Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс бензиний экспортоо хориглохоор болжээ

ОХУ дөрөвдүгээр сарын 1-нээс бензиний экспортоо хориглохоор болжээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 29
ОХУ дотоодын хэрэгцээг хангах зорилгоор дөрөвдүгээр сарын 1-нээс бензиний экспортыг хориглохоор болсон талаар ОХУ-ын Шадар сайд Александр Новак гуравдугаар сарын 27-нд мэдэгдлээ.
Энэхүү хориг нь Иранд өрнөж буй дайнаас шалтгаалан дэлхийн шатахууны үнэ огцом өссөнтэй зэрэгцэн Украины зүгээс Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй довтолгоо нэмэгдэж, тус улсын нефть боловсруулах болон экспортлох чадварыг хязгаарлаж буй үед хэрэгжиж байна.
Кремлийн мэдэгдэлд дурдсанаар Новак Оросын Эрчим хүчний яаманд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бензиний экспортыг хориглох хууль эрх зүйн зохицуулалтыг бэлтгэх үүрэг өгсөн байна. Тэрбээр дэлхийн эрчим хүчний зах зээлд үүссэн доголдол нь энэхүү шийдвэрийн гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ.
Новак “Ойрх Дорнодын хямралаас үүдэлтэй түүхий нефть болон газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх савлагаа ихэсч, үнийн хэлбэлзэл огцом нэмэгдсэн” хэмээн онцолж, үүний зэрэгцээ Оросын бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байгааг дурдсан байна.
Төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр, уг экспортын хориг долдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх аж.
Иранд өрнөж буй дайн Москвагийн шатахууны орлогыг нэмэгдүүлсэн ч (үүнд АНУ-аас Оросын нефтийн тээвэрлэлтийн зарим хоригийг түр сулруулсан явдал багтана), Украины зүгээс Оросын эрчим хүчний байгууламжуудад үргэлжилсэн довтолгоо хийснээр экспортын чадамжид томоохон цохилт өгч байна. Украины дроны цохилт, танкеруудыг саатуулах ажиллагаа, мөн голлох хоолойн эвдрэл зэргээс шалтгаалан Оросын нефтийн экспортын хүчин чадлын ойролцоогоор 40 хувь нь зогсонги байдалд орсон нь түүхэнд байгаагүй доод түвшин болжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд гэхэд л Оросын хоёр том нефть боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлд нөлөөлсөн байна. Үүнд тус улсын хамгийн эртний үйлдвэрүүдийн нэг болох Саратовын нефть боловсруулах үйлдвэр болон нийт боловсруулсан нефтийн 6 хувиас илүүг үйлдвэрлэдэг Киришийн нефть боловсруулах үйлдвэр багтаж байна.
ОХУ өмнө нь дотоодын шатахууны хомсдолыг бууруулахын тулд бензиний худалдаанд хязгаарлалт тогтоож, түр хугацааны экспортын хоригуудыг хэрэгжүүлж байсан. 2025 оны намар Оросын хэд хэдэн бүс нутагт шатахууны хомсдол үүсэж, Украины довтолгооноос үүдэн нөхцөл байдал улам дордсон тухай мэдээлж байв.
Новак есдүгээр сард Орост нефтийн бүтээгдэхүүний “бага хэмжээний хомсдол” үүссэн болохыг хүлээн зөвшөөрч, оны эцэс хүртэл экспортын хориг тавихаас өөр аргагүй гэж мэдэгдэж байсан юм. Шатахууны хомсдол ялангуяа Крымд хүчтэй мэдрэгдэж, нийлүүлэлт тасалдсаны улмаас шатахуун түгээх станцуудын тал орчим нь бензиний борлуулалтаа зогсоосон талаар Кремлийг дэмжигч Коммерсант сонин есдүгээр сарын 24-нд мэдээлж байжээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн