон хүнийг хамарсан халдварт өвчин ямар аюултайг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн байна.
Энэ тухай тэрээр “Жирэмсэн эх, дөнгөж төрсөн нярайгаас эхлээд таньж мэддэг олон хүн H1N1 халдвараар нас барсан. Тэр үед үнэхээр халгаад ямар хэцүү юм бэ гэж бодсон. Олон хүнийг хамарсан ийм халдварт өвчний үед ажиллаж байсан туршлага байгаагүй учраас айж сандарч, жаахан шантарсан. Гэхдээ эмч байхаа болино гэж огт бодоогүй. Эргээд бодоход H1N1 вирусийн халдварын үед их зүйл сурсан” хэмээн тэр өгүүлж байлаа. Р.Цэрмаа эмчийн H1N1 вирусийн халдварын үед хуримтлуулсан туршлага нь ковидын үед хэрэг болж, Интермед эмнэлгийн багаараа илүү сайн ажиллаж, хүнд үеийг даван гарахад том туршлага байсныг тэр онцолсон юм.
Хорь гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад эмчээр сурах залуусын тоо өсөн нэмэгдэж байна. Жилд 2-3 мянган хүүхэд эмчээр төгсөж байгаа ч мэргэжлээрээ ажиллаж буй хүний тоо харьцангуй цөөн. Жишээлж ярихад, 10 хүүхэд төгслөө гэхэд хоёроос гурав нь мэргэжлээрээ ажиллаж байна. Эмч нарын цалин бага, хийж буй ажлын үнэлгээ нь хүрэлцэхгүй учраас олон эмч гадагшаа явж ажиллаж байна. Ийм явдал аль ч үед гардаг бөгөөд 20 орчим жилийн өмнө ч бэлтгэгдсэн сайн мэргэжилтнүүд ажлаа орхиж байсан түүхтэй. Түүний хэлж буйгаар ажлаас гарах явдал эмэгтэй гэхээс илүү эрэгтэй хүнд илүү тохиолддог. Тэд гэр бүл, үр хүүхдээ авч явах хариуцлагыг өөр дээрээ илүү мэдэрдэг учраас мэргэжлээ хаяхад хүрч байна. Түүнчлэн зарим үйлчлүүлэгчийн харилцаа хандлага ч эмч нарыг ажиллахад хүндрэл учруулдаг тал бий.
Тиймээс Р.Цэрмаа хүмүүст эмч бол гэж уриалдаггүй. Хэрэв эмч болъё л гэж зорьсон бол маш сайн эмч байх хэрэгтэй гэж боддог гэсэн юм.
"Интермед IUHW" эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч Р.Цэрмаа уушгины судасны бүлэн эмгэгээр өвдсөн өвчтөний талаар дурдсан. Сүүлийн үед уг эмгэгээр өвдөх хүмүүсийн тоо олширч байгаа бөгөөд анхаарах шаардлагатай байгааг онцолсон юм. Бид энэхүү хөрөг ярилцлагынхаа төгсгөлд уушгины бүлэн эмгэгийн онцлог болон илрэх шинж тэмдгийн талаар тодруулав.
-Уушгины судасны бүлэн эмгэг юунаас болж үүсдэг вэ?
-Уушгины судасны бүлэн эмгэг үүсэх олон шалтгаан бий. Бэртэл гэмтлийн болон үе солиулах мэс заслын дараа, жирэмсэн үед, төрсний дараа, хөлийн судасны бүдүүрэлтэй хүмүүст эмгэг үүсэх нь элбэг. Түүнчлэн, архины хордлого, цусны өтгөрлөөс шалтгаалж үүсдэг. Хаа нэг газар нь судсанд бүлэн үүсчих юм бол уушгинд ирж үүсэх эрсдэл өндөр. Энэ утгаараа хүнд төдийгүй ховор тохиолддог. Манай эмнэлэг дээр гэхэд жилдээ нэг хоёр тохиолдол илэрдэг байсан. Харин сүүлийн нэг жилд уг эмгэгийн 15 тохиолдол бүртгэгдээд байна.
-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Уушгины судасны бүлэн эмгэг нь ямар ч шинж тэмдэггүй. Гол төлөв шинжилгээгээр илэрдэг. Уушгины артерийн судас бүлэнгээр бөглөрнө гэхээр хүний амьсгалын үйл ажиллагаа тэр чигээрээ алдагдаж амьсгалахад хүндрэлтэй болно. Ингээд цээжинд хүчтэй өвдөлт өгч бахарддаг. Зарим хүнд огцом өндийх босох үедээ шууд ухаан алддаг. Том бүлэн яваад судас бөглөчихвөл шууд ухаан алдаж унана. Зарим нь сэргэнэ, зарим нь сэргэхгүй байх тохиолдол байна.
-Энэ эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Эмч нар хөлийн судас чинь том байна. Та мэс засал хийлгээрэй гэж зөвлөдөг ч дийлэнх хүмүүс тоохгүй, хугацаа алдах нь элбэг. Ер нь хаа нэгэн газар бүлэнтэй, үрэвсэл үүсэж, асуудалтай байна гэвэл эмчийнхээ зөвлөсөн эмчилгээг хийлгэх нь чухал. Эдгээр шинж тэмдэг нь хэсэг хугацааны дараа амь насанд тулгамдсан хүнд өвчин үүсгэдэг. Иймээс жижиг хэсэг газрын бүлэн гэж оношлогдсон дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй байна.