УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэхүү хэлэлцүүлгээр "Туулын хурдны зам" төслийн ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийгдэж батлагдсан гэж нийслэлийн удирдлагуудаас тайлбарлаж байгаа юм.
Харин гүүрийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн бөгөөд эдгээр тооцоо бүрэн гараагүй тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн иргэдийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар шаардлага тавьж, байр сууриа илэрхийлж байна.