Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхгүй гэснийг генсек Я.Содбаатар засаг тогтвортой байх ёстой гэж дэмжжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхгүй гэснийг генсек Я.Содбаатар засаг тогтвортой байх ёстой гэж дэмжжээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 27
МАН-ын дарга нар гацаанаас гарахаар Төрийн ордны өрөө бүхэнд шахуу шөнө дөл болтол уулзалтууд хийв. Гэхдээ өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй, намынхаа Удирдах зөвлөлийг ч албан ёсоор зарлаагүй байна. Хэрвээ дарга нар нь тохироонд хүрсэн бол Удирдах зөвлөлөө зарлаад, улс төрийн шийдвэрээ гараад, асуудлыг ганц, нэгхэн хоногийн дотор шийддэг жишиг МАН-д уг нь бий. Одоо хүртэл УЗ-ийн хурлаа зарлаагүй байгаа нь Төрийн ордны өрөө бүхэнд хийсэн уулзалтуудаар дарга нар нь нэгдсэн тохироонд хүрээгүй л гэсэн үг.
Өчигдөр МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулах үүрэг өгч, тэр даруйдаа бүлэг нь хуралдсан. Бүлгийн хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцож, намын дарга, Ерөнхий сайд нар ерөнхий мэдээлэл өгчээ.
Хуралдаанд намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "хэрвээ ирэх 7 хоногийн дөрөв дэх өдөр ирцээ бүрдүүлэхгүй бол би явъя" гэжээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхгүй гэсэн байр суурь илэрхийлснийг нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дэмжиж, засаг тогтвортой байх ёстой гээд Ерөнхий сайдыг дэмжсэн байна.
Энэ хуралтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн өрөөнд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар уулзалт хийсэн. 14.00 цагаас эхэлсэн уулзалт шөнийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн гэсэн мэдээлэл байна. Тус уулзалтаар Д.Амарбаясгалан талынхан УИХ-ын даргад хүнээ томилох, эсвэл Засгийн газарт 2-3 сайдын суудал авах, хэрвээ засагт 2-3 сайдад хүнээ томилбол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай нэг тахимд ажиллахгүй, оронд нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилуулах санал тавьсан талаар эх сурвалж мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр уулзалтад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огт оролцоогүй. Улс төрийн хүрээнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар "салсан" гэсэн мэдээлэл ч гараад эхэлсэн. Үнэхээр салсан уу, салгах сонирхол байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Энэ үйл явдалтай зэрэгцээд намын даргыг УИХ-ын даргаас нь буулгаад Ерөнхий сайд болоход УИХ-ын даргын сэнтийд залрах хүсэлтэй МАН-ын гишүүд эдгээр уулзалтуудад маш идэвхтэй оролцсон байна. Тодруулбал, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-ын дараагийн дарга болохоор "гүйж" байгаа сурагтай. Харин Д.Амарбаясгалан талынхантай тохирч УИХ-ын даргад тэд хүнээ томилвол Шадар сайд асан С.Амарсайханыг УИХ-ын даргад томилуулна гэсэн мэдээлэл өнгөрсөн 7 хоногоос л гарч эхэлсэн.
Ямартай ч дарга нарын тохирооноос хамаарч дараагийн томилгоонууд хийгдэх нь.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн