Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Сурвалжилга: Сэлбэ голын тохижилт саатсанаас, баригдаж дууссан далангийн ажил голыг бохирдуулсан хэвээр байна

Сурвалжилга: Сэлбэ голын тохижилт саатсанаас, баригдаж дууссан далангийн ажил голыг бохирдуулсан хэвээр байна
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 30
Улаанбаатар хотын төвөөр урсах Сэлбэ, Дунд голыг энэ оны зургадугаар сар гэхэд тохижуулж дуусгана хэмээн албаныхан мэдээлж байсан ч төлөвлөсөн хугацаандаа тохижилтын ажил эхлээгүй, голын эрэг дагуух орчныг цэвэрлээгүй, шороон далан, түр байгууламжууд хэвээр байна. Манай сурвалжлах баг үдээс өмнө 11.00 цагт очиход тохижилт хийх бүсэд автомашинууд байршиж, зарим хэсэгт барилгын материал, хог хаягдал овоорсон байдалтай байв. Мөн том техникүүдийг далангийн ажилд оруулахын тулд гол дээр түр гүүр барьж, шороо асган дөрвөн хоолой байршуулан голын урсцыг зохицуулжээ. Гэвч энэ хэсэг нь голын усанд их хэмжээний хог, лаг урсаж, орчны бохирдол нэмэгдсэн байна. 
2023 оны долоодугаар сард нийслэлд олон хоног үргэлжлэн орсон аадар бороо Сэлбэ голын даланг сэтэлж, Дунд гол үерлэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 барилга, орон сууцны доод давхрууд усанд автгасан. Үүний дараа нийслэлийн удирдлагууд 1.4 км урт, 4.1-6.1 метр өндөр бетонон түшиц хана барих шийдвэр гаргасан бөгөөд уг ажил 2024 оны зургаадугаар сарын 20-оос 2025 оны наймдугаар сарын 20-ыг хүртэл “Билгүүн Монгол консракшн” ХХК-ийн гүйцэтгэж ирсэн.
Хотын удирдлагууд уг төслийг хэрэгжүүлснээр голын урсац, орчны бохирдлыг бууруулж, иргэд амарч зугаалах ногоон байгууламж бий болгоно хэмээн онцолж байсан. Явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг гадна тохижилтын ажил өнөөдөр эхлэх ба “Силла групп” ХХК өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа хүлээн авсан бөгөөд газар шорооны ажил, мод шилжүүлэлт, далангийн гадна бетон суурь арваннэгдүгээр сард түр зогссон байна.
“Силла групп” ХХК-ийн захирал О.Мөнхбаатар: Тохижилтод 60 гаруй хүн, 15 орчим техник тоног төхөөрөмж ажиллаж, голын хоёр талд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт хийхээс гадна 6000 орчим ам.метр талбайд далангийн дотор ханыг усанд тэсвэртэй будгаар өнгөлнө. Мөн иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс металл хашлага, сууж амрах гурван хэсэг бүхий тохижилт хийхээр төлөвлөсөн.
Нийслэлийн онцгой байдлын газраас 2023 онд Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг гаргасан. Ингэхэд хотын үерийн хэмжээ буурахгүй, харин ч дараагийн 10 жилд огцом өсөлттэй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Тэгвэл хотыг үерт автахаас сэргийлэх хамгийн чухал алхам бол үерийн далан, сувгийн системийг стандартын дагуу байгуулах, хотын дундуур урсаж буй гол үерлэж, халихаас сэргийлэх явдал юм.
Сэлбэ голын тохижилт саатаж, далангийн ажил голыг бохирдуулсан энэ нөхцөлд хугацаандаа буюу  зургаадугаар сард гадна тохижилт бүрэн ашиглалтад орж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн