“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлч Л.Гантөгсийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
• • •

Эрэгтэй хүн нэг удаад ойролцоогоор 100-300 сая сперм ялгаруулдаг гэнэ. Харин түүнээс аз, ёндоо нь багтаж ядсан цор ганц нь хүн болж, энэ дэлхийд хөл тавьдаг аж л дээ. Энэ ч тэгээд байгалийн өнөө шалгарлын нэг хэлбэр байх. Хүн төрөлхтөн, тэр атугай амьд организм үүссэн цагаас л ингэж шалгарч ирсэн нь лавдаг.
Хүн төрөлхтний хувьд ийм байдаг юм байж. Харин улс орны хувьд ч ялгаа алга. Манай дэлхийд жижиг, том нийлсэн хэдэн зуун улс бий. Эдгээрээс хүн төрөлхтөн, амьд организмын мөн адилаар авхаалж самбаа, алс зүгийг харж чадсан, агшин зуурыг ашигласан нь шалгарч хөгжил дэвшлийн оргилыг олж авсан нь цөөнгүй. Тэдгээрт жижиг улс ч олон. Байгалийн нөөцтэй, нөөцгүй, хар, бор, шар, цагаан арьстай бүгд л боломжийг эхлээд харсан тэгээд түүнийг ашигласан байх юм.
Үүнийг эдийн засагт цонх үе гэж нэрлэдэг. Энэ нь дэлхийн улс орнуудын тоглоомын дүрэм өөрчлөгдөж, геополитик, технологи, капитал, бодлого гэсэн дөрвөл нэгэн зэрэг хөдлөн богино хугацаанд ховор боломж нээгдэх мөчийг хэлж буй. Ийм үе урт үргэлжилдэггүй. Бэлтгэлтэй нь үсэрч, эргэлзсэн нь хоцордог учиртай. Дэлхийн түүхэнд цонх үеийг овжин ашиглан ой тоонд багтамгүй үсрэлт хийсэн Герман, Япон, Солонгос, Сингапур, Хятад гээд улсуудыг цааш нэрлэж болно.
Эдгээрт бидний нэр ч тууж явна лээ. Сөхөж үзвэл, 1945–1955 он бол дайны дараах анхны том эдийн засгийн цонх үе байв. Бреттон Вүүдсийн санхүүгийн систем бий болж, Маршаллын төлөвлөгөө Европыг дахин босгож, АНУ дэлхийн үйлдвэрлэлийн төв болсон тэр үед геополитик, санхүүгийн шинэ архитектур, аюулгүй байдлын баталгаа зэрэгцэн бүрдэж, Герман, Япон үнсэн товрогоос босож чадсан бол 1965–1985 онд Азийн үйлдвэрлэлийн цонх үе үргэлжилж, “Азийн барсууд” төрөв. Харин 1990–2005 онд Зүүн европ, Вьетнам, Хятад зэрэг улсууд давлагааг ашиглаж, 2003–2012 онд түүхий эдийн супер цикл өрнөжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн төв Хятадаас улбаалан зэс, нүүрс, төмрийн хүдрийн эрэлт нэмэгдэн, огцом өссөн бөгөөд Австрали, Бразил, Перу, Казахстан, Монгол хүртэл энэ жагсаалтад багтаж байлаа. Жагсаалтад тууж явсан бид хаачив.
Монгол Улс энэ боломжийг 2009–2012 онд ашиглах байв. Оюу толгой төсөл бодитоор эхэлж, 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч дэлхийг алмайруулж, ГШХО/гадаадын шууд хөрөнгө оруулалт/ 4 тэрбум ам.доллар давсан. Энэ үед зөвхөн уул уурхайн салбар төдийгүй Монголын олон ч салбарт итгэл нэмэгдэж байлаа. Дэлхий бидэнд итгэж байв.
Солонгос, Австрали, Чехт аж төрөх залуус нутаг буцаж, онгоц онгоцоороо хөрөнгө оруулагчид монголын зүг жолоогоо чиглүүлж, бизнесүүд, хотын төвийн тэнгэр баганатсан шилэн барилга ээлж дараалан босож байсан цаг. Гэвч Оюу толгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, хүдрийнхээ дээжсийг авахаа хүлээн суусан 2011 оны сүүл 2012 онд “Үндэсний эрх ашгийг хамгаалан нирваан дүр олох” ТББ-ууд эрчимжиж эхэллээ. Ийм ТББ байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ байж магадгүй л байх.
Босоо, хэвтээ, ноолуурчин гээд ГШХО-ыг хазаарлагчид хөөхийг нь хөөж түүнийхээ төлөө сайдын суудлаа өгөхөөс ч буцахгүй гэдгээ амлаад амжив. Удаагаар нь “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах” хууль, гэрээг цуцлах, өөрчлөлт оруулах нэр бүхий 23 гишүүн, “Шинэчлэлийн Засгийн газар”, 34, 51, 68 хувь авах, хувь хүртэх ээлж дараалсан сюрприз өрнөж.
Бүр цаашлаад, үндэсний эрх ашгаа нэгд тавьж улсынхаа төлөө яс махаа, оюун санаагаа эцэс сүүлдээ чөмгөө дундалсан бидний цөөхөн түүчээлэгчид төрдөө, нийгэмдээ гомдож суухад хүргэсэн. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр, Сангажавын Баярцогт Оюу толгойн гэрээг авторлож, улсын төсвийн 3/1-ийг бүрдүүлэх аварга төслийг зүтгүүлснийхээ төлөө нэг нь тав, нөгөөх нь арван жилийн хорих ялаар шийтгэгдсэн халтай түүх бидэнд байна.
Гэрээг сайн, муу эсэхийг цаг хугацаа харуулна. Аль ч улс оронд алдаагүй, ашигтай анхны гэрээ хэлцэл төсөл байдаггүй байх. Байвал тэр мянгад эсхүл саяд нэг. Өөрсдийн хар толгойгоо мэдэж анх удаа “саалийн үнээ”-тэй болох бидний хүсэл “ах” нарын байгуулж өгсөн Эрдэнэтээс хойш байсангүй. Тэр хүсэл эцэст нь биелж, хэдэн арван Эрдэнэт, хэдэн арван Оюу толгойг нээгээгүйг нь нээж, нээснийг нь эхлүүлэхээр төрөх цагаа хүлээн жирэмсэлчхээд гаднаас ч, дотоодоос ч ажин суусан түүх бидэнд байна.
Энэ бүхний үр дүнд нь ГШХО гуравхан жилийн дотор 100–300 сая ам.доллар хүртэл агшиж, 2016 онд эдийн засгийн өсөлт бараг 1 хувьд ч хүрэхгүй, Засгийн газрын өр ДНБ-ий 80 орчим хувьд хүрч дараагийн бар улс болох мөрөөдөл арчигдсан харамсалтай бас хорсмоор түүх бидэнд байна.
Үүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Юмс өөрчлөгджээ. Дэлхий дахины техник, технологи, шинжлэх ухааны ачаар 200, 300 магад мянган жил бүтээдэг, босгодог зүйлс 10, 20, 30 жилд шинэ тутам бий болж байна. Иймээс ч боломж ойр, ойрхон гарах юм. 20-30 жилдээ шинэчлэгдэх тоглоомын дүрэм өнөө цагт дахин өөрчлөгдөж, дахин цонх нээгдэв.
Манай гарагийн найман тэрбум хүнээс хэнийг нь ч суга татахад нэг iPhone, бүр больё оо гэхэд зурагттай, машинтай. Машингүй ч цахилгааныг нь авах хүсэлтэй ийм цонх үе өмнө зурайж байна. Улс орнууд нийлүүлэлт, татан авалтын сүлжээгээ дахин зурж, Хятадаас хамаарах хамаарлыг бууруулах бодлогыг баримтлах болж. АНУ, Европ, Япон, Солонгосын стратегийн түвшинд яригдаж, зарим нь нүдэн дээр харилцан тохиролцож, хамтран ажиллан дараагийн зогсоол руу хөдөллөө. Тэд уран, зэс, газрын ховор бидэнд буй бүхнийг эрж байна. Түүгээрээ гар утас, зурагт, батарей, чип, цөмийн реактор, эрчим хүчний системийг үйлдвэрлэж, харин бид түүнийг нь худалдан авч байгаа нь маргаангүй үнэн.
Энэ цаг үед түүхий эд нийлүүлэгч улс орнуудын үнэ цэн өсөж, түүний зэрэгцээ шалгуур өндөрсөж байна. Тэд ил тод, нээлттэй, тогтвортой нийлүүлэгчийг хайж байгаа бол тэдний овоо хараанд бид ч бий.
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд С.Баярцогт
Гэвч бид нэг л зүйлийг буруу ойлгоод яваад байгаа улс. Идэхийг буруу гэж боддог. Үнэндээ идэх нь асуудал биш. Идэх юмгүй атлаа хэрэлдэж, идэх гэж зодолдох нь асуудал. Тогоо жижиг байхад халбага томдохоор л бие биеийнхээ гар луу цохиж эхэлдэг. Харин тогоо том бол халбага шүргэлцэхгүй.
Өнөөдөр бид яг тэр жижиг тогоон дээрээ зодолдоод байна. Газрын ховор, уран, зэс гээд дэлхий даяараа булаацалдаж буй нөөцийн дээр суучхаад “айна”, “болгоомжилно”, “хойшлуулна”, “судална” гэсээр арав гаруй жил өнгөрчхөж. Саяхан л гэхэд Халзан бүрэгтэй нэг хаалгав. Энэ мэт Монгол Улсын хэмжээнд нийт 3.1 тонн нөөцтэй зургаан орд бий. Энэ нь дэлхийд 15-д орно. “Халзан бүрэгтэй ордтой ч бай, ордгүй ч бай IPhone үйлдвэрлэгдээд л явна” гэнэ. Үнэн. IPhone үйлдвэрлэгдэнэ. Prius ч үйлдвэрлэгдэнэ.
Улс орнууд урт хугацааны гэрээ хийж, стандарт тогтоож, нийлүүлэлтийн сүлжээгээ зураад дуусаж байна. Бид харин хамаг байдгаараа “Өгөхгүй ээ” өвс, усгүй болчихоно, өвөг дээдсийн минь газар шороог сэндийчээд дууслаа гэх. Үнэндээ, бүгдийг нь сэндийчээгүй л дээ. Одоогийн байдлаар ашиглалт болон хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбай 2773 ширхэг байна. Энэ зөвшөөрөлтэй талбайн хэмжээ нь Монгол Улсын нийт газар нутгийн 4.4 хувь. Түүнийхээ нэг эсхүл түүнээс ч бага хувийн талбайд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн олборлолт, баяжуулалт явагдаж байгаа. Ингээд харвал, асар бага газар нутгаа, нөөцөө ашиглаад Кувейт шиг, Дубай шиг, Швейцар шиг болох боломж одоо ч бидэнд байна.
Харин тэр боломжийг атгах манлайлагч, түлхэж өгөх иргэд л алга. Аливаа улс оронд манлайлагчид алсыг харж, түүнийг нь нийт нь дагадаг. Эрсдэл авч, хариуцлага үүрч, шийдвэр гаргасан хүнийг ганцааранг нь үлдээдэггүй. Харин ийм хүнтэй, ийм улс төрийн соёлтой оронд дараагийнх нь эрсдэл гаргахад бэлэн.
Аварга том төсөл гэдэг ариун цагаан зүйл биш. Ашиг сонирхол, эрсдэл, алдаа, зөрчил бүгд дагалдана. Гэхдээ хөдөлгөсөн нь түүхэнд үлддэг, хөдөлгөөгүй нь шүүмжилж суудаг жишиг бий. С.Баяр, С.Баярцогт хоёрын тухай маргаж болно. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэх аргагүй, тэд эрсдэл хүлээсэн. Улс орон эрсдэлгүйгээр томордоггүй, хөгждөггүй. Бид Кувейт шиг, Дубай шиг, Швейцар шиг болохын тулд эхлээд баялаг бүтээнэ, орлогоо өсгөнө, цонхыг ашиглана, тогоогоо томруулна. Дараа нь Дубай, Солонгос, Америк, Фукет рүү туршлага судалж болно. Шар, ногоон, улаан автобус авч болно. Нэгэнт Оюу толгой, Эрдэнэт, ЭТТ, Бадрах Энержи, Халзан бүрэгтэйтэй болчихсон юм чинь нэг 600 авахаа болиод гурвыг авъя, боржин бродюраа зэс, мөнгө, алтаар бүрье. Хамгийн гол нь эхлээд тогоогоо томруулъя. Тэр тогоог томруулах С.Баяр, С.Баярцогт эсхүл тэдэн шиг нэгнийг Ерөнхий сайд, салбарын сайдынх нь суудалд суулгая.
Хэрвээ бид энэ удаа дахиад хаалгаа дотроос нь түгжээд гаднаас хүн орж ирэхийг хүлээвэл 10 биш, магадгүй 20 жил алдана. Тэр хооронд зах зээл тогтчихно, бидэнд зай үлдэхгүй. Бидэнд үлдэх нь хоосон тайлбар л байна. Тиймээс л тогоогоо томруулъя гэж хэлээд байгаа юм. Том болгоё, дараа нь хуваая, хуваахдаа хэрэлдье, идэхдээ маргалдъя, гэхдээ эхлээд хоолтой болъё.
Улс орон ядуу байхдаа хулгай дээрэм, хэрүүл талцал л ярьдаг, баян болоод ирэхээрээ дүрэм, журам, ёс суртахуун, хууль, бодлого ярьдаг. Арга ч үгүй өлсгөлөн хүнд ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй бай гэвэл утгагүй. Анхдагч хэрэгцээгээ хангаж байж гэмээнэ ярина, хэрэгжүүлнэ. Түүний тулд эхлээд баяжих хэрэгтэй.
Галтай асуудал гэдэг зүгээр нэг маргаантай сэдэв биш, галтай асуудал гэдэг нь хариуцлага, эрсдэл, улс төрийн амь насаа барьж ордог шийдвэрийг хэлдэг. Гал атгасан хүн алга ташуулдаггүй, харин хамгийн түрүүнд нийгмийн шүүхээр орно. Гэхдээ түүхэнд үлддэг нь гал тойрч зогссон хүмүүс биш, гал руу орсон хүмүүс байдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зарим орон ийм галтай замыг сонгож байгааг харж болно. Биднээс өөр нөхцөлтэй, өөр эдийн засаг, улс төртэй, өөр нийгэм ч суралцах зүйл байна. Хавьер Милей тангараг өргөснөөс хойш богино хугацаанд төсвөө илүүдэлтэй болгож, инфляцыг хяналтдаа оруулах эхний алхмуудыг хийж, өрийн дарамтыг бууруулах арга хэмжээ авсан. “Decreto de Necesidad y Urgencia” нэртэй 366 зүйл бүхий зарлигаар хэдэн зуун зохицуулалтыг хүчингүй болгож, түрээсийн үнийн хяналт, зах зээлийн хязгаарлалт, салбарын олон хоригийг цуцалсан. Дараа нь 664 зүйл бүхий “Ley de Bases” хуулийн төслийг өргөн барьж, төрийн оролцоог багасгах, хувьчлах, зах зээлийг чөлөөлсөн.
Гал атгана гэдэг ийм. Богино хугацаанд нэр хүнд унах магадлалтай, гэхдээ урт хугацаанд улс орноо өөрчилдөг. Тиймдээ ч өнөөдөр зарим улсад эрс шийдвэр гаргасан улстөрчид шүүмжлүүлсэн ч рейтинг өндөртэй хэвээр байдаг. Учир нь, тэд тодорхой байр суурьтай, тодорхой зорилготой, тодорхой эрсдэл үүрсэн.
Харин манайд том төсөл хөдөлгөсөн, эрсдэл үүрч гавьяа байгуулсныг нь яллаж, гай тарьсныг нь гавьяат тамирчин, хуульч, эдийн засагч, хөдөлмөрийн баатар болгож, гурван удаа их хурлын танхимдаа суулгаж, бүр төрийнхөө тэргүүнээр сонгосон түүх бидэнд бий. Ийм нөхцөлд дараагийнх нь хэн байх вэ? Төгс хүнийг хайж байгаа юм биш, алдаа гаргахгүй хүнийг хайж байгаа ч юм биш. Харин шийдвэр гаргах чадвартай, хариуцлага үүрэх зоригтой, алсыг хардаг, боломжийг ашигладаг хүний л эрэлд яваа. Тийм хүмүүсгүйгээр тогоо томрохгүй. Эдийн засагт хамгийн үнэтэй зүйл бол мөнгө биш, итгэл. Итгэл даахын тулд дүрэм тодорхой байх ёстой. Дүрэм тодорхой байхын тулд улс төр шийдэмгий байх ёстой, шийдэмгий байхын тулд хэн нэгэн гал атгах ёстой.
Бид одоо ч сонголтын өмнө байна. Дахиад хүлээх үү, дахин маргах уу, эсвэл тодорхой чиглэлээ зарлаад гал руу орох уу. Нээлттэй хаалга руу амжиж орох уу. Дэлхий хүлээхгүй, хөрөнгө оруулагчид хүлээхгүй. Бидэнд ийм цонх дахиж нээгдэхгүй.